Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Хүний төлөө-зөв тус" сарын аян зохион байгуулагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. "Хүний төлөө-зөв тус" сарын аян нь барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбаруудын ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр тус аяны нээлт Шангрила зочид буудлын байранд болж өндөрлөлөө. Энэхүү сарын аяны нээлтийн үйл ажиллагаанд МХЕГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар болон Шангрилла зочид буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ажлын хамт олон орлцсон юм.
Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Ю.Галсан "Энэхүү сарын аяныг хэрэгжүүлж байгаагийн гол утга учир нь үйлдвэрийн байран дахь осол нэмэгдэн өсөж байгаатай холбоотойгоос гадна сүүлийн жилүүдэд шинэ аж ахйун нэгжүүд нэмэгдэхтэйгээр холбогдуулж ажиллах хүч нэмэгдэж байгаатай салшгүй уялдаатай " хэмээн хэлж нээлтийн арга хэмжээг нээсэн юм.
Нээлтийн арга хэмжээ эхэлсний дараа тэнд хуран цугласан ажилтан, албаны бүх хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажилд гарахын өмнөх найман тоот дасгалуудыг хийсэн юм. Энэхүү дасгалыг биеийнхээ чилээг гаргаж ажилд гарахдаа бэлдэж хийдэг юм байна. Түүний дагаагаар барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хувцас, гутал зэрэг аюулгүй ажиллагааны бүрэн бүтэн байдлыг шалгасан юм. Хамгийн сүүлд нь хяналтын инженерүүд ажилчидтай тухайн өдрийн ажлаа хуваалцаж, ямар ажил хаана гүйцэтгэх үү, түүнд шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл юу байгаа талаар ярилцаад Шангрилла зочид буудал дээр ажиллаж байгаа ажилчид ажилдаа гарсан юм.
Мөн "Хүний төлөө-Зөв тус" аяны хүрээнд хөдөлмөр хамгааллын хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, МХЕГ-ын ажилчид болон барилга, үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ирж хяналт шалгалт хийхээс гадна багаж хэрэгслийн талаар мэдээлэл авсан юм.
2014 оны байдлаар барилгын 65 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж, 26 хувь нь нас барсан нь нийт үйлдвэрлэлийн ослын 88,8 хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд ослын шалтгааныг авч үзэхэд 56,7 хувь нь өндрөөс унасан, 19 хувь нь барилгаас эд зүйл унасны улмаас, 20 хувь нь өргөх механизмын эвдрэл гэмтлээс, дөрөв орчим хувь нь цахилгааны улмаас гэмтсэн гэсэн судалгаа гарсан байна.
Б.БИЛГЭЭ