МЗХ, МОХ, МСХ зэрэг байгууллагууд энэ сарын 03-аас яамд, төрийн байгууллагуудаар аялж, авлига авдаггүй, үнэнч шударга, сайн төрийн албан хаагчид олон байдаг юм гэдгийг олон нийтэд мэдүүлэх, шударга төрийн албан хаагчдыг алдаршуулах зорилгоор “Бичгийн хавчаар” аяныг эхлүүлээд байна.
Тодруулбал, “Бичгийн хавчаар”-ыг авлигын эсрэг хийж буй үйлдлийн билэг тэмдэг болгон, үнэт зүйлдээ үнэнч, шударга ёсыг эрхэмлэгч залуусын гоёл байхаар тооцжээ. Түүнчлэн бичгийн хавчаар сонгосон шалтгаан нь төрийн байгууллагын албан хаагчид, залуус үнэт зүйлээрээ нэгдэж байгааг илэрхийлж байгаа хэрэг юм байна. Үүнээс гадна, бичгийн хавчаар зүүсэн хүнтэй авлига өгөх, авах талаар яриад ч хэрэггүй, тэр хүн үүний эсрэг байдаг, түүндээ үнэнч гэдгийг хараад л мэдэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
“Бичгийн хавчаар” аяны хүрээнд ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрынхан Татварын ерөнхий газрын Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийн гишүүн Ш.Эрдэнэцэцэгтэй хамтран авлигын эсрэг нэг үйлдэл хийж, авлигагүй иргэн, авлига өгөхгүй, авахгүй гэдгээ биеийн хэлэмжээр илэрхийлэх, мөн өөрийн үнэт зүйлсийн нэгийг шууд таниулах “Бичгийн хавчаар” аяныг байгууллага дээрээ зохион байгууллаа. Ийнхүү “Бичгийн хавчаар” аянд Татварын ерөнхий газрын албан хаагчид нэгдэж буйгаа илэрхийлэн, бүгд бичгийн хавчаараар гоёлоо.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР