Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ 2018 онд 222 аж ахуй нэгжид зээл олгохоор шийдвэр гарсан бол өнөөдрийн байдлаар 211 аж ахуй нэгж 96 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тэгвэл өнөөдөр /2018.12.06/ Авлигатай тэмцэх газар /АТГ/ болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг АТГ-ын дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нээн үг хэллээ. “Тэрбээр олон улсын авлигын эсрэг өдрийг угтан АТГ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэлэлцэх сэдэв бол сүүлийн үед олны анхааралд байгаа жижиг дунд үйлдвэрийн сангийн зээл үнэхээр зориулагдсан аж ахуй нэгж, хувь хүнд очиж чадаж байгаа эсэх ямар учир шалтгааны улмаас тус сангийн үйл ажиллагаа доголдоод байгаа талаар хэлэлцэнэ. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.
"ЖДҮ-ИЙН САНГИЙН ЗЭЭЛ ЖИНХЭНЭ ЭЗЭДДЭЭ ХҮРДЭГГҮЙ НЬ СУДАЛГААГААР НОТЛОГДСОН"
Энэ үеэр МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “ЖДҮ-ийн салбар экспортын 20 орчим хувийг буюу 600 сая ам.долларын бүтээгдэхүүнийг бий болгож байна. Нийт аж ахуй нэгж байгууллагуудын 90 гаруй хувийг энэ салбар эзэлдэг. Ингэхдээ ЖДҮ байнгын санхүүгийн дутагдалд байдаг. Статистик үзүүлэлтээс харахад ЖДҮ эрхлэгчид өнгөрсөн хугацаанд 26 мянга орчим төслийг өгсөн байдаг. Энэ нь нэг талаараа манай аж ахуй нэгж, хувь хүмүүс хийж, бүтээе хийе гэсэн эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Харин нөгөө талаараа ЖДҮ-г дэмжих сангийн зээлийн хүртээмжтэй байдлыг нь авч үзэхээр дөнгөж 20-30 хувьтай л байна. ЖДҮ-ийн сангаас зээл авахын тулд аж ахуй нэгж байгууллагууд есөн байгууллагаар орж, 30 төрлийн бичиг баримтыг цуглуулж 36 үйл явцаар дамжиж байна. Ерөнхийдөө нэг ЖДҮ эрхлэгч 200-1.5 сая төгрөгийг зарцуулж 33 хоногийн хугацаанд зээл авахад зарцуулж байна гэсэн үг. Хамгийн гол нь зээл авна гэсэн баталгаа байхгүй. Би дээр дурдсан 26400 төсөл ирснээс шийдвэрлэсэн нь 7500 төсөл буюу 20-30 хувьтай байна. Нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангийн хэрэгцээг нь аваад үзэхээр 60 орчим хувь нь 100 хүртэлх сая төгрөгийн зээл хүсдэг. Хэрэв үнэхээр сангийн үйл ажиллагаа очих ёстой хүн дээрээ очсон бол 26400 төслөөс 16700 төслийг шийдэх боломж байсан гэдэг нь харагдаж байна. Нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн хүртээмжтэй байдлаа ахиад нэг дахин нугалаад зорилтот бүлэг рүүгээ очих тэр боломж байсан байна гэдэг нь харагдаж байна.
ЖДҮ-ийг дэмжих төсөл сонгон шалгаруулалтын бүтцийг аваад үзвэл төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг ойлголт байдаг ч огт хангагдаагүй. Дийлэнх нь буюу 80 хувийг төр болон яамдын төлөөллүүд эзэлж байна. Бид судалгаа хийхэд дөрвөн аймагт худалдаа аж үйлдвэрийн танхим нь сонгон шалгаруулалтын коммист орж ажиллаж байна. Дөрвөн аймагт ажил олгогчдын эздийн холбоо орж ажиллаж байна. Арван аймагт өөр бусад төрийн бус байгууллагууд буюу оюутны холбоо, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг зорилтот бус төлөөллүүд шийдвэр гаргаж байна. Үүнийг ил тод байлгах тал дээр танхим сүүлийн арван жил дуугарч ирсэн. Таван төрийн түшмэлийн эсрэг нэг төрийн бус байгууллага байх жишээний.
Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийг дан ганц мөнгө санхүүгээр дэмжээд болж бүтэхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Санхүүгийн хөрөнгөө санхүүгийн боловсролтой нь уяж өгөх хэрэгтэй. Бичигдсэн төсөл нь зээлээ аваад хэрэгжих боломж бололцоо дээр нь дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээг уяж өгөхгүй бол энэ салбар тодорхой хэмжээнд өсч өндийхөд бэрхшээлтэй байна. 2017 онд бизнесийн орчны судалгааг Монгол Улсын их сургуультай хамтран хийсэн. Аймаг нийслэлийн 2500 гаруй ЖДҮ эрхлэгч нар хамарсан. Судалгааны дүнд засаглал хууль эрхзүйн орчин маш сул байна. Хуулиудаа нэрлэн үү гэхэд татвар, хөдөлмөр, ЖДҮ-ийн тухай хуулийг нэрлэсэн. Мөн энэ судалгаан дээр дурдагдсан өөр нэг чухал зүйл нь өнөөгийн байгаа орчин дунд аж ахуй нэгжүүдэд маш их халтай сөргөөр нөлөөлсөн дарамтыг учруулсан орчин байна. Төдийлөн жижиг болон бичил бизнес рүү дарамт нь гайгүй байгаа гэдэг нь харагдаж байсан” гэв.
Энэ үеэр ЖДҮ-ийн хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудлаар М.Энхмэндээс дараах асуултад хариулт авлаа.
"ШИНЭЭР БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙГАА ХУУЛЬД КЛАСТЕРЫН СИСТЕМИЙГ ТУСГАЖ ӨГСӨН"
–ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шинээр боловсруулагдаж байгаа хууль дээр өмнөх хуулиас юугаар онцлог вэ?
-ЖДҮ-ийн тухай хууль одоогоос арван жилийн өмнө анх батлагдсан байсан. Тухайн үед хууль хэрэгцээ шаардлагаа хангаад жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал тодорхой болж ирсэн. Гэхдээ цаг хугацааны эрхэнд хуульд нэмж засвар хийх шаардлагатай байгаа гэж үзээд УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн хуулийг санаачилсан байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар бол том, жижиг гэж ялгаагүй бүгдийг нэг тогоонд хийсэн гэсэн үг. Хуулийн нэг том дэвшил бол ажилчдын тоо, орлогынх нь хэмжээгээр бичил, жижиг, дунд үйлдвэрлэл гэж ангилсан асуудал. Ингэж ангилснаар ямар дэмжлэг хүртэх хэр хэмжээний зээл авч болох тодорхой болно. Мөн сүүлийн хэдэн жил яригдсан кластерын системийг оруулж өгсөн. Кластерын системийг хуульдаа тусгаж өгснөөр аж ахуй нэгжүүд түүхий эдийнхээ нөөц газарзүйн байрлалаас шалтгаалаад хоршиж ажилладаг болох. Ер нь бол ангилал дээр суурилсан учраас цаашдаа систем нь зөв болох болов уу гэж харж байна.
-Тухайлбал, жижиг, дунд, бичил ангилалд хичнээн хүнтэй хэр хэмжээний орлоготой үйлдвэр эрхлэгч хамаарах вэ?
-Бичил ангилалд арав хүртэлх ажилтантай жилийн борлуулалтын орлого нь 250 сая төгрөг хүртэлх аж ахуй нэгж хамаарна. Жижиг үйлдвэрлэл гэхээр 50 хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 500 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжийг хэлнэ. Харин 200 хүртэл ажилтантай жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжийг дунд хэмжээний аж ахуй нэгж гэдэг. Тэгэхээр шинэ хууль дээр бичил, жижиг хэмжээний үйлдвэрлэлийн зээлийг сангаар дамжуулан зээл олгодог байх. 500 хүртэлх сая төгрөгийг сангаар өгдөг байя гэсэн саналыг тусгаж өгсөн. Ингэж тусгасны учир нь банкаар дамжуулж зээл өгье гэхээр банкны шаардлагыг давах тэрийг давах бичил жижиг аж ахуй нэгжүүд багасаад ирж байгаа юм. Харин дунд хэмжээний аж ахуй нэгж олон жил үйл ажиллагаа явуулсан өөрийн гэсэн барьцаа хөрөнгөтэй учраас банкаар зээлээ авдаг болох нь зөв гэсэн өөрчлөлт хийж байгаа.
-УИХ-ын гишүүд тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд зээлээс авсан гэдэг асуудал олны анхааралд байна. Үүнийг шинэ хуульд УИХ гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд гэдгийг яаж ялгах уу?
-Хуулийн нөхцөл бол бүгдэд тэгш боломжийг хангана. Хуульд УИХ-ын гишүүд болон түүний хамаарал бүхий этгээд зээл авч болохгүй гэж бичих боломжгүй. Тэгэхээр улстөрчид үүнийг ёс зүйгээрээ л шийдэх асуудал. Хамаарал бүхий том аж ахуй нэгжүүд байх юм бол хууль ангилалтай болж байгаа учраас үүнд хамаарахгүй л гэсэн үг.
ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 335 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ БАЙНА
Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг авч үзвэл нийтдээ 569 тэрбум төгрөгийг засгийн газрын үнэт цаас, Монгол Улсын хөгжлийн банк, улсын төсвөөс гэхчлэн бүрдүүлсээр ирсэн. Тухайлбал, улсын төсвөөс жил бүр 130,9 тэрбум төгрөгийг зарцуулдаг байсан. Нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас гаргасан зээлийн авлага 190 тэрбум төгрөг, банкнаас авах орлого гээд бас мөнгөн дүн гарч ирнэ” гэж байсан юм. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэлд дурдсанаар “ЖДҮХС-д нийт 569.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ. Үүний 130.9 тэрбум төгрөг нь улсын төсөв, 438.9 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр байсан байна. Тус сан нь 2018 оны хагас жилийн байдлаар Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд 287.1 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлж 335.0 төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байна” гэжээ.
АТГ-ын хийсэн шалгалтаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас таван зөрчил илэрчээ. Тухайлбал,
- Төслийн журмаа зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгодог
- Олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдэл өндөр
- Хэрэгжиж эхлэх эсэх нь тодорхойгүй төслүүдэд зээл олгодог
- Хугацаа хэтэрсэн өр авлагын барагдуулалт хөөцөлддөггүй. Зохих хууль ёсны арга хэмжээ авдаггүй.
- Гэрээний хяналт хариуцлагын тогтолцоо сул байгаа нь илэрчээ.
Хамгийн гол нь төсөл сонгон шалгаруулах зээл олголтын мэдээлэл нь олон нийтэд нээлттэй бус байжээ. Мэдээллийн дутагдалтай байдлаас болоод мэдээллээр илүү байсан хүмүүст их боломж олддог гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
Э.БУРАМ