Ц.Нямдорж: Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

LiveЦ.Нямдорж: Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй

Ц.Нямдорж: Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй
15 : 52
2018-12-6

Ц.Нямдорж: Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай  хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхтэй холбогдуулан нэрсээ өгсөн гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас  асуулт асуух байсан ч тэрбээр чуулганы хуралдаандаа орж ирээгүй тул тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ашигт малтмалын тухай  хуулийн төслөөр АН-ын бүлэг долоо хоногийн завсарлагаа авч байна гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү Бүлэггүй нам яаж завсарлага авч байгаа билээ. Дарга минь та завсарлага өгчих юм бол бөөн хэрүүл болно шүү.  Хуулиа баримталж ажиллана шүү. Архи, тамхи, алтны компаниуд  маш лоббитой. Сайд нь ажлаа хийхгүй гээд явчихлаа. Сайдад хариуцлага тооцдог хуулийн өөрчлөлтийг хиймээр байна, Д.Лүндээжанцан даргаа.   Үгүй бол Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр гараад төр барьж тоглодог жүжиг байж болохгүй. Тиймээс сайд нь өөрөө асуудлыг хэлэлцүүлээгүй гэдэг горимын саналаар  хуулийг нь унагаая. МАН-том байртай ш дээ.Хэрүүлээ байрандаа очиж хийгээч ээ. Төрийн ордонд хийдгээ болъё. Ард түмэн та нарыг сонгосноор буруу байхгүй. Сонгогдсон бол зөвхөн хуулийн дор ажиллах ёстой. Сайд нь хүндэтгэх шалтгаангүйгээр   чуулган хаяж явна гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил.

АН-ын бүлгийн асуудлаар одоогоор надад бичиг ирээгүй байна гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тодотгоод Тамгын газраас  уг асуудалд тайлбар өгөхийг хүссэн юм. үүнд Тамгын газраас хариулт өгөхдөө “Одоогоор АН-ын бүлгээс албан бичиг УИХ-ын даргад ирүүлээгүй байгаа учраас завсарлага авах бүрэн эрх нь хадгалагдаж байгаа” гэв.  

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Ашигт малтмалын тухай  хуулийн төсөл хэлэлцэгдээд эхэлчихсэн. Тиймээс үргэлжлүүлэн хэлэлцэх эсвэл буцааж татъя гэдгийг санал хураалтаар шийдье. Манай сайд нар ЖДҮ, Үндэсний үйлдвэрлэгч нараа ялгахаа байчихсан. Газрын  доорх баялгаа ухаж байгаа нөхдөө үндэсний үйлдвэрлэгч гэж хэлээд байгаа юм. Гэвч үгүй юм гэдгийг онцолж хэлмээр байна. Уул уурхайгаар дагнасан 30 гэр Монголыг цөлмөж байна  гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хэлсэн. Уг хуулийн төслийн өөрчлөлтөөр 30 гэр бүлийг дэмжсэн хуулийн төсөл оруулж ирснээ  Ерөнхий сайд эргэн хармаар байна. Ард түмнийг өмчийг тэнцвэртэй хүргэнэ гэж өөрөө хэлж уриалсан хүн шүү дээ.

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  “Өнөөдрийн чуулганыг завсарлуулаад асуудлаа дотооддоо яръя гэсэн горимын саналтай байна гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүлье гэдэг горимын санал гаргахад  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “М.Энхболдоо өөртэй чинь холбоотой асуудал үүсчхээд байхад үүнийгээ ярихгүй юм. Хэдэн удаа  хэлүүлэх гээд байгаа юм. УИХ нь асуудалд орчхоод байхад Засгийн газар л гээд байх юм. Энэ асуудлаа шийд. Танд зөндөө хэлсэн. Нэг удаа ч биш бүтэн жилийн турш ярьж байна. 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ танхимаас гарчхаад байхад яаж цааш нь удирдах гээд байгаа юм.

Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү, Ж.Мөнхбат аа. Сонгууль явуулахад асар их зардал гардаг. Та нар Украйн шиг болгох гэж байгаа бол би чадах хүртлээ явна шүү.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Үүссэн асуудалд шийдэл хэрэгтэй. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дор УИХ-ын  үйл ажиллагаа явагдах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газар бойкотолж байгаа нь анхны үйлдэл биш л дээ. Энэ байдал нь өнөөдөр ноцтойгоор давтагдлаа. Ерөнхий сайд нь чуулганы танхимд орж ирж УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулах, ард түмнээ үймээн самуунд уруу татах цаашлаад Үндсэн хууль руу дайрах, Үндсэн хуулийн бус аргаар УИХ-ын бүрэн эрхэд халдах зэрэг бүдүүлэг алхмыг хэд хэдэн удаа гаргасан. Өнөөдөр Үндсэн хуулийг хамгийн ноцтойгоор зөрчлөө. Засгийн газрын сайдыг нь томилоод өгье гэж байхад Ерөнхий сайд нь орж ирдэггүй, Засгийн газрынхаа сайд нарыг мөн хуралдаанд оруулж ирдэггүй ингэж л бойкотолж байна.  Засгийн газар, Ерөнхий сайд бол Үндсэн хуулийн өмнө Монгол Улсын бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас Засгийн газарт шаардлага хүргүүлэх горимын санал гаргаж байна” гэсэн юм. 

Тус горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад  гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ. Мөн “Өнөөдөр хэлэлцэж буй асуудлаа түр хойшлуулъя гэсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гаргасан  горимын санал 62.8 хувиар дэмжигдлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

13 : 26
2018-12-6

 “Хамгийн шударга  гишүүн гэх  Т.Аюурсайхан хууль бусаар алт ухдаг”

Ашигт малтмалын тухай  хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ирэх оны эхний өдөр дуусгавар болох алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгахаар уг хуулийн төсөлд тусгасан.

Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан. Хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоо байгаагаасаа 2 дахин нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Алт бол ард түмний өмч гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар зөв хэллээ. Ард түмэнд дээр очих ганц зам нь татвар. Тийм учраас бид  алтны татвараа нэмэх ёстой. Манайх шиг бага татвартай улс байхгүй. Хяналтаа мөн сайжруулах  шаардлагатай байна. Алтны хулгайтай тэмцэх асуудлаа бид хуулийнхаа дагуу тавья. Ард түмэндээ хэдэн төгрөгөө хүртээхээ бодъё гэвэл татварыг нь нэмэх ёстой. Алтны хулгайтай тэмцмээр байна шүү, сайд аа. Хамгийн шударга  гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар алт ухаж байгаа шүү. 30 гэр бүлээс гадна эрх мэдэл, мэдээлэлтэй ойр хүмүүс л алтыг ухаж байгаа. Алтыг ард түмэн рүү очих ганц замаар нь очуулъя. Эдийн засгаа өөд татъя гэж байгаа бол татвараа нэмэх ёстой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Татварын хувь хэмжээг хэзээ ямар болгохоо сайтар  ярих хэрэгтэй. Одоо эдийн засгийн өсөлт нөхцөл байдлаа хар л даа. Монгол улсын эдийн засаг түвэгтэй байдалд байна шдээ. Өөрийнхөө үзэл бодлоор би алтны татварын асуудалд хандаад байгаа зүйл биш.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Хуулийн төсөлтэй танилцлаа. Дэмжиж байна. Нөөц алтаа  хууль бусаар хил давуулдаг  ажиллагаа уг хуулиар бүрэн зогсоох  мэдээж боломжгүй. Энэ чиглэлд бусад хуульдаа сайтар тусгаж өгөх ёстой. Хууль эрхзүйг сайжруулах  чиглэлд хэрхэн анхаарч байна вэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Хяналт тун муу байгаа. Тиймээс хуулийн төсөл боловсруулж  өргөн барихад бэлэн болсон. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар  хууль эрхзүйн асуудал шийдэхгүй. Салбар яам, Хууль зүйн яам, Төв банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулах, хамтарч ажиллах зэрэг шаардлага бий. Хил гаалиа чангатгах шаардлагатай гэдэгт санал нэг байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Чухал хуулийн төсөл хэлэлцэж байхад алтны ашиг сонирхолтой гишүүд нь гараад алга болчих юм.             Энэ хуулийн төсөл маш чухал. Байгаль орчин, уул уурхайн, улсын төсөвт оруулах хөрөнгө санхүү талаасаа маш чухал асуудал. Алтны хулгайтай та ганцаараа тэмцээд дийлэхгүй.  Бид алтаа хянаж чадахаа байчихсан. Алтны лобби гэдэг агуу юм билээ. Дийлдэггүй юм.  Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгоно гэдэг дэндүү жоохон. 20 тонн алтны 60 гаруй хувийг иргэд тушаасан байгаа юм. Судалгаанаас харахад иргэдийн тушааж байгаа  алтны тоон үзүүлэлт өсөлттэй байгаа нь ААН-үүд иргэдийн нэрээр тушааж ААН-ийн орлогын албан татвараас зайлсхийгээд байна. Засгийн газар сахилга хариуцлага дэг журмыг тогтооно  гэж ярьж байгаа дээрээ   5 хувийн татвар бий болгочихвол ард түмний амьдрал дээрдэнэ шүү. Би хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ алтны нөөц ашигласны татварыг 5 хувь болгох саналыг гаргаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Санал нэг байна. Алт тойрсон асуудлууд тэмцээд барахгүй гэдэгтэй ч санал нийлж байна. Холбогдох бүх байгууллагуудын уялдааг хангасан хуулийн төсөл өргөн барихад бэлэн болж байгаа. Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгох гэдгийг  эдийн засгийн үр өгөөжөөс нь сайтар судалж байж оруулж ирсэн.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

12 : 04
2018-12-6

Ж.Бат-Эрдэнэ: УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш шүү

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх гэсэн боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы танхимд орж ирэхийг нь хүлээн гишүүд горимын саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Харамсч байна. УИХ-ын хуралдаанд хэлэлцэх хууль дүрэм яръя гэхээр давхар намайг хохироогоод байна. Та нар асуудлаа бүлэг дээрээ ярьж болдоггүй юм уу. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье л дээ. Маргааш таван гишүүний асуудал орж ирэх юм билээ. Танай намын таван гишүүн хулгай хийчихсэн асуудал удахгүй шийдэгдэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Монголын төр эмгэнэлт драмын төрөл рүүгээ орлоо. Өвөл  болж, цас унаж хөдөө, гадаагүй асуудал их бий. Гэтэл энэ хүнд цаг үед салбар нь сайдгүй ажиллаж байна. Ч.Улаан гишүүнийг УЗ, бүлэг дээрээ ч дэмжсэн. Томилох гэхээр Ерөнхий сайд, сайд нар нь орж  ирэхгүй гурван долоо хоног болж байна.Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байна. Хамгийн чухал салбар энэ хүмүүст хамаагүй болчихсон юм байна. Ийм болохоор би Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж хэлээд байгаа юм.Танхимыг нь элэг бүтэн болгоод өгье гээд 40 гишүүн чуулгандаа орж ирээд хүлээгээд байхад Засгийн газрын гишүүд нь сайд нь орж ирэхгүй юм. Шударга ёсыг яриад байгаа гишүүд миний бланк дээр гарын үсгээ зураад УИХ-ыг тараая. Энэ 76 байсан байгаагүй цаана нь 76 аавын хүү, ээжийн охид байгаа шүү. Дарвалаад байгаарай та нар.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу Засгийн газрын гишүүнээ хэлэлцээд явъя гэсэн горимын саналтай байна. Шаардлагатай бол миний гаргаж байгаа горимын саналаар санал хураая. Чуулгандаа би 10 цагаас өмнө орж ирсэн. Чуулганы хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр хэвийн үргэлжилж байна.  Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Ард түмэн хурдхан ажлаа хий л гэж хэлж байгаа шүү дээ.          Сайдыг нь томилмоор байна.  Хахир өвөл ирлээ. Зогсож байгаа дөрвөн гишүүний  шаардлагыг бид бодох ёстой. Гэхдээ энд ирц бүрдүүлээд сууж байгаа гишүүдээ мөн бодох хэрэгтэй. Ч.Улаан гишүүн  Сангийн сайд хийж байсан учраас ХХААХҮ-ийн сайдын ажлыг аваад явчхаж чадна гэж бодож байна. Сангийн сайд өрөөндөө суудаг бол ХХААХҮ-ийн сайд хөдөө явж ажилладаг салбар шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал орж ирлээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ маш яаралтай томилох шаардлагатай. Асуудалд хуулийн дагуу хандах хэрэгтэй. Үнэхээр УИХ-ын дарга хууль зөрчсөн юм бол үндэслэлээ гарга л даа. УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш шүү. Хэдүүлээ таръя. Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир. Бүгдээрээ тарцгаая. Ард түмнээрээ дүнгээ тавиулж  хэдүүлээ хоншоороо үзэцгээе.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж М.Энхболд даргаа та наад гишүүдтэйгээ уулзаж ярилц л даа. Энэ хооронд Л.Энх-Амгалан гишүүн чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлж байя. Та нар уулзаад ярилц. Аль аль талаасаа уян хатан хандацгаа л даа. Нэг талын 100 хувь буруу гэж байхгүй. Асуудлыг ойлголцож шийдэх сурах хэрэгтэй. Хоёр талаасаа чангаагаад байвал юу ч явахгүй. ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-М.Энхболд даргаа та наад гишүүдтэйгээ уулзаж ярилц л даа. Энэ хооронд Л.Энх-Амгалан гишүүн чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлж байя. Та нар уулзаад ярилц. Аль аль талаасаа уян хатан хандацгаа л даа. Нэг талын 100 хувь буруу гэж байхгүй. Асуудлыг ойлголцож шийдэх сурах хэрэгтэй. Хоёр талаасаа чангаагаад байвал юу ч явахгүй. ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
 Мөн УИХ-ын дарга М.Энхболд суулт зарласан гишүүдтэй яг одоо өрөөндөө уулзаж байгаа бөгөөд чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 46
2018-12-6

Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

Чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байсаар багагүй хугацааны дараа эхэллээ. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Захиргааны ерөнхий хууль батлагдах нь маш зөв юм. Бид 2002 онд маргааныг шийдвэрлэх хуулийг гаргаж 2004 онд шүүхийг нь байгуулчихсан. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийг батлах нь зөв. Цэцийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээж авах нь зөв гэж байнгын хорооны хурал дээр дэмжсэн гишүүдийн нэг нь би. Бид дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй. Хэсэгчилж болохгүй” гэсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы танхимд орж ирэхийг нь хүлээж байна.

Мөн Чуулганы хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын нэр бүхий гишүүд сандал тавьж, УИХ-ын даргыг огцрохыг шаардан суулт зарлаад байгаа юм.

11 : 34
2018-12-6

Чуулганы ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.

Одоогоор  36 гишүүн чуулганы хуралдаандаа  орж ирээд байгаа тул МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболд даалгалаа.

Мөн УИХ-ын байнгын хорооны дарга нар мөн зарим сайд нар чуулганы хуралдаандаа орж ирээгүй байна.

08 : 45
2018-12-6

УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилно

image

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт;
– Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
– Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
– “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
– “Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Бусад;
– Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж