“The Greatest Showman”, “Les Misérables” зэрэг мюзикл төрлийн кинонуудаараа алдаршсан жүжигчин Хью Жакман гайхалтай кинонуудынхаа үйл явдлыг бодит амьдрал дээр буулган, Хойд Америк, Европ тивээр аялан тоглолт хийхээр болжээ.
Тэрбээр дэлхийн алдартай тайзнууд дээр өөрийн тоглосон мюзикл кинонуудынхаа дууг хүргэхээр болсон байна. Хью Жакман “The Man.The Music.The Show” нэртэй аялан тоглолтынхоо хүрээнд 2019 оны хавраас эхлэн, Хойд Америкт 22, Европт 12 тоглолт хийхээр төлөвлөсөн байна.
Хью Жакман нь “The Greatest Showman”, “Les Misérables” гэх алдартай мюзиклуудаас гадна “Х-хүмүүс” кинонд Вольверины дүрийг бүтээсэн юм. Мөн тэрбээр карьерынхаа эхэн үедээ “Гоо үзэсгэлэн ба Араатан” киноны тайзан дээрх мюзикл хувилбарт Гастоны /Бэллд сэтгэлтэй залуу/ , мөн “Оклахома” хэмээх мюзиклд дүр бүтээж байжээ. Харин 2008 онд тэрбээр Баз Лурманны найруулсан “Австрали” кинонд Николь Кидмантай хамт тоглож байв.
“The Greatest Showman” киноны театрын эзэн ПТ Барнумын дүр нь түүнд ихээхэн амжилтыг авчирсан юм. Тус мюзикл кино нь дэлхий даяар нийт 435 сая ам.долларын ашиг олсон бөгөөд киноны дуунууд нь АНУ, Английн шилдэг хөгжмийн жагсаалтыг бүтэн жилийн турш тэргүүлсэн байна. Тиймээс аялал тоглолтынхоо үеэр Хью Жакман тус киноныхоо дуунуудаас голчлон толилуулахаар бэлтгэж байгаа аж. Аялан тоглолтын тасалбар арванхоёрдугаар сарын 7-оос эхлэн худалдаалагдах юм.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ