Засгийн газрын 2018 оны өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга /ТАБЗГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осороос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ.
Сануулахад, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор өөрийн эзэмшлийн компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд холбогдож, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ