"Төрдөггүй" Төрийн нарийнууд, тогтдоггүй сайд нар

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

САЙД НАРЫН ТОМИЛГОО

"Төрдөггүй" Төрийн нарийнууд, тогтдоггүй сайд нар

"Төрдөггүй" Төрийн нарийнууд, тогтдоггүй сайд нар

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад сайдыг нь чөлөөлж буй яамдыг онцолж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын томилгоо өнөө хэр үргэлжилж байна. Ялангуяа түүний Засгийн газарт “үйлтэй” нэг яам бий. Хүн амины хэргийн гуншин зүүсэн Зам тээврийн, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны хоёрдахь сайд нь дахин чөлөөлөгдөхөөр болов. У.Хүрэлсүхийн Засгаас анх тус яамны сайдаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ очсон ч тэрбээр өнгөрсөн наймдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм. Дараагийн сайдыг томилох гэж намрын чуулгантай залгуулж дуншсаны эцэст УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилсон. Гэвч хоёрхон сарын настай томилгоо байв. Ард түмэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас ЖДҮ-чин сайд нартаа хариуцлага тооцохыг шаардсан тул Я.Содбаатар сайдын албан тушаалаа өгөхөд хүргэсэн нь энэ.

Ийн очсон сайд нь тогтдоггүй ЗТХЯ-ны дараагийн томилгоо удахгүй УИХ-аар орох бөгөөд У.Хүрэлсүх тус яамны сайдаар хэнийг томилох уу гэдэг дээр тохиролцоогоо хийж буй. Ерөнхий сайдын энэ удаагийн сонголт гаднаас гэхээсээ илүү давхар дээлтэй сайдтай болох сонирхол бий нь ойлгомжтой. Улс төрийн хүрээнээс сонсогдож буй албан бус мэдээгээр ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна. Хамгийн анх тус яамны сайдаар Я.Содбаатарыг томилохоор яригдах үед ч Б.Энх-Амгалангийн нэр яригдаж байсан билээ.

Түүнчлэн энэ Засгийн газарт төрдөггүй Төрийн нарийнууд ч цөөнгүй бий. Тухайлбал, ЗТХ-ийн яам, ХХААХҮ-ийн яам, Эрүүл мэндийн яам Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр төрийн ажлыг явуулж байна. Тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг хэзээ жинхлэх нь мөн л тодорхойгүй байна. Засгийн газраас  захиалсны дагуу ЗТХЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтыг зарласан байгаа гэнэ. Харин ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгарлуулалт зарлах захиалга Төрийн албаны зөвлөлд ирээгүй байгаа юм байна.

ХХААХҮ-ийн сайдын суудал мөн л эзэнгүй байгаа. Тус яамны сайд Б.Батзориг өнөөх ЖДҮ-д мөн л холбогдсон тул албан тушаалаас нь чөлөөлсөн. Ингэхдээ шинэ сайдын нэр хэдийнээ тодорхой болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналыг гаргаж энэ дагуу УИХ-дахь МАН-ын бүлэг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн тул Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудал түр хойшлогдсон юм. Тиймээс өнөөдөр уг томилгоог УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж магадгүй гэсэн хүлээлт байна.

Мөн сайд нь чөлөөлөгдөж байгаа дараагийн яам бол БСШУСЯ юм. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа Засгаа огцруулахад кноп дарсан үйлдэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гэлтгүй олон нийтийг ч гайхшруулсан. Гэвч Засгийн газрыг 40 гишүүн огцруулалгүй үлдээсэн тул Ц.Цогзолмаа сайдаасаа огцрох өргөдлөө өгөх нь ойлгомжтой. Энэ ч дагуу тэрбээр үзэл бодолдоо үнэнч үлдэж, ажлаа өгөхөөр болсон. Ц.Цогзолмаагийн оронд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар горилж суугаа сурагтай. Түүнчлэн нөхдөө "худалдсан" Г.Мөнхцэцэг очих тохироогоо аль эрт хийсэн гэх. Тэрбээр Засгийн огцруулна гэж гарын үсэг зурсан хэрнээ УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гадаад явсан нь У.Хүрэлсүх боловсролын салбарыг атгуулахаар тохиролцсон гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа юм. Ийнхүү гуравдугаар ээлжийнхэн хоолонд орохоор гутлаа тослож сууна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж