Гадаадын зочид гийчид, жуулчид Монгол орны юунд татагддаг, юу үзэж сонсохыг хүсдэг, бид өөрсдөө Монголыг ямар байдлаар таниулахыг зорьдог тал дээр анхаарч, Монгол орноо дэлхий дахинд таниулан сурталчлах зорилгоор “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-с эрхлэн энэхүү киног бүтээжээ.
Тус кинонд Монгол орны гайхамшигт байгаль, нүүдлийн ахуй амьдрал, өв уламжлал, түүх соёл, баяр ёслол, үзмэр үйлчилгээ, дурсгалт газрууд, шашин шүтлэг, нийслэл хот, орчин үеийн хөгжил цэцэглэлтийг 56 минутын хугацаанд нилээд дэлгэрэнгүй тайлбарлаж үзүүлсэн байна.
Киног DVD болон Blu- Ray форматаар 2 төрлийн дискэн дээр монгол, англи, япон, орос хэл дээр сонгон үзэх боломжтойгоор хэвлэн гаргажээ.
Киноны зураг авалт HD форматаар хийгдсэн тул Blu-Ray болон Data файлаар том дэлгэц дээр өндөр нягтралтайгаар үзүүлэх боломжтой.
Киноны англи хэл дээрх текстийг Talk talk English сургалтын төвийн захирал Патрик Кеннеди, япон хэлийг Монгол Японы Соёлын төвийн зааварлагч Канзаки Мицүко, орос хэлийг АИСТ телевизийн нэвтрүүлэгч О.В.Нетудыхаткина зэрэг унаган хэлтэй хүмүүс нь орчуулж, редакторлаж, уншсан нь гадаадын хүмүүст үзүүлэхэд ихээхэн давуу талтай болсон байна.