НҮБ-ын Өмнөд Судан дахь “Unmiss” ажиллагааны Хойд секторын командлагч, бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа.
-Та “Unmiss” ажиллагааны хойд секторын командлагчаар томилогдоод хэдэн сарыг үдлээ. Цагийн байдлын хувьд нэлээд төвөгтэй секторт ирээд ямар ажил хийж амжуулав?
-Үндсэндээ цагийн байдалтайгаа танилцах, манайхны ярьдгаар цагийн байдалдаа орох гэж нэлээд хугацаа зарцуулах шиг боллоо. Учир нь хариуцлагын бүсийн хувьд нэг их томд тооцогдохгүй ч, хамаг болж бүтэхгүй газар орноо хойд бүсдээ хуваарилаад өгчихсөн юм шиг санагдаад байгаа. Гэхдээ надад ийм сектор өглөө гэж гомдол мэдүүлэх нь ёс зүйд нийцэхгүй. Хийх ёстой зүйлээ хийгээд л явж байна. Оны өмнө оперативын захирамжаа боловсруулж дуусаад анги, салбаруудад тараасан. Дараа нь батальоны захирагч болон ажиглагч, холбогч нартай цугларалт зохион байгуулсан. Цугларалтын гол зорилго нь оперативын захирамжийг захирагч, дарга нар хэрхэн ойлгосон талаар буюу командлалаас өгч байгаа үүргийг захирагч нар хэрхэн ойлгож, судалсан талаар илтгэл сонсоход оршиж байсан. Бид энэ сэдвээ амжилттай боловсруулж чадсан гэж үзэж, оперативын анхны захирамжаа энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөж эхэлсэн. Үүнийг UNMISS-ийн цэргийн дээд штаб руу мэдэгдэж мөн өдрөөс эхлэн хойд бүсийн анги, салбарууд дээд штабаас шууд тушаал захирамж авч байгааг зогсоож секторын командлалаас авч байхаар тогтсон. Бидний боловсруулсан удирдамжийг хүчний штабынхан үзээд “Таныг зөвшөөрвөл танай оперативын удирдамжийг бусад секторт загвар болгож өгмөөр байна” гэсэн нь надад их урам өгсөн. Түүнээс гадна, энд ирээд анги, салбаруудад өгсөн хамгийн анхны үүрэг бол газар орноо сайтар судлах, ялангуяа зам харгуйн нөхцөл байдалд үнэлгээ хийж, энэ талаар мэдээлэл цуглуулах асуудал байсан. Энэ асуудал ч боломжийн хийгдсэн гэж үзэж байгаа.
-Та ирсэн өдрөөсөө эхлэн анги, салбаруудаар явсан, манай батальоноор ч ороод гарсан. Ер нь ар талын хангалтын байдал секторын хэмжээнд ямар байна вэ?
-Цэргийн аливаа командлагч, захирагч нар ажлаа хүлээж аваад анги, салбаруудынхаа байдал, тэдгээрийн үүрэг гүйцэтгэх боломж, ахуй нөхцөлтэй танилцдаг. Манай хариуцлагын бүсэд Монголын батальоноос гадна Гана, Энэтхэг, Руанда, Этиопын батальонууд байдаг. Жуба (нийслэл) хотод ирээд танилцах курсээ дуусгаад UNMISS-ийн хүчний командлагчтай уулзаж байхад Монголын батальоны байрлаж байгаа Бентью хотод сөргөлдөгч талууд байлдаж эхэлсэн, улмаар тус баазад орон гэрээсээ дайжигсдын хуаранд артиллерын хоёр ч сум уналаа гэсэн мэдээ ирж, хүчний штабаас телефон утсаар манай батальоны захирагч, хурандаа М.Батчулуунтай ярилцлага хийж дүгнэлт гаргаж байсан. Тэр үед би ангиудаар явах ажлаа Бентью хотоос эхлэх нь зүйтэй юм гэж бодож байсан ч “Хойд секторын командлагч зөвхөн монголчуудыг удирдахаар ирсэн юм байна” гэдэг яриа гарахаас сэргийлж секторын штаб байрлах ёстой Малакал хот руу явсан. Малакалын ангиудтай танилцаж дуусаад, Монголын батальон байрладаг Бентью хотод ирж байдалтай танилцаж, батальоны төвөөс алслагдсан Париан дахь салбар, Ийда дахь салааны байдалтай танилцсан. Үүрэг гүйцэтгэлийн талд санаа зовох зүйл алга. Ийда дахь салбарын хангалтын байдал нэлээд төвөгтэй байна. Гэхдээ учрыг нь олж болох байх. Харин Бентью хотын хувьд зам харгуйн байдлаас болоод төвөөс тасарсан, зөвхөн агаараас бага хэмжээний хангалт хийдэг байдал ажиглагдсан.
-Одоо явагдаж байгаа ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Одоо явагдаж байгаа хамгийн том ажиллагаа бол Бентью хот руу хангалтын зам гаргах. Стратегийн хувьд ч оперативын хувьд ч энэ зам Юнити мужид амьдарч байгаа ард иргэдээс эхлээд сөргөлдөгч талууд, төр захиргааны байгууллага, НҮБ, хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гээд бүгдэд нь хэрэгтэй зам юм. Энэ ажиллагаанд Монголын батальон гол үүрэг гүйцэтгэж байгаа. Монголын батальоныхон сарын дотор энэ замыг тандан судлах туршуулын ажиллагаа явуулсан. Шаардлагатай зарим хэсгүүдийг энэтхэгийн цэргийнхэнтэй засварлаж, газрын мина байж болох хэсгүүдийг НҮБ-ын газрын мина цэвэрлэх багийнхантай цэвэрлэж дуусгасан. Хамгийн хэцүү нь энэ замыг дайтагч талуудын аль аль нь хяналтдаа байлгах гэж оролддогт байгаа юм. Одоогийн байдлаар уг зам засгийн газрын цэргийн мэдэлд байгаа ч үүгээр засгийн газрын цуваа явахаас болгоомжлоод байдаг бололтой юм. Тэгээд манай батальоны удирдлага тусгай нислэгээр очиж сөрөг хүчнийхэнтэй уулзаж, аюулгүй байдлыг хангуулах талаар ярилцахад баталгаа өгч чадахгүй, гэхдээ та нарыг дайрахгүй гэсэн байна. Бентьюгийн баазад үүрэг гүйцэтгэж байгаа салбаруудаас техникийн бэлэн байдлаараа ч тэр үүрэг гүйцэтгэх чадвараараа ч тэр монголчуудын хамгаалалтан дор бүх цуваа орж ирэх юм. Энд алба хаасан цэргийн алба хаагчид Маём орох 90 гаруй километр замыг сайн мэднэ. Одоо манайхны авчирч байгаа цуваа бол Маёмоос цааш 60 орчим километрт байдаг Абеймномоос гарч байгаа цуваа. Энэ цувааг Монголын батальоны штабын дарга, дэд хурандаа Т.Буянбат авч явсан.
-Таны удирдаж байгаа секторт гадаад дотоодын олон цэргийн алба хаагчид байгаа. Тэдний үүрэг гүйцэтгэлтийн талаар?
-Янз янзын үндэстний цэрэг удирдах нэг бодлын сонирхолтой ч юм шиг нөгөө талаар тун яггүй юм байна. Зарим нь угаасаа номхон даруу, дуулгавартай, ёстой нөгөө мэдлээ гүйцэтгэе гээд л гүйцэтгэж байхад нөгөө хэсэг нь мэдлээ гүйцэтгэе гэж хэлээд гүйцэтгэж байгаа юм байхгүй тэгс гээд орхидог ч байх. Тухайлбал, энэ чиглэлд эргүүл хийгээд, зам судлаад ир гэхэд яваад ирдэг ч тэр замынхаа талаар мэдээлэл цуглуулж ирдэггүй. Эргүүл хийсэн тухай илтгэлээ өг гэхээр зарим гол үзүүлэлтийн талаар юу ч байхгүй ирдэг. Тэгээд л ажиллагаагаа давтах хэрэг гардаг. Хэдийгээр техник хэрэгсэл муутай ч Этиопын цэргүүд дуулгавартай, Руандагийн цэргүүд тайлбар их тавьдаг ч бас л сайн цэргүүд байдаг. Хамгийн сайн нь монгол цэргүүд. Бид цөөхүүлээ болоод тэгдэг юм уу нэг хүн маш олон зүйлийг хийж чаддаг, ямар ч нөхцөл байдалд ажиллах учраа олдог, хүнд их тусархуу гэх мэт нийтлэг чанар байна. Энд цэргүүд зүгээр сууна гэж үгүй, заавал хүнд хэрэгтэй нэг юм хийж байдаг. Автомашинд нь эвдрэл гарсан бол болохоо байчихсан гээд бусад улсын цэргүүд хөлөө жийгээд сууж байхад монгол цэргүүд түүнийг нь засаад хөдөлгөөд л ирж байх жишээтэй. Би гадаадынхан монголчууд сайн гээд магтаад байхад нь “цаасан малгай” өмсгөж байна гэж боддог байсан. Энэ Юнити гэдэг мужийг тэр чигт нь авч яваа хүмүүс бол хурандаа М.Батчулууны батальоныхон. Саяхан НҮБ-ын дүн шинжилгээний хүмүүс ирээд уулзалт зөвлөгөөн хийж, цэрэг, цагдаагийнхан НҮБ-ын бусад байгууллагатай хэрхэн ажиллаж байгааг асуухад энэ баазад манайхантай цуг байрладаг Гана, Эфиопын цэргүүдийн тухай огт ярихгүй, монголын батальоныхон л гэж ярьж байна. Би секторын командлагч гээд эндээс бараг 500 километрийн зайтай Малакал гэдэг газар Секторын штабт байрладаг, штаб маань хүн хүч муутай болохоор Беньтюд нэг их ирээд байдаггүй. Тэгээд ч Малакал хотын Дээд Нил Муж гэж бас үймээн самуунтай газар. Тийм болохоор Юнити мужийн асуудлыг хурандаа М.Батчулуунд өгөөд орхисон байхад сэтгэл зовох юмгүй байдаг.
-Цагийн байдал өнгөрсөн жилийн мөн үеийг бодоход харьцангуй гайгүй байгаа юм шиг. Ер нь цагийн байдал тайван байдалд шилжиж байгаа шинж ажиглагдаж байна уу?
-Сайжирч байгаа гэж үзэж болно. Ажил үүргийнхээ дагуу би монголд байхдаа энд болж байгаа үйл явдлыг сонирхдог байсан. 2013 оны 12 дугаар сард эхэлсэн үймээн самуун улс даяар болж байсан бол өнөөдөр хойд мужуудаар болж байгаа. Үүний хажуугаар Судан буюу хойд Суданыхан энэ улсын сөрөг хүчин гэж нэрлэгдээд байгаа хүчнийхнийг янз бүрээр дэмждэг асуудал байдаг нь илэрхий болсон. Үнэн хэрэгтээ сөрөг талынхны удирдагч Рэйк Мачар гэдэг хүн цагтаа хойд Суданыхантай нийлж өмнөд Суданыхаа эсрэг байлдаж байсан юм билээ. Тэгээд хуучин андуудаасаа тусламж хүсдэг, нөгөөдүүл нь агаараас зэр зэвсгийн тусламж хаядаг гээд тайлбарлахад бэрхшээлтэй асуудал их байна. НҮБ-ын хувьд хамгийн хүнд ачааг үүрсэн хүмүүс бол тэр 2013 он шувтрах үед болсон хямралын үеийг туулсан энхийг сахиулагчид гэж би үздэг. Хурандаа Б.Эрдэнэбат цэргээ дайн байлдаан болж байгаа газар орноор дамжуулан 300 гаруй километр газраас татан гаргаж чадсан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гаргасан шийдвэрээр орон нутгийн 45 мянга орчим иргэдийг бааздаа байрлуулж, тэдний амь насыг хамгаалах гэж хэдэн сар нойр хоолгүй байсан гээд маш хүнд үеийг туулсан. Гэтэл одоо гэр оронгүй болж, дайн байлдааны хөлөөс дайжсан хүмүүст тулгараад байгаа аюулыг НҮБ-ынхан бүрэн хяналтдаа авсан байна.
-НҮБ-ын ажиллагаанд секторын командлагчаар томилогдон ажиллаж байгаа хүний хувьд ямар асуудал дээр анхаарлаа хандуулж байна вэ?
-Шинээр олон үндэсний штаб байгуулах, ажиллаж амьдрах байр бэлтгэх гээд ажил ихтэй байсаар саяхан штабын офицерууд гэсэн хэдэн хүнтэй болж байна. Тэд нар маань бүрэн гүйцэд ирчихвэл жижүүр манааны асуудлаас эхлээд ажил гайгүй болох байх. Гол анхаарлаа хандуулах чиглэл бол Ийда хотод байгаа Монголын салааг хэрхэх асуудал. Түүнээс гадна Суданы иргэний дайны хөлөөс дайжиж цугларсан 170 орчим мянган дүрвэгсдийн асуудалтай Пунж гэдэг хотод хүч нэмэгдүүлэх асуудал гээд ерөнхийдөө энхийг сахиулагчдын ахуй хангалт, хамгаалалтын асуудлуудыг шийдэх томоохон ажлууд байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан 2155 тоот мандатын дагуу цэргийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдаад цэрэг хандивлагч орнууд цэргээ илгээж эхэлсэн. Гэтэл зарим улс цэргээ байх ёстой тооноосоо дутуу илгээсэн, зарим улсын цэрэг ирчихээд байхад байр савных нь асуудлыг шийдээгүй халуун наранд платаканд амьдарч байх. Тэр бүү хэл шаардлагатай зэвсэг техникээ авч чадаагүй улсууд ч байна. Ер нь миний бодож байгаагаар дэд бүтэц маш муу хөгжсөн энэ улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаа хамаг хөрөнгөө агаарын тээвэрт өгөөд дуусдаг бололтой юм.
-Сөргөлдөгч талуудын удирдлагатай хэр зэрэг холбоо тогтоож байна. Тэд НҮБ-ын цэргийнхэнд ямар байдлаар ханддаг вэ?
-Байлдаж байгаа талуудын цэргийн удирдлагуудтай уулздаг юм. Тэдэнтэй уулзаж өрнөж байгаа цэргийн ажиллагааны талаар, газар орны байдлын талаар, ялангуяа дайн байлдааны хөлөөс дайжсан иргэдийн хөдөлгөөн, тооны талаар гээд ярилцахгүй зүйл байхгүй дээ. Тухайлбал, өчигдөр сөрөг хүчний генералтай, өнөөдөр засгийн газрын цэргийн генералтай уулзаж монголын батальоны цуваа авч ирэх замын аюулгүй байдлын талаар ярилцлаа. Засгийн газрын цэргийн дивизийн командлагч “Зам манай цэргийн хяналтанд байгаа” гээд нэлээд нааштай хариу өгч байна. Харин сөрөг хүчний командлагч “Наад замаар чинь засгийн газрын цэрэг хангалтаа хийгээд байгаа учир бид та нарт баталгаа өгч чадахгүй, гэхдээ танай цувааг дайрахгүй” гэсэн зүйл хэллээ. Иймэрхүү маягаар “Танай тэр тосгонд очиж үзмээр байна, цэргүүддээ биднийг явж байгаа талаар анхааруулаач” эсвэл “Тэнд орон гэргүй хүмүүс байна, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлмээр байна” гэх зэрэг үндсэн асуудлуудыг тэдэнтэй ярилцдаг. НҮБ-ынханд хандаж байгаа хандлагын хувьд засгийн газрын цэргүүд нь бидэнд тийм ч таатай хандаад байдаггүй.
-Энэ жил уг нь Өмнөд Судан Улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой. Харин нөхцөл байдлаас болоод энэ сонгууль явагдах үгүй нь тодорхойгүй байгаа гэх юм?
-Эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрэв улсынхаа цэрэг, улс төрийн нөхцөл байдлыг мэддэг, мэдэрдэг удирдагч нар бол сонгууль явуулах шаардлагагүй л юм шиг санагдаад байгаа. Учир нь манай секторын иргэдийн олонхи нь НҮБ-ын мэдлийн хамгаалалтад буюу НҮБ-ын баазуудад орогнож байгаа. Хууль ёсоор НҮБ-ын байрлалд ирж сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуулийн санал авах асуудал байж болохгүй гэж миний хувьд бодож байна. Сонгууль боллоо гэхэд энэ улсын цэрэг улс төрийн байдал улам муудна уу гэхээс сайжрах магадлал огт байхгүй. Тэгээд ч олон улсын хамтын нийгэмлэг сонгууль явуулах, явуулахгүй талаар арга хэмжээ авах байх. Саяхан Дээд Нил мужийн амбан захирагчийн орлогч НҮБ-ынханд хэлж, мэдэгдэлгүйгээр баазад ороод сүм хэмээх мөргөлийн газар очоод гарч явахдаа НҮБ-ын баазад орогнож байсан хүмүүст зодуулаад эмнэлэгт хүргэгдсэн асуудал гарсан. Бидний хувьд тэр түшмэл сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар явж байсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.
-Секторын командлагчийн хувьд өөрийн улсын батальоны бие бүрэлдэхүүнд хандаж юу хэлмээр байна?
-Хамгийн түрүүнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа та бүхэнд баяр хүргэх ёстой. Эндээс сурах их юм байна. Манай цэргийн алба хаагчид тактикийн түвшинд хэнээс ч дутахгүй ажиллаж байгаа. Харин оперативын түвшинд юу болоод байгаа, ямар үйл ажиллагааг яаж зохион байгуулаад байгааг хүчний командлалын штабт ажиллаж байгаа офицерууд болон Бентьюд ажиллаж байгаа батальоны штабын офицерууд суралцах хэрэгтэй байна. Удирдлагын дээд түвшинд гарч байгаа баримт бичгүүдийн цаад агуулга нь юундаа байна, манай зэвсэгт хүчинд үүнийг яаж хийдэг зэргийг ялгаад авчих хэрэгтэй. Бусад үйл ажиллагаанууд, тухайлбал, байлдааны болон ар талын хангалтууд нь үндсэн ажиллагааны төлөвлөгөөндөө захирагдаад хэрэгждэг. Иймэрхүү зүйлсийг судлаад авчихвал тухайн офицер, ахлагч байлдааны ажиллагааны төлөвлөлтийг ямар ч үед ойлгоод ажиллах боломжтой болох юм.
Эх сурвалж “СОЁМБО” сонин