ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдгэршгүй өвчинтэй таван хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхээ амлажээ. Тэрбээр, Лхагва гаригт /2018.12.05/ Оросын сайн дурын байгууллагуудын чуулганд оролцжээ. Чуулганд ирсэн Ерөнхийлөгч Путинд эдгэршгүй өвчин туссан хүүхдүүдийн хүслийг биелүүлэх зорилготой “Надтай хамт мөрөөд” төслийг танилцуулсан байна.
Тус чуулганы үеэр хүүхдүүдийн мөрөөдлөө бичсэн дугтуйг самбар дээр байрлуулан чуулганд оролцогчид тэдгээр дугтуйнаас нэгийг нь сонгон авч тухайн хүүхдийн мөрөөдлийг биелүүлдэг байна. Төслийн багийнхан ОХУ-ын Ерөнхийлөгчийг нэг дугтуй сонгохыг хүсэхэд Путин самбарт үлдсэн таван дугтуйг бүгдийг нь авч тэдгээр дугтуйны эздийн мөрөөдлийг биелүүлэхээ амлажээ.
Эхний дугтуйнд нэгэн хүү ИЛ-96 онгоцны тухай кино бүтээхийг мөрөөддөг тухайгаа бичжээ. Путин хүүг Москва хотод урьж, тусгай нислэгийн “Россия” багийн нисгэгчтэй танилцуулж, ИЛ-96 онгоцыг үзүүлэхээ амласан гэнэ. Өөр нэг хүүхэд Санкт-Петербург хотыг шувуу нисдэг өндрөөс харахыг мөрөөддөгөө бичсэн байв. Оросын Ерөнхийлөгч түүнийг хэрэв боломж гарвал Санкт-Петербург хотын дээгүүр нисдэг тэргээр зугаалуулна хэмээн ам гарчээ. Кино урлагийг яг дэргэдээс нь харахыг мөрөөддөг охинд Путин "Мосфильм" кино студийн захирал Карен Шахназаров, найруулагч Никита Михалков нараас охиныг кино студиэр аялуулж, кино хэрхэн бүтдэгийг танилцуулах талаар асууж өгөхөө амласан байна. Нэгэн охин “Russia today” телевизийн сувагт уригдан очоод, өөрийн биеэр нэвтрүүлэг хөтөлж, сонирхолтой зочидтой ярилцахыг мөрөөддөгөө бичжээ.
Хамгийн сүүлийн дугтуйг нээхэд нэгэн хүү “Би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй гар барихыг мөрөөддөг” хэмээн бичсэн байв. Хүүгийн захидлыг уншаад Путин “Сэтгэл маш их догдлолоо. Үнэхээр төсөөлөөгүй гэнэтийн зүйл боллоо” гэж хэлээд, хүүгийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүүгийн эмч нартай уулзаж зөвшөөрөл авч, түүнийг Москвад шинэ жилийн баярт урихаа амласан байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ