Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзахад бэлэн үү?

Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзахад бэлэн үү?

Засгийн газар зориг гаргаж, түүхий нүүрсийг 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэлд оруулахгүй, мөн түлшинд хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Гэр хорооллын өрхийн 220 мянга орчим айл өрхийн түлшний хэрэглээг шийдэхийн тулд шахмал түлшийг хямд үнээр зах зээлд борлуулахаар болсон.

Нийслэлийнхэн жилд  1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүнийг шахмал түлшээр сольсноор 600 мянган тонн болж буурах боломжтой бөгөөд агаарын бохирдлыг бууруулна хэмээн үзэж буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэсэн үйлдвэр байгуулж, сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргаад буй. Нүүрсний хаягдал буюу нунтаг үртсээр нь бэлтгэн боловсруулсан тус компанийн шахмал түлш нь түүхий нүүрсний үнээр худалдаалагдаж эхэлжээ. Уг түлш нь утаа бага ялгаруулж, дулаанаа найман цаг барьдаг гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолсон. Энэ талаар бид сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөл  автобусны буудал, 112 дугаар буудлын Цолмон төв дэх нүүрс борлуулах цэгийг  зорилоо. Өчигдөр /2018.12.05/ орой 17.00 цагийн орчимд энд аль хэдийн сааралтаж утаан хөшиг татсан байв.

Хөтөл автобусны буудлын баруун талд нүүрс борлуулах томхон хэмжээтэй цэг байдаг нь “Эрдэнэс Тавантолгой”-н шахмал түлш борлуулдаг төв аж. Гэвч уг цэгт сайжруулсан түлш борлуулагдаж дууссан гэдгийг борлуулагч нь хэлсэн. Харин сайжруулсан түлш сураглаж цөөнгүй хүн ирсэн нь уг түлшийг анх удаа хэрэглэж үзэхээр ирсэн байв. Гэхдээ уг сайжруулсан түлшийг хэрэглэж үзсэн иргэд түүхий нүүрснээс бага илчтэй, дулаанаа барьдаггүй хэмээсэн юм.

Сайжруулсан түлш 25 кг-ийн шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй.  Энд зарж буй түүхий нүүрснээс 200-700 төгрөгийн үнээр илүү байв. Тухайлбал, Багануур том шуудайтай  нүүрс 3500, дунд шуудайтай нь 3000, Алаг толгой-3500 төгрөгийн үнэтэй байв.

                                                         САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЭРЭЛТ САЙН БАЙНА

НҮҮРС БОРЛУУЛАГЧ Э.ОТГОНБАЯР: 

-Бидэнд  үйлдвэрээс шахмал түлшийг өглөө 09.00 цагт нийлүүлдэг. Өдөрт 16 тонн ирээд дуусч байна.  Хүмүүс их асуудаг болсон.  Зарим  нь тонноор нь худалдан авах үе бий. Ихэвчлэн 2-3 шуудайг авдаг. Худалдан авалт сайн байна. Мэддэг нь андахгүй. Миний хувьд гэртээ түлж үзсэн. Шаталт, илчээ барих нь боломжийн санагдсан. Утаа бага ялгаруулдаг юм билээ.

УТАА БАГА ЯЛГАРУУЛДАГ Ч ИЛЧ МУУТАЙ БАЙНА

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН IX ХОРООНЫ ИРГЭН Н.ГАНТӨМӨР: 

 

-Шахмал түлш шаталт сайтай боловч дулаанаа богино хугацаанд барьдаг юм билээ. Илч муу. Ойролцоогоор хоёр цаг орчмын дараа дахин нүүрсээ нэмэх шаардлагатай болдог. Нүүрстэй харьцуулбал утаа бага ялгаруулдаг ч үнэтэй санагдсан. Хэдийгээр эрүүл мэндэд хор нөлөөгүй, тортог бага ялгардаг ч түүхий нүүрс шиг дулаанаа удаан барьдаггүй, үнэтэй байна. Хүйтэрч байгаа энэ үед түүхий нүүрсээ л түлсэн нь илүү юм билээ. Үнэтэй, илч муутай нүүрс түлснээс үнэ нь боломжтой учраас түүхий нүүрсээ л түлж байна даа.

 

СХД-ЫН IX ХОРООНЫ ИРГЭН н.БАТТОГТОХ

-Энд шахмал түлш зардаг гэж дуулсан. Сонирхож иртэл дууссан байна. Энэ талаар телевизээр өчигдөр мэдээлэхээр нь өнөөдөр иртэл алга. Өөр нэг борлуулдаг цэг нь 112-ын буудалд байдаг гэсэн. Очиж үзье. Чанартай болов уу гэж бодож байна. Манайх Налайхын нүүрс хэрэглэдэг айл. Хэрэв түүхий нүүрснээс илүү бол бага зэргийн үнэтэй байсан ч яах вэ дээ. Үнэ нь 3750 төгрөг гэсэн. Боломжийн л үнэтэй санагдлаа.

 

 

 

Шахмал түлш зөвхөн Хөтөл буудалд л борлуулж байсныг энд онцолъё. Цолмон төв буюу 112 автобусны буудлын орчимд ийм түлш борлуулдаггүй, нүүрс борлуулах хоёр газар байдаг аж. Эдгээр газарт шахмал түлш борлуулах зөвшөөрөл нь одоогоор ирээгүй, арванхоёрдугаар сарын дундаас нийлүүлж эхлэх байх гэдгийг борлуулагчид хэлж байлаа. Автобусны буудлын эсрэг талд байрлах цомхон хэмжээтэй нүүрсний цэгт очлоо. Борлуулагчийн хэлснээр “Сайжруулсан шахмал түлшийг Цолмон төвийн орчимд борлуулдаг байсан ч удалгүй худалдаалахаа больсон. Магадгүй хүмүүс ам муутай байснаас болсон байх. Их л муу юм билээ гэж эндэхийн оршин суугчид ярьдаг” гэсэн юм.

                                              ШАХМАЛ ТҮЛШ БҮҮ ХЭЛ ДУГУЙНЫ ХАЙМРААР ТҮЛЭЭ ХИЙХ АЙЛ ОЛОН БАЙНА

БОРЛУУЛАГЧ н.ГЭНДЭНБААТАР: 

-Манайд Тавантолгойн сайжруулсан шахмал түлш алга. Харин модны үртсээр хийсэн шахмал түлш 40 гаруй шуудай байна. Сайжруулсан гэх шахмал түлшийг хүмүүс илч багатай гэх юм билээ. Хавар намрын улиралд гал түлбэл боломжийн, өвөл бол хөлдөөх шинжтэй гэж манайхаас нүүрс авч байгаа хүмүүс хэлдэг. Ялгаагүй л утаа гарч байгаагаас хойш сайжруулсан түлш гэх нэрээр төр засгийн удирдлагууд мөнгө угаах гэсэн л нэг арга байх гэж харж байна. Бас үнэтэй. Түүхий нүүрс илүү илчтэй. Бүгд л мэднэ шүү дээ. Өнөөдөр нэг шуудай нүүрсээ авч дийлэхгүй байгаа хүмүүс шахмал түлш авна гэдэг юу л бол. Хоёр айл дундаа жижиг шуудайтай нүүрс арай ядан авдаг айл ч байна. Энд 3000 төгрөгөөр нүүрсээ авч чадахгүй гутлын ул шатаадаг, дугуйны хаймраар гэрээ дулаацуулдаг ядарсан өрх олон бий шүү дээ. Манай төв дээр л ийм хүмүүс өдөрт олон ирдэг. Дугуйны хаймар 300 төгрөгөөр худалдан авъя гэдэг ч би үнэгүй өгдөг. Гурван ширхэг дугуйны хаймрыг хоёр хоногийн түлээ болгодог гэж ярьдаг юм. Яах вэ дугуйны хаймрын утаа мэдээж эрүүл мэндэд хортой. Гэхдээ ямар хүйтний эрч чангарч байхад хөлдөж үхэлтэй нь биш дээ. Түлэхээс өөр аргагүй шүү дээ.

Сайжруулсан шахмал түлшийг одоогоор Сонгинохайрхан  дүүргийн нутаг дэвсгэрт л борлуулж эхэлжээ. Харин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эх, Дамба болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал орчимд худалдаанд гаргаагүй байгаа тул энэ орчмын айлууд Багануур, Налайхын нүүрсээ хэрэглэж байгаа гэнэ.

 

Хөтөл буудлын баруун талд байрлах "Таван толгой" ХХК-ийн сайжруулсан түлш борлуулах цэг

Цолмон төвийн эсрэг талд байрлах нүүрс борлуулах цэг. Энд Багануур, Налайхын нүүрсийг бөөний үнээр худалдаалдаг юм байна.

Борлуулах цэгт өдөрт 300-500 шуудай нүүрс зарагддаг гэж борлуулагчид хэлж байв

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж