Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын "эцэг" Буш

АНУ-ын "эцэг" Буш

АНУ-ын нэрт улстөрч, дэлхийн хоёрдугаар дайнд биечлэн оролцсон шилдэг бөмбөгдөгч, орчин цагийн АНУ-Хятадын харилцаа, АНУ-СССР-ын харилцааг илбэн тохинуулахад жинтэй үүрэг гүйцэтгэж, дэлхийн хүйтэн дайны галыг нэгмөсөн унтраасан АНУ-ын дөчин нэг дэх Ерөнхийлөгч асан Жорж Герберт Буш таалал төгссөн. News агентлаг энэ удаагийн "Хүмүүс" буландаа түүнийг онцоллоо.


АНУ-ын Массачусес мужийн Милтон хотод амьдардаг Прескот Шелтон Буш, Дороти Уолкер Буш нар 1924 оны зургадугаар сарын 12-ны өдөр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Айлын таван хүүхдийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр хүү хожим нь АНУ-ын ерөнхийлөгч болох хувь заяатай байв. Түүнийг эцэг эх нь Жорж Герберт Уолкер Буш хэмээн нэрлэсэн юм. Бяцхан Бушийг төрөөд удаагүй байхад тэдний гэр бүл Коннектикут мужийн Гринвич хот руу нүүх болсон байна. Ийнхүү бяцхан Буш Гринвичид өсч, дараа нь Массачусеттс мужийн Филлипс Академийг төгссөн байна.

АНУ Сувдан эрэг рүү довтолсноор албан ёсоор Дэлхийн II дайнд орсноос ердөө зургаан сарын дараа буюу 1942 оны зургадугаар сарын 12-нд Буш АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисгэгчээр томилогджээ. Тухайн үед 18 настай  байсан Буш хамгийн залуу нисгэгч болж байв. Тэрээр дайны үед нийт 58 үүрэг хүлээн авсан бөгөөд нэг удаа түүний онгоцыг Японы цэргүүд бууджээ. Тэр шүхрээр үсрэн буухаасаа өмнө үүргээ амжилттай биелүүлэн байгаа онон, даалгаврыг амжилттай биелүүлсэн байна.

1945 он хүртэл усан цэргийн флотод ажиллаж байгаад тэр жилээ 18 настай Барбара Пиерстэй гэрлэжээ. Цэргийн албаа дуусган, Барбаратай гэрлэсний дараа Буш Иейлийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, сургуулийнхаа бейсболын багийн ахлагч болж байв. 1945 он хүртэл тэнгисийн цэргийн хүчинд зүтгэж байгаад АНУ-ын “Yale” их сургуульд элсэн орж, эдийн засгийн чиглэлээр суралцан 1948 онд төгссөн байна. Үүнийхээ дараа гэр бүлээрээ баруун Техас руу нүүж газрын тосны бизнест бөл тавьсан Буш 1964 онд 40 настайдаа АНУ-ын залуу саятнуудын эгнээнд багтаж чаджээ. 1966 онд Техас мужийн төлөөлөгчдийн танхимын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулснаар улс төрийн амьдрал нь эхэлсэн гэж хэлж болно. 1968 онд улиран сонгогдож, 1970 оны сонгуульд ялагдал хүлээсэн байна.

1971-1973 онуудад Ерөнхийлөгч Ричард Никсон түүнийг НҮБ-ын АНУ-ын элч төлөөлөгчөөр томилон ажиллуулж байсан ба 1974 онд Бүгд найрамдах намын Үндэсний Хорооны даргаар томилогджээ. АНУ-д Вотэргейттай холбоотой шуугиан дэгдэхэд  Никсоны оролцоо ил болж Буш Никсоныг огцрох хүсэлтийг олон нийтийн өмнө тавьсан бөгөөд хоёр хоногийн дараа Никсон огцорчээ. Ерөнхийлөгч Жералд Форд Никсоныг орлож, Бушийг БНХАУ дахь АНУ-ын Хэрэг Эрхлэх газрын даргаар томилжээ. 1976 оныг хүртэл уг албыг хашиж, тэр жилдээ  Тагнуулын төв газрын даргаар томилогдон ажилласан байна. 1977 онд Ардчилсан намаас Жимми Картер ерөнхийлөгчийн суудалд суухад, тэрээр ТТГ-н албан үүргээсээ огцорсон юм. 1980 онд Бушийг ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчууд нэр дэвшүүлэн өрсөлдсөн ч тухайн үед нэр хүнд нь түгсэн Роналд Рейган олонхийн саналаар ялсан ба эцэст нь Бушийг хамтрагчаараа сонгожээ. Рейган хоёр дараалан сонгогдон ажиллахад тэрээр түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Үүний дараа 1989 онд АНУ-ын 41 дэх ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тухайн үед АНУ-д эдийн засгийн хямралтай үе байсан бөгөөд Холбооны Засгийн газрын төсвийн алдагдлаас болж дотоодын бодлогыг дэмжих хүчин чармайлтанд саад учруулжээ. Тиймээс Гадаадын бодлогод Бушийн засгийн газар гол анхаарлаа хандуулах болжээ. Бушийг албан тушаалаа баяр хөөртэйгөөр хүлээн авч байхад, дэлхий нийт Хүйтэн Дайны улмаас доройтон, Зөвлөлт Холбоот улс нуран унаж байсан байна. 1991 онд Буш, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев Стратегийн цөмийн зэвсэг хязгаарлах зөвшилцөл (START I)–д гарын үсэг зуржээ. Энэ нь цөмийн зэвсэгийн хэрэглээг хязгаарлан, хоёр орны хоорондох харилцааг сайжруулах зорилготой гэрээ байсан аж. Өмнөх жил нь Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн Кувейтийг довтолжээ. НАТО-гийн улс орнууд тусламж хүссэн бөгөөд Буш тэдэнд хариу цохилт үзүүлэх “Цөлийн шуурга” ажиллагаагаар хариу өгчээ. Хэдийгээр тус үйл ажиллагаа нь Ирак улстай урт хугацааны зөрчилдөөн үүсгэсэн ч 42 өдрийн агаарын дайралтын ялалтаар Иракийг буулган авч, Кувейтийг чөлөөлжээ. 1989 онд Бушийн маргаантай гадаад бодлогын нэг болох Панамын авлигач дарангуйлагч, Мануел Норигагадыг сүйрүүлэх төлөвлөгөөг гаргасан байна. АНУ Норигаг мөнгө угаах болон мансууруулах бодисын наймаанд буруутгаж, Панамд ардчиллыг таслан зогсоохыг оролдсон хэмээн буруутгажээ. Норигаг буулган авахын тулд 21 мянган Америк цэрэг Панамад ирж, түүнийг бууж өгөхийг шаарджээ. Уг үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс ОУ-ын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа хэмээн буруутгасан байдаг.

АНУ-д буцаж ирэхдээ Буш америкчуудын амьдралыг сайжруулахын тулд хэд хэдэн алхам хийсэн. Тэрээр 1990 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийг дэмжиж гарын үсэг зурж, ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг хориглосон. 1990 онд "Цэвэр агаарын тунхаг"-т нэмэлт өөрчлөлт оруулж, автомашин үйлдвэрээс хүрээлэн буй орчинд үүсгэж буй аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай уг хуульд тусгажээ. Тэрбээр "Дахин шинэ татвар байхгүй" гэсэн кампанит ажил эхлүүлсэн хэдий ч төсвийн алдагдлыг бууруулахын тулд татварыг нэмсэнээр дэмжигчидийнхээ дургүйцлийг хүргэжээ. Үүнээс болж 1992 онд дахин сонгуулийн үеэр Арканзасын Ардчилсан намын Билл Клинтонд ялагдсан байна.


Буш болон түүний эхнэр дахин сонгуулийн дараа Техасын Хьюстон хотод тэтгэвэртээ гарсан байна. Найман жилийн дараа түүний хүү George W.Bush нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч болж АНУ-д эцэг хүү хоёр ерөнхийлөгчөөр ажилласан хоёр дахь түүхийг хамтдаа бичилцжээ. Энэ цагаас эхлэн түүнийг “Эцэг Буш” гэх алдар дагах болсон байна.

Амьдралынхаа 73 жилийг хамтдаа өнгөрүүлсэн эхнэр Барбара нь 2018 оны дөрөвдүгээр сард 92 насандаа өөд болж, энэ явдлаас долоо хоногийн дараа түүний бие муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх болов.

Эцэг Буш 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө төв мэдрэлийн системийг гэмтээдэг Паркинсоны өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэрээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хүү, АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Уолкер Буш руу утасдсан бөгөөд "аавдаа хайртай, та бол хамгийн гайхалтай аав" гэсэн үгийг хүүгээсээ сонсоод, хүүдээ хайртайгаа мөн илэрхийлжээ. Түүний ойр дотны хүмүүсийн хэлснээр тэрээр амьсгал хураахынхаа өмнө үнэхээр тайван байсан бөгөөд диваажинд байгаа гэргий болон хүүхэд байхдаа цусны хорт хавдраар өөд болсон бага охин Робин дээрээ очиход бэлэн байгаагаа ярьж байсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж