Ээжүүд “Мартын-8” хүртэл цуглана

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Ээжүүд “Мартын-8” хүртэл цуглана

Ээж бүхний дуу хоолой” facebook группын эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнүүлжээ. Тэд өнөөдөр Чингисийн талбайд   дахин цуглаж Хүчирхийллийн эсрэг хуулийг цаг алдалгүй хэлэлцэн батлах, охины хэргийг замхруулахгүй байхыг төр засаг, хууль хяналтынхнаас  шаардаж буйгаа илэрхийллээ.  “Ээж бүхний дуу хоолой” группт өнөөдрийн байдлаар 80 мянган ээж  нэгдээд байгаа бөгөөд өнөөдөр  тэдний төлөөлөл ийнхүү цугласан юм.  Ээжүүд энэ цуглаанаа  гуравдугаар сарын 8 хүртэл буюу өдөр бүр хийх гэнэ.  Тэд мөн хүчирхийллийн эсрэг ажиллаж ирсэн ТББ-уудыг эгнээндээ нэгдэхийг уриалж байлаа. Энэ үеэр “Ээж бүхний дуу хоолой” facebook группын гишүүн З.Баярцэцэгтэй уулзлаа.

-Та бүхний өнөөдрийн арга хэмжээг зохион  байгуулж байгаагийн зорилго юу вэ?

-Өнөөдөр миний, таны хүүхдийн эрх хөндөгдөж байна. Тиймээс  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хаврын чуулганд багтаан батлуулахын  төлөө бүхий л хүч чадлаараа дуу хоолойгоо хүргэж, тэмцэнэ. Засгийн газар энэ хуулийг хойш нь шидчихсэн  юм билээ. Бидэнтэй  Хүний эрхийн хуульч М.Ичинноров албан ёсоор нэгдэж, бидний дуу хоолой болж, туслалцаа үзүүлэхэд  бэлэн  гэдгээ илэрхийлээд байна. Цаашдаа хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх боломж, ямар асуудал гацаа байгааг судалж, үүнд санал бодлоо тусгахад Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой хамтарч ажиллана.  Энэ хөдөлгөөнд нэгдсэн ээжүүд  бүгд ардаа амьдралтай, үр хүүхэдтэй, ажилтай хүмүүс. Гэсэн ч энэ хэргийг замхруулахгүйн төлөө, цаашдаа олон хэрэг гаргахгүй байхын төлөө сэтгэлээрээ нэгдэн шаргуу ажиллаж байна.

-Ээжүүд гуравдугаар сарын 8 хүртэл  Чингисийн талбайд цуглана гэлүү?

– Бид гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл өдөр бүр Чингисийн талбайд  цуглана. Мартын 8-ны өдрөөр эмэгтэйчүүд хэн нэгнээс бэлэг авч, вино уугаад өнгөрдөг цаг ард хоцорсон. Энэ өдөр бол  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.  Тиймээс энэ өдрийн жинхэнэ утгыг гаргаж   өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ээжүүдийн дуу хоолой групп хэрэг гарсны дараахан байгуулагдсан. Сайн дураараа нэгдсэн ээжүүд өнгөрөгч амралтын өдөр зул өргөх ёслолыг өөрсдөө зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа нэг хүний, хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө байгаагүй гэдгийг хэлмээр байна.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж