Т.Ганболд: Алтыг хулгайгаар хил давуулах ашиггүй, харин ч алдагдалтай

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Т.Ганболд: Алтыг хулгайгаар хил давуулах ашиггүй, харин ч алдагдалтай

Т.Ганболд: Алтыг хулгайгаар хил давуулах ашиггүй, харин ч алдагдалтай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн. Ирэх оны эхний өдөр дуусгавар болох алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгахаар уг хуулийн төсөлд тусгасан. Энэхүү хөнгөлөлт алт тушаалтын хэмжээг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэснийг Монголбанк, алт үйлдвэрлэгчид хэлж байгаа ч зарим улстөрчийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Үүнтэй зэрэгцэн Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн VI хурал өчигдөр боллоо. Энэ үеэр тус холбоо 2018 оны ажлаа дүгнэж ирэх оны төлөвлөгөөгөө болон салбарынхаа тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Хурлын үеэр “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын энэ удаа алтны нөөцийн татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх тухай УИХ хэлэлцэж буй цаг үед болж байгаагаараа онцлогтой болж байна. Салбарын сайд энэ хөнгөлөлтийг хэвээр үлдээхээр тусгаж хуулийн төсөл өргөн барьсан. Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний хувьд  энэхүү татварын хөнгөлөлтийг хэвээр үлдээхийн ач холбогдлыг товчхоноор илэрхийлнэ үү?

-Алт үйлдвэрлэгчдийн холбоо 2013 онд байгуулагдсанаас хойш жил бүр бүх гишүүдийн хурлаа хийдэг болсон. Хурлаар өнгөрч буй 2018 оны ололт амжилт, алтны зах зээлийн төлөв байдал, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ, хууль эрх зүй, байгаль орчны талаасаа тулгарч буй хүндрэл бэрхшээлээ хэлэлцэж байна. Яг одоогоор Ашигт малтмалын тухай хуульд оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлт, алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгосон хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгах  эсэх асуудал хүмүүсийн анхаарлыг татаж байна. Олон нийт, хууль тогтоогчид янз бүрийн байр суурьтай байгаа, тухайлбал “алтныхныг өөгшүүлж байна” гэсэн шүүмжлэл ч гарч буй. Аль нь зөв бэ гэдгийг уг хуулийг хэрэгжүүлсэн үр дүн, цаг хугацаа, бодит нөхцөл байдал харуулсан. Монголбанкинд хоёр тонн алт тушаадаг байсан бол 20 тонн алт тушаадаг болж огцом өслөө. Улмаар Монгол Улсын валютын нөөц 800 сая ам.доллараар арвижиж, тэр хэмжээгээр эдийн засаг тэлэх, Монголын эдийн засгийг 10.5 тэрбум ам.доллар гэж үзвэл зөвхөн алтны салбар үүнд найман хувийн өсөлтийг үзүүлсэн ийм том нөлөөлөлтэй салбар байжээ. Тиймээс энэ хуулийн агуулга, ач холбогдол маш оновчтой байж үр өгөөжөө өгчээ гэдгийг харууллаа.

-Эсэргүүцэж байгаа тодорхой хүч ч бас байгааг та анзаарч байгаа байх. Шүүмжлээд байгаа үндэслэлээ ч олон нийтэд илэрхийлсээр байна. Энэ талаар?

-Татварын хөнгөлөлтийг эсэргүүцэж буй улстөрчид алт үйлдвэрлэгчдэд татварыг өндөр тавьж хулгайд алдчихна гээд алтыг нь хураагаад авчхаж болдог, хууль хяналтын байгууллагууд яагаад ингэж ажиллаж болдоггүй юм бэ гэсэн муйхар бодлогыг дэвшүүлж байна. Харамсалтай нь дэлхийн аль ч улс оронд, түүхийн аль ч цаг хугацаанд ийм захиргаадалт, хүчирхийллийн аргаар амжилтад хүрсэн тохиолдол байдаггүй. Бид өнөөдөр чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Ажиллаж, амьдарч, хөгжих боломж нээлттэй, ил тод байж, үүгээрээ гадны хөрөнгө оруулагчдыг татаж, дотоодын компаниуд нь хөл дээрээ босч байна. Уул уурхайн салбарын хувьд хариуцлагатай байх ёстой. Ялангуяа алтны салбарынхан сүүлийн жилүүдэд 100 хувь хариуцлагатай ажиллаж чадаж байгаа гэж үздэг. Олон нийт ч үүнийг мэдэрч байгаа шүү дээ.

-Алтны салбарын онцлог, дэлхийн чиг хандлагатай холбож тайлбарлавал?

-Аль ч цаг үед алт бол үйлдвэрлэлийн, байгалийн түүхий эдээс их ялгаатай. Өвөрмөц шинэ чанартай үнэт метал. Тусгаар тогтносон аливаа улс орны мөнгөн тэмдэгтийн баталгаа, валютын нөөц болдог. Уул уурхайн бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт бууралтын үед тогтвортой байж чаддаг онцлогтой. Дэд бүтэц шаарддаггүй. Бусад байгалийн эрдэс баялгийг бодвол нөхөн сэргээгдэх хувь нь маш өндөр. Алт бол эргүүлсэн газар шорооныхоо бараг 0.001 хувь нь металл хэлбэрээр гараад үлдсэн 99.99 хувь нь буцаад нөхөн сэргээгдэж, хөрсний сийрэгжилтийг бий болгож байгаль орчинд шим тэжээлтэй газрын хөрсийг бий болгож байдаг. Энэ мэтчилэн сайн үзүүлэлт талаас нь харвал эдийн засагт оруулж буй том хувь нэмэр, үр өгөөжтэй учраас төр засаг онцгой анхаарал тавих ёстой. Дэлхийн чиг хандлагын хувьд ч алтны салбар нь харьцангуй огцом уналтад өртдөггүй. Тогтвортой бөгөөд тодорхой хэмжээнд өсөлттэй явж байгааг онцлох нь зүйтэй байх.

"ХУЛГАЙГААР НЭГ КГ АЛТ Ч ХИЛ ДАВУУЛАХ БОЛОМЖГҮЙ"

-Алт олборлолтын чиглэлээр хэчнээн ААН үйл ажиллагаа явуулж байна вэ. Олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Өнөөдөр улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 70 орчим компани байна. Өмнөх үетэй харьцуулбал хууль эрх зүйн хувьд ч, эдийн засгийн талаасаа ч эерэг уур амьсгалтай болж байгаа болохоор алтны компаниудын хувьд үр өгөөж сайтай байна. Энэ нөхцөл байдал нь тогтвортой, савлагаагүй байж чадвал удаан хугацаанд хөгжиж бэхжинэ. Алтны салбарын анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай бас нэг асуудал бол хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх явдал юм. Өнөөдрийн бүрдүүлсэн 20 тонн алтны нөөцийн 90 гаруй хувь нь шороон ордоос гарч байгаа, ЗХУ-ын үеийн болон ерээд оны үеийн хайгуул, судалгааны нөөцүүд шавхагдаж дуусч байгаа нь энэ шүү дээ. Тиймээс дахиад геологи уул уурхайн хайгуул судалгааны ажлууд хийх шаардлагатай. Энэ талаар салбарын яам, агентлагууд ажлаа эрчимжүүлэх байх. Тэгж байж цаашид үр өгөөжөө өгнө.

-Тулгарч буй бэрхшээлээс хамгийн том саад нь юу байна?

-Дэлхийн эдийн засаг, үнэ ханш зэрэг биднээс шалтгаалах, шалтгаалахгүй бэрхшээл олон. Эдгээрээс хамгийн том бөгөөд биднээс шалтгаалах саад гэвэл хууль эрх зүйн тогтвортой орчин. Хөгжиж буй зах зээл дээрээ заавал өндөр татвар тавьж дарамтлах нь хөгжилд л саадтай. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэнчлэн “иргэн хүнд 11 хувийн татвар, алтныхан 2.5-хан хувийн татвар төлж байна” гэдэг ч юм уу буруу харьцуулалт хийж олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх нь буруу юм. Харьцуулж болохгүй хоёр зүйл шүү дээ. “Яагаад ямаанд бөх байхгүй, тэмээнд хоёр бөх байгаа юм бэ?” гэсэнтэй л ижил харьцуулалт хийгээд байна. Алтны компанид ажиллаж байгаа иргэн бүр, компанийн захирал нь ч бүгд л иргэний хувиар татвараа зохих хуулийн дагуу төлдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэдэг бол бусад олон татварууд дээр нэмж төлж байгаа татвар юм шүү дээ. Үүнийг холбогдох хуулийг хэлэлцэж буй эмзэг цаг үед ташаа мэдээлж олон нийтэд түгээсэнд харамсч байна.

-Ашигт малтмалын тухай хуульд ойр ойрхон өөрчлөлт хийдэг. Энэ хооронд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, борлуулалтад саад гацаа үүсдэг үү?

-Мэдээж компаниудын, хүмүүсийн ажлын эрчийг сулруулж эргэлзээтэй болгодог. Бодох, болгоомжлох, нуух хаах нөхцөлийг үүсгэдэг.

-Энэ хүчин чадлаараа ажиллахад цаашид 20-оос дээш тонн алт тушаах боломж нөхцөл бий юү?

-Одоогийн байдлаар 19 тонн хүрчихсэн. Он дуустал 20 тоннд элбэг гарчихна гэж найдаж байна. Монголбанкнаас 22 тонн гэдэг тоо ярьж байгаа, ер нь цаашид нэмэгдүүлээд байх боломж бий юү гэдгийг олон хүн асуудаг ч манай зах зээлийн өнөөгийн өгөгдөл дээр эргэлзээтэй.

-Алтыг хууль бусаар хил давуулан худалддаг, 40-өөд тонн алт олборлоход 17 тонныг нь л Монголбанкинд тушааж байна, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй гэж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлагчийн илтгэлд дурдагдаж байсан. Ийм нөхцөл байдал танд ажиглагддаг уу?

-Сайд алтны салбарын хүн биш байлаа гэхэд мэдээллээр хангаж байгаа баг маш хариуцлагагүй хандсан байна л харж байна. Ийм нөхцөл байдал огт байхгүй, үүсэх боломжгүй. Яагаад гэвэл одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд алтыг хулгайгаар гаргах нь ямар ч ашиггүй. Харин ч алдагдалтай. Монголбанкинд тушаах нь ашигтай учраас тушааж байгаа юм шүү дээ. Нөгөөтэйгүүр Монголбанкны алт худалдан авах дүрэм журмаар Лондоны металлын бирж дээр яг энэ цаг мөчид алт худалдан авч буй ханшаар тооцож авдаг. Төлбөрийг нь хоног саатуулалгүй яг тэр дор нь төлж байна. Тиймээс алт тушаагчдад ашигтай энэ нөхцөлийг ашиглахгүйгээр, өөр банкинд, өөр улс оронд гэмт хэрэгт холбогдон байж далд аргаар худалдах шаардлагагүй. Хулгайгаар нэг кг алт ч хилээр гаргаж чадахгүй тийм эрх зүйн нөхцөл бүрдсэн. Хорин тонн алт хулгайгаар гарч байна гэвэл ямар ч эрүүл хүний ой ухаанд  багтахгүй. Авлига, хулгай элдвийн юм дуулдаж байдаг ч хил, гааль, тагнуул, цагдаагийнхан гэж байгаа хойно 20 тонн алт хил давж байхад мэдэхгүй өнгөрөх тийм баларчихсан улс биш шүү дээ.

“СЕНТЕРРА ГОУЛД” ХХК МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БАЯРЛАДАГ БАЙХ

-Танай салбарын томоохон “акулууд”-ын нэг “Сентерра Гоулд” компани Монголоос гарлаа. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт талаасаа ямар нэг доргилт үүсэх, болгоомжлол төрүүлсэн дохио анзаарагдав уу?

-Дэлхийд алдартай “Сентерра Гоулд” Монголд үйл ажиллагаа явуулж байсан нь Монголын хувьд том сурталчилгаа яах аргагүй мөн байсан. Гэтэл “Сентерра Гоулд”-ын Монголоос гарсан шалтгаан нь ямар нэг маргаанаас болоогүй, цэвэр бизнесийн буюу компанийн хувьцаа, нөөц, борлуулалттай холбоотой байсан болохоор тэгтлээ сөрөг мэдээ болж тусаагүй байх. Хэрэв хөөгдөж хавчигдаж гараад, эрх зүйн тааламжгүй орчин байсан гэх мэдэгдэл хийсэн бол амаргүй нөхцөл байдал үүсч болох байсан. Харилцан эрх тэгш бизнесийн харилцаа үүсгээд гарсан болохоор асуудалгүй байх. Компанийн хувьд энэ олон жил Монголын зах зээл дээр сайн ашиг хийсэн. Үндсэндээ 50-иад тонн алт олборлосон. Энэ бол эдийн засгийн үр ашгийн хувьд ч сайн ажилласан. Тогтвортой байдлын гэрээ гэдгээр “Сентерра Гоулд” ганцаархнаа татвар төлдөггүй байсан. Монгол Улс гадаадын энэ компанид хамгийн сайхан тааламжтай нөхцөлийг бүрдүүлж өгч ажиллуулсан. Тэгэхээр “Сентерра Гоулд” эсрэгээрээ Монголын Засгийн газар, Монголын зах зээлд баярладаг байх гэж бодож байна.

-Алт олборлогчид, үйлдвэрлэгчид маань өндөр үнээр шороо ухаад өчүүхэн ашиг олоод гадаад валютын нөөц бүрдүүлэх гэж зүтгээд байдаг. Гэтэл төр ч, иргэний хөдөлгөөнүүд ч дарамтлаад их л зовж ажилладаг гэж ойлгуулах гэж  оролддог. Одоо энэ нөхцөл байдал хэвээрээ л байна уу?

-Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг компаниуд төлөхөөр улсын төсвийн нэгдсэн данс руу ордог. Энэ орлогоос алт олборлолт хийж байгаа тухайн орон нутагт нь 30 хувийг буцааж хуваарилж өгдөг хуультай.Харамсалтай нь жил бүр төсвийн орлого дутах, алдагдал хэтрэхэд төвлөрсөн төсвийн бодлоготой учраас дээрх хуулийн хэрэгжилт алдагдаж АМНАТ-ын 30 хувь нь алтыг нь олборлосон газар нутгийн засаг захиргаа, ард иргэд, малчдад очдоггүй. Тэгэхээр ард иргэд бухимддаг. Товчхондоо засаг, захиргааны байгууллага хуваарилалтаа хийгээгүйгээс болж иргэд “Манай нутгийн хөрс шороог ухчихаад бидний амьдралд эерэг нөлөө үзүүлсэнгүй” гэж гомдон улмаар ААН ба ард иргэдийн хооронд зөрчилдөөн үүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж