С.Эрдэнэболд: Бид итгэл үнэмшлийн төлөө зөв бодлогыг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэболд: Бид итгэл үнэмшлийн төлөө зөв бодлогыг хэрэгжүүлнэ

Ардчилсан залуучуудын холбооноос залуу манлайлагчдын “Хөгжлийн зураг 2030” чуулганыг зохион байгуулав

С.Эрдэнэболд: Бид итгэл үнэмшлийн төлөө зөв бодлогыг хэрэгжүүлнэ

Ардчилсан намын IX их хурал өчигдөр /2018.12.05/ Төрийн ордонд болж, намын дүрмийн үзэл баримтлалын төслөийг танилцуулж,  Үндэсний бодлогын хорооны хуралдаан болсон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-оос залуу манлайлагчдын чуулганыг “Хөгжлийн зураг 2030” нэртэйгээр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Одоогоос 18 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэнээр өнөөгийн Ардчилсан нам байгуулагдсан түүхтэй. Ардчилсан нам байгуулагдсан ойн өдөр залуус хөгжлийн бодлогоо тодорхойлохоор нэгдсэн чуулганаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээг КАС (Конрад Аденауэр сан)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг, 21 аймгийн төлөөлөл болсон залуус нэгэн дор цуглаж, 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойллоо.  Чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, “Ардчилсан оюутны холбоо”-ны ерөнхийлөгч Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Чуулганыг нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Ардчилсан нийгмийг бий болгохын төлөө анхдагчид 30 жил зүтгэлээ. Бидэнд алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий. Одоо ачааны хүндийг үүрэх цаг залуус та нарын нуруун дээр ирлээ. Ардчиллын алтан хараацай, анхдагч, партизануудын бий болгосон ардчилал, үнэт зүйлээ бэхжүүлж, хамгаалж, дүү нартаа хүлээлгэж өгөх хариуцлагатай цаг хугацааны мөчлөг дээр залуус та нар зогсч байна. МАН-ын өнөөдрийн зовлонг АН маргааш давтах учиргүй. Залуус та нар хулгай хийчхээд худлаа ярьдаг хүмүүсийг дагах ёсгүй. Залуу хүний хамгийн том хөрөнгө бол хязгааргүй мөрөөдөл, хүсэл тэмүүлэл юм шүү. Ардчилсан нам залууст үүд, хаалгаа цэлийтэл нээж өгсөн. Одоо та нарын ажиллах, түүчээлэх, манлайлах цаг ирсэн” гэв.

“Хөгжлийн зураг 2030” чуулганы хүндэт зочноор Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал оролцсон. Тэрбээр “Сахилга гэдэг зүйлд онцгой анхаараарай. Залуучууд та бүхэнд цаг хугацаа байна. Хэдийгээр цаг хугацаа хангалттай юм шиг ч хурдан өнгөрдөг юм шүү. Цагийн менежментийг онцгой анхаарах хэрэгтэй. Хийж байгаа ажлаасаа таашаал авах хэрэгтэй. Та бүхэн хэн нэгний шахалтаар улс төрд ороогүй сайн дураараа орж байгаа гэж харж байна. Залуучуудад амжилт хүсье” гэж захисан юм.

Чуулганд оролцогчдод хандан Конрад Аденауэр сангийн суурийн төлөөлөгч Иоханн Фурман үг хэлж, талархлаа илэрхийлж, залуучуудыг зоригтой байгаарай гэсэн юм.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан чуулганд оролцогчдод хандан үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Ардчилсан намын баярын өдөр. Ардчилсан нам эрийн цээнд хүрчээ. Энэ танхимд ороод ирэхэд залуучуудын эрч хүч, энерги шууд мэдрэгдэж байна. Мөн өнөөдрийн энэ хурал Шангри-Ла зочид буудалд болж байгаа нь АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдын их том оролцоо бөгөөд зардлыг Германы байгууллагаас олж ирсэнийг онцлон хэлмээр байна. Залуу хүн бүхэнд боломж байдаг. Залуу насанд алдаа байдаг ч үргэлж биш байх хэрэгтэй. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа залуус та бүхэнд их эрч хүч харагдаж байна” гэсэн юм.

АЗХ-ны Бодлогын хорооны дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл “Ардчилсан залуучуудын холбоо: бодлогын ба стратеги зорилтууд” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Залуучуудад урам зориг дутагдаад байгаа юм шиг санагдаж байна. Асуудал тоочоод байвал маш их зүйлийг ярьж болно. Залуучууд бид өөрчлөлтийг хамтдаа авчирч гарц, шийдлийн бий болгох нь чухал байна. Үүнд дутагдаад байгаа нэг зүйл урам зориг байна. Иймээс урам зоригтойгоор цаашаа хийх зүйлүүдээ хамтраад хийе гэсэн алсын харааг томъёолохыг зорилоо” гэж дурдсан.

Мөн Эдийн засагч, Харвардын их сургуулийн төгсөгч Б.Дөлгөөн “Жөгжлийн зураг: Одоо ба ирээдүй”, Сүхбаатар дүүргийн намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир “Talent management” сэдвээр илтгэл тавьсан.

Илтгэгч Б.Дөлгөөн хэлэхдээ “1990 оны Ардчилал амар байгаагүй. Тухайн үеийн шилжилтийн үеийг харахад талханд оочирлоод, дэлгүүрт ороод авах зүйл бага байлаа. Ердөө л сонголттой хэдэн бараа лангуун дээр байсан. Өнөөдөр “Оргил”, “Макс”, “Номин” гээд хэдэн дэлгүүр байна. Энэ хөгжил мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ хөгжилд хүрэхийн тулд яг хэдэн гэр бүл салсан, хэдэн ах, эгч маань ажилгүй болж, архинд орлоо. Хэдэн хүүхэд траншейнд амьдарлаа. Энэ бэрхшээл бүхнийг бид тойрч биш дайрч гарсан. Манай улсын эдийн засгийн өсөлтөөр хамааран орлого зарим жил нэмэгдэж байна, зарим жил нь буурч байна. Үүнийг бид яаж өөрчлөх вэ. Өнөөдөр орлогоороо сайжирсан боловч ядуурлаараа ялагдаж байна. Тэгэхээр бид хөгжөөгүй гэсэн үг юм. Тэгвэл хөгжил гэдэг нь юу юм бэ.Монгол улс хөгжлөөрөө 189 улсаас 92-т эрэмбэлэгдсэн байгааг судалгаа харуулсан. Бидэнд хөгжлийг яаж бууруулахгүй авч явах гэсэн асуулт ирээд байна. Өнөөдөр бидэнд олдож байгаа боломж, мэдлэг боловсрол, бидний өмнөх үеэс хэд дахин илүү байна. Тусгаар тогтнолоо зарлаж байсан тэр үеэс өнөөдөр илүү харагдаж байна. Гэхдээ энэ бол амар ажил биш юмаа. Бид Индонез улс байх уу Чили шиг байх уу. Цаашдаа 2050 онд гэхэд эргээд ОХУ шиг байх уу эсвэл Норвеги шиг байх уу.” гэж илтгэлдээ дурдлаа.

Илтгэгч Б.Дөлгөөний илтгэлийн хэсгээс

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд хэлэхдээ “Би та бүхнээр бахархаж байна. Өнөөдрөөс эхлэн Ардчилсан залуучуудын холбоо би дарга больё, би албан тушаалтай больё, би ЖДҮ авья, би концесс авья гэж бодож байгаа бол уучлаарай. Харин алдсан итгэл үнэмшлийн төлөө бид зөв бодлогыг хэрэгжүүлнэ. Бодлого гаргах төвшинд залуучууд эерэгээр манлайлж, нийгэмд зөв тэр зүйлийг бий болгоно гэж байгаа бол та энд байх ёстой газраа байна гэж бодож байна.” гэж үдээс өмнөх хурлыг өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж