Урьд шөнө Улаанбаатар хотод -30 градус, Яармаг-Сонгинын орчмоор бүр 34-36 градус хүйтэрчээ. Өнөөдөр 24 градус хүйтэн байхыг Ус цаг уурынхан мэдээлжээ. Диспетчерийн үндэсний мэдээнд дурдсанаар Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ өчигдөр 2017 оны жилийн хамгийн өндөр үзүүлэлтийг зааж, 1117 МВт цахилгаан хэрэглэсэн байна. Шөнийн хэрэглээ 780 МВт.
Төвийн эрчим хүчний системийн оргил ачааллын үе нь арванхоёрдугаар сарын сүүл ба нэгдүгээр сар байдаг. Өнгөрсөн өвөл буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал нь 1081 МВт байжээ. Гэтэл энэ өвлийн хүйтэн өдрүүд эхлээ ч үгүй байхад төвийн эрчим хүчний систем өнгөрсөн жилийнхээс ч өндөр ачаалалтай ажиллаж байна.
Ийнхүү нийслэлийн эрчим хүчний хэрэглээ хүйтний эрч нэмэгдэхийн хэрээр өсч, хүчин чадлаасаа хэд дахин давсан ачаалалтай ажиллаж буй дулааны цахилгаан станцууд энэ өвлийг өнтэй давах эсэх нь Ц.Даваасүрэнгийн хавар, зун, намар хэр их улстөржсөн хийгээд өвөлд хэрхэн бэлтгэсний шалгуур болох нь.
Хамгийн гэгээнээр бодоход нийслэлийн орон сууц, албан байгууллагын халаалт муудах, бүр муугаар бодоход өнгөрсөн есдүгээр сард болсон Улаанбаатар даяарх тэг зогсолт дахин нүүрлэж мэдэх эрсдэл эрчим хүчний салбарт нэгэнт бий болсон байна.
Нийслэлийн дийлэнх хэсгийг эрчим хүч, дулаанаар хангадаг ДЦС IV-ийн хүчин чадлыг Ардчилсан намын үед, 2014 онд 123 МВт-аар нэмэгдүүлж, Амгалангийн цахилгаан станцыг шинээр барьсан бөгөөд үүнээс хойш эрчим хүчний эх үүсвэрийг барих, нэмэгдүүлэх ажил МАН-ын үед хийгдээгүй юм. Харин нийслэлийнхний эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч, ДЦС IV-т гарсан тэг зогсолтыг техникийн ажилтан руугаа чихээд өнгөрснийг эс тооцвол Ц.Даваасүрэн сайд болсноосоо хойш Өмнийн говийг эрчим хүчээр хангахад хамтран ажиллах гэрээгээ цуцалснаас өөрөөр юу ч хийгээгүй гэхэд болно. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай 2014 онд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” бол Монголын талд ашигтай байсныг эдийн засаг ойлгодог бүхэн хэлдэг. Харамсалтай нь, Тавантолгойн цахилгаан станцын гол хэрэглэгчтэй хийсэн гэрээг цуцалснаараа энэ төсөл цаашдаа амжилттай хэрэгжих эсэх нь ойлгомжгүй болж үлдсэн юм.
Дөрөвдүгээр ДЦС-ад гарсан осол бол энэ өвлийн дохио байв. Товчхондоо, Улаанбаатарын эрчим хүчний эх үүсвэрүүд ачааллаа дийлэхээ больсны, хэзээ нэгэн цагт хот бүхэлдээ хөлдөж мэдэх аюулын харанга байсан. Нийслэлчүүд болоод Ц.Даваасүрэн сайдын азтай нь намрын налгар цагт таарснаас биш өвлийн ид хүйтэнд эрчим хүчний тэг зогсолт болбол юу болохыг есдүгээр сарын тэр нэг өдрийн үйл явдал бидэнд сануулга, анхааруулга болсон билээ.
Монгол Улсын Засгийн газрын буюу илүү тодорхойгоор хэлбэл МАН-ын эрх баригчид 2016-2020 оны хооронд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөхөө амласан.
Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл барих ТЭЗҮ-ийг нь боловсруулж байгаа гэхээс өөрөөр шинэ мэдээ алга. Гэтэл нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 10 хувь өсч байгаа гэсэн тоог яамныхаа албан ёсны сайтад бичжээ.
Хэрэвзээ хөхөө өвлийн хүйтнээр ДЦС IV тэг зогсолт хийвэл өнгөрсөн есдүгээр сарынх шиг “юу ч болоогүй юм шиг өнгөрөх” боломжгүй бөгөөд Улаанбаатар хот хөлдүүс болж мэдэх аюул ойрхон байгааг салбарын сайд нь өвлийн бэлтгэлээ базаахдаа тооцоолсон биз. Учир нь, Диспетчерийн үндэсний төвөөс гаргадаг өдөр бүрийн хэрэглэсэн тог цахилгааны мэдээллээс харахад хот хөлдөж мэдэх муу совин татаад байна.
Ердөө долоохон хоногийн өмнө 40 гишүүний кноптойгоор тогтож үлдсэн У.Хүрэлсүхийн засгийн хувьд 2019 он бол хатуугийн хатуу жил байх юм. Учир нь, 2019 он сонгуулийн өмнөх жил бөгөөд өнгөрсөн хоёр жил МАН-ынхан хэрэлдэж өнгөрөөсөн өдрүүдээ нөхөж ажиллах ганцхан жил л үлдэж байна. 2020 он бол аль, аль намын хувьд популизм хийдэг жил. Тиймээс У.Хүрэлсүхийг дэмжсэн “ард түмэн”-дээ У.Хүрэлсүх ямар бэлэг барих нь, эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэрүүд хэзээ баригдах нь хүлээлт хэвээр байгааг сануулъя.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ