Жон Жэ Нам: Авлигатай тэмцдэг Солонгосын туршлагыг монголчууд ашиглаасай

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Жон Жэ Нам: Авлигатай тэмцдэг Солонгосын туршлагыг монголчууд ашиглаасай

Жон Жэ Нам: Авлигатай тэмцдэг Солонгосын туршлагыг монголчууд ашиглаасай

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам-тай ярилцлаа.


 "МОНГОЛД АНХ 19 ЖИЛИЙН ӨМНӨ ИРЖ БАЙСАН"

– Сайн байна уу, Та Монголд ирээд зургаан сар болжээ. Шинэ газарт хэр дасч байна?

– Монголд ирээд ойрд ирээгүй эх нутагтаа ирсэн юм шиг сайхан сэтгэгдэлтэй байгаа. Би өөрөө аль нэг шашныг онцлон шүтдэг хүн биш боловч буддын шашинд хэлэгддэг урьд нас гэж хэрвээ байдаг бол би урьд насандаа гарцаагүй Монголд амьдарч байсан монгол хүн байсан байх гэсэн мэдрэмж төрдөг. Би Монголын тухай олон сувгаар олон мэдээлэл авдаг байсан. Хятадад байхдаа хятадын үндэстний цөөнхийн талаар судалгаа хийж хоёр ном гаргасны чухал агуулга нь Монголтой холбогдолтой байсан.

Би дипломат алба хашаад 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд БНСУ-ын Гадаад харилцааны яамандаа гурван ч удаа Монголыг хариуцсан хэлтэст ажиллаж, Монгол, Хятадын бүсийг хариуцсан хэлтсийн даргаар хүртэл ажиллаж байлаа. Би Монгол Улсад томилогдсон 12 дахь Элчин сайд юм. Яг над шиг Монголыг хариуцаж ажиллаж байсан хүн Элчин сайдаар томилогдсон нь би анхных болов уу. Гэхдээ Монголд би бүр 19 жилийн өмнө ирж 3, 4 сарын хугацаатай ажиллаж байсан удаатай. Ингэж олон байдлаар Монголын талаар мэдлэг, мэдээллийг авч байсан бөгөөд одоо албан ёсоор томилогдсон учраас энд ажиллаж амьдрах хугацаандаа илүү олон зүйлийг мэдэж сурч авах боломжтой болсондоо баяртай байна. Монголд байхдаа монгол орны талаар илүү мэргэжлийн хүрээнд ном бичиж, эрдэм шинжилгээний судалгаа хийх хүсэлтэй байгаа.

-Та яг одоо монгол дээлтэй сууж байгаа тань сайхан зохисон харагдаж байна.

-Баярлалаа (монголоор).

"УЛСТӨРЧИД ЁС ЗҮЙГЭЭ САХИХАД ХАМГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ САЛБАР БОЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ"

-Монголд чухал байгаа зарим сэдвийг Солонгосын жишээн дээр ярилцмаар байна. Монголын улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын дунд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудал их байгааг та үзэж, сонсч байгаа байх. Хууль хяналтын байгууллагууд, түүний дотор Авлигатай тэмцэх газар янз бүрийн хэргийг мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлж байна. Бас иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид олон баримтыг ил гаргаж эрэн сурвалжилж шүүмжилдэг. Гэхдээ энд танай Солонгос улсаас нэг ялгаатай зүйл байна. Тэр юу вэ гэвэл танай албан тушаалтнууд ямар нэгэн хэрэгт орооцолдсон л бол шууд буруугаа хүлээдэг, огцордог, ард түмнээсээ уучлалт гуйдаг. Хариуцлагаа ч хүлээдэг. Үүний жишээ гэвэл Пак Гын Хэ ерөнхийлөгч байна. Гэтэл манай улстөрчид буруугаа хүлээнэ гэж байхгүй  гэхэд хилсдэхгүй. Тэд өөрийгөө зөвтгөхөөс эхэлдэг. Сайндаа л санаандгүй алдаа гаргасан гэдэг. Жишээлбэл, 60 тэрбумын хэрэгт нэр гарсан төрийн өндөр албан тушаалтан иргэд олон нийтийн шахалт шаардлагаар тайлбар хийхдээ тэр асуудалд оролцсоныхоо төлөө биш, намынхаа нэр хүндэд хохирол учруулсныхаа төлөө уучлал гуйсан. Солонгосын улстөрчид манайхаас өөр байхад ямар ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ?

-Аливаа улс нийгэм хөгжиж дэвших явцад янз бүрийн асуудал бэрхшээл тулгардаг. Гэхдээ би Монголын дотоодын  нөхцөл байдал, авлигаас үүдээд юу болж байгаа талаар бүрэн сайн мэдэхгүй учраас энэ талаар хэлэх боломжгүй юм. Харин миний хувьд авлига ямар асуудал вэ, би юу гэж үздэг талаараа хариулъя. Дэлхий нийтэд өрнийн эсвэл, дорнын улсуудад байна уу, өнгөрсөн үед ч байна уу, ирээдүйд байна уу, авлига бол бүрмөсөн ангижрахад үнэхээр хэцүү, хүний нийгэмд, хүмүүсийн онцлог, шинж чанарын нэг юм. Тэгэхээр хээл хахууль, авлигыг бүрмөсөн үгүй болгоно гэдэг хэрэгжүүлэх боломжгүй зүйл байх. Гэхдээ улс нийгмийн хувьд авлига бол яах аргагүй хорт хавдар мөн. Солонгосын хувьд гэвэл авлига, хээл хахуулийн асуудал гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой гэсэн зарчимтай. Та мэдэж байгаа байх, Солонгосын өмнөх ерөнхийлөгч, түүний өмнөх гээд хоёр ерөнхийлөгч авлигын хэргээр шүүгдээд шоронд хоригдож  байна. Тэгэхээр төрийн албан хаагч авлигатай холбогдоно гэдэг хэрхэвч байж болохгүй, буруу зүйл гэдгийг харуулж байна. Миний хувьд авлигыг бүрмөсөн зогсоож чадахгүй учраас авлигатай асуудлыг байнга эрж хайж олоод холбогдсон хүмүүст хариуцлагыг хүлээлгэх тийм нийгмийн уур амьсгал, тогтолцоог бүрдүүлэх ёстой. Сэтгүүлч та ч гэсэн үүнтэй санал нийлэх байх.

Үүнийг зөвхөн төр засгаас шийдвэрлэчих асуудал биш. Ард иргэд өөрсдөө хөдөлж тэмцэх шаардлагатай. Солонгос улсын хувьд ч төр засгаас Ерөнхийлөгчийн буруутай үйл ажиллагааг буруушааж шүүхээр шийдвэрлэсэн ч үүнд ард иргэдийн оролцоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсад 3000 гаруй солонгос иргэн удаан хугацаагаар оршин сууж байна. Эдгээр хүмүүс өнгөрсөн аравдугаар сард Солонгос улсад байдаг Авлигатай тэмцэх үндэсний хөдөлгөөн гэдэг иргэдийн байгууллагын салбарыг Монголд байгуулаад ажиллаж эхэлсэн. Тэр салбарын нээлтийн үйл ажиллагаанд би очиж баярын үг хэлэхдээ тэдний идэвх санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Манай улс хөгжин дэвжих явцад авлига маш том асуудал болж байлаа. Гэхдээ өмнөх үетэй харьцуулбал ард иргэд, нийгмийн хөдөлгөөн, төр засгийн хүсэл тэмүүллээр одоо авлигал эрс багасч байгаа нь мэдэгдэж, хувь хүн бүр авлигад холбогдох ёсгүй гэсэн өөрийн бодолтой болсон нь нэн сайшаалтай гэж үзэж байна.

Монголчууд Солонгосыг олон талаас нь хөгжлийн загвар орон гэдэг. Ийм учраас авлигын эсрэг солонгосын бодит жишээг ч мөн хүлээж аваад, туршлага, сургамж болгож ашиглаасай гэж хүсдэг.

-Манай хоёр орны улс төр, улстөрчид ялгаатай байх. Солонгосын улс төрийн соёл ямар онцлогтой, хэрхэн бүрэлдэн тогтсон бэ?

-Солонгос улс ч гэсэн 1948 онд шинээр төр засгаа байгуулснаас хойш ардчиллыг бий болгоход олон асуудал тулгарч байсан. Тухайн үед ард иргэд өөрсдөө тунгаагаад ардчиллыг хэрэгжүүлж чадахгүй байгаа ерөнхийлөгч, улс төрчид, төр засгийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж өөрсдийнх нь шаардлагад нийцэхгүй хүнийг буулгаж байсан. 1960 оны дөрөвдүгээр сарын 19-ний хөдөлгөөнөөр оюутнууд тэмцэж И Сын Мань ерөнхийлөгчийн Засгийн газрыг буулгаж авсан. Бас 1987 оны зургадугаар сарын 10-нд дарангуйллын төр засгийг эсэргүүцэн Ардчилсан үндсэн хуультай болохын төлөөх том хэмжээний иргэдийн тэмцэл өрнөж байсан нь шинэ үндсэн хууль бий болох үндэс суурийг тавьсан. Мөн та бүхний сайн мэдэж байгаачлан 2016 оны өвөл солонгосчууд төв талбайдаа лаа барьж жагсаад авлигатай холбогдсон Пак Гын Хэ ерөнхийлөгчид хариуцлага үүрүүлж чадсан. Буруу зүйл хийсэн л бол ерөнхийлөгч байсан ч буруугаа үүрдэг гэдгийг хараад бусад бүх улс төрчид ингэж болохгүй юм байна, авлигад холбогдохгүй, үнэнч шударга байх ёстой гэдгийг ойлгож авч байгаа юм.

-Солонгосын улстөрчдийн ёс зүйн зохицуулалт ямар байдаг вэ?

-Улстөрчдийн хууль, журам тусдаа учраас нарийн агуулгыг хэлэхэд түвэгтэй. Ямар ч гэсэн жирийн ард иргэдийн эрх ашиг, санал бодолтой зөрчилдсөн зүйл хийвэл түүндээ тохирсон хариуцлагыг хүлээх ёстой гэсэн зарчимтай. Улстөрчдийн ёс зүйд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг салбар бол чөлөөт хэвлэл мэдээлэл. Хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байх нь чухал ч үнэн, зөв, шударга мэдээллийг хүргэдэг, хариуцлагатай байх нь нэн тэргүүний чухал зүйл юм. Хэвлэл мэдээлэл ардчилал, нийгмийн хөгжлийн гол түлхүүр юм.

-Төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн зохицуулдаг вэ? Бизнес эрхлэхийг яаж хязгаарладаг вэ. Жишээлбэл, бэлэг дурсгалын зүйл авахад хязгаарлалт үйлчилдэг үү?

-Солонгосын Дээд шүүхийн шүүгч асан Ким Ён Ран гэдэг хүн нийгмийн хөдөлгөөн болгож санаачлан эхлүүлсэн Авлигатай тэмцэх хууль бий. Энэ хуулийг түүний нэрээр Ким Ён Раны хууль гэж нэрлэдэг юм. Энэхүү хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүднээс улс төрийн албан тушаалтан хэн нэгэнтэй хоол идсэн тохиолдолд нэг удаад 30 мянган воноос давахгүй байхаар зааж өгсөн байдаг. Бэлэг дурсгалын зүйлийг ч мөн 50 мянган воноос дээш байх ёсгүй, төрийн өндөр дээд албан тушаалтны хурим найр баяр, оршуулгад 100 мянган воноос дээш хандив мөнгө өгч авч болохгүй гэх мэт зохицуулалт бий. Энэ нь зөвхөн төрийн албан тушаалтан төдийгүй сургуулийн багш, хэвлэл мэдээллийн ажилтан, улстөрчдөд хүртэл, чухал гэсэн бүхий л салбарт энэ хууль үйлчилдэг. Мөн ямар нэг ёс зүйгээс хэтэрсэн гуйлт хүсэлтийг ч хориглодог. Жишээлбэл, аль нэг чадварлаг том эмнэлэгт үйлчлүүлэгчийн дараалал ихтэй байхад нь урдуур нь орох, аль нэг хүнийг түрүүлж үзэх хэвтүүлсэн тохиолдолд энэ ч мөн хууль зөрчиж байгаа хэрэг болно. Энэ хууль хэрэгжсэнээс хойш төрийн албан хаагчдаас эхлээд жирийн хүмүүст ч амар болсон.

-Солонгосчууд олон шашинтай. Улстөрчид ч гэсэн тийм байх. Тэгвэл христийн шашинтай улстөрч  ба буддын шашинтай  улстөрч  хоёрын хооронд ялгаа, онцлог харагддаг уу?

-Солонгос улс нь Үндсэн хуульдаа шашны эрх чөлөөг хангасан байдаг бөгөөд төрийн шашин үгүй. Гэхдээ солонгос сонгуульт ардчилсан тогтолцоотой улс учраас сонгогчдын хүсэл зорилгыг анхаарахгүй байхын аргагүй. Солонгост голлох гурван шашин нь буддын, христ, католик шашин байдаг. Тэгэхээр сонгогчид санал өгөхөд шашны нөлөө шууд бусаар байдаг, улс төрд шашны нөлөө байна гэж үздэг хүмүүс бий.

-Солонгосын улстөрчдийн авлига, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйд иргэний хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн ажилладаг вэ. Тийм байгууллага, хүмүүсийн талаар?

-Тийм байгууллага маш олон бий. Солонгост Мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай хуулийн дагуу эдгээр иргэний нийгмийн байгууллагууд улс төрчид, парламентын хийж байгаа үйл ажиллагаа, мэдээллийг хүлээж авах боломж нээлттэй байдаг. Салбар бүрээр судалж, хяналт тавьдаг судлаачид байдаг, жишээ нь бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хянаж, судалдаг байсан судлаач багш Ким Сан Жу гэдэг хүн одоо энэ засгийн төрийн байгууллага болох Шударга өрсөлдөөний хорооны даргад томилогдоод ажиллаж байна.

"МОНГОЛЫН 200 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН ОЛОН УДААГИЙН ВИЗА АВАХ БОЛОМЖТОЙ"

-Нэгэнт БНСУ-ын Элчин сайдтай уулзаж байгаа завшааныг ашиглаж визний асуудлыг хөндөхийг хүсч байна. Жишээлбэл, өнгөрсөн аравдугаар сарын 4-нд олон удаагийн визийн журамд өөрчлөлт орсон.

-Өмнө нь олон удаагийн визийг долоон нөхцөл шалгуур тавьж, шаардлага хангасан хүмүүст олгож байсан бол нэмээд долоон нөхцөлийг оруулж өгсөн юм. Ингэснээр Солонгос руу байнга зорчдог, зорчих шаардлага их байдаг хүмүүс ихэнх нь олон удаагийн визний шинэ журамд хамрагдах боломжтой болж байна. Зарим нөхцөлөөс нь дурдвал, Солонгост бакалавр болон түүнээс дээш түвшинд сураад төгсөөд ирсэн хүн, эсвэл өөр бусад гадаад оронд магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан хүмүүс, эмч, багш, хуульч өмгөөлөгч, сэтгүүлч гэх мэт мэргэжлийн салбарт ажиллаж буй ажилтнууд, мөн жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг байгууллага компанийн хэлтсийн дарга болон түүнтэй дүйх, түүнээс дээш  албан тушаалын хүмүүс хамрагдаж байгаа юм. Тэгэхээр энэ зөвхөн хувь хүнд үйлчлээд зогсохгүй тэдгээрийн гэр бүл бас хамрагдах учраас энэхүү журам хэрэгжсэнээр Монголын 200 мянга орчим хүн олон удаагийн виз авах боломж бүрдэж байна. Урьд нь олон удаагийн виз эхний удаад нэг жилээр олгогдож байсан бол одоо шууд 3-аас 5 жилээр олгогдох болсон.

-Монголчууд виз мэдүүлэхэд юуг анхаарах шаардлагатай болж байна вэ?

-Нэгдүгээрт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хувийн, албан бус байгууллагуудаар дамжуулан материал бүрдүүлэх, хуурамч бичиг баримт гаргуулах асуудал их гарч байна. Иймэрхүү албан бус газруудын хувьд мөнгө олох зорилгоор ийм ажил хийж байгаа учраас визний журам, нөхцөлийг тайлбарлахдаа буруу ташаа мэдээлэл өгөх нь ч байна. Ийм учраас бид Солонгосын Элчин сайдын яамнаас албан ёсоор тогтоосон визний үйлчилгээг төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллага байдаг, тэдэн  дээр очиж үнэн зөв мэдээлэл авч байгаарай гэж зөвлөмөөр байна. Дээрээс нь Элчин сайдын яамнаас гаргасан визний журамтай танилцаж байж визээ мэдүүлэх нь зүйтэй.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хэрвээ зориудаар ямар нэгэн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн бол монголын төдийгүй солонгосын хууль журмыг зөрчсөн асуудал юм. Монголын хууль журмын дагуу ийм асуудал бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно. Солонгост ийм тохиолдолд хуурамч материал мэдүүлэгчид 1 жил болон түүнээс дээш хугацаагаар виз олголтыг нь хорьдог. Хамгийн багадаа нэг жил, нөхцөл байдлаас шалтгаалаад түүнээс дээш жилээр эсвэл хугацаагүйгээр виз олгох боломжийг нь хязгаарладаг. Мөн дээрээс нь виз гаргаж өгнө гэсэн хууль бус зуучлагч хүмүүсийг ч хугацаагүйгээр виз гаргах боломжгүй болгож бүртгэлд оруулж болдог. Бид энэ мэт зөрчилтэй, хуурамч бичиг материал гэдэг нь тодорхой болсон хэдэн зуун тохиолдлыг Монголын хууль, цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа. Одоохондоо шалгалт дуусаагүй байна. Шалгалтын үр дүн гарснаар эдгээр асуудалд холбогдсон хүмүүс хууль журмын дагуу хариуцлага хүлээх  болно.

-Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэхийг  багасгах тал дээр юу төлөвлөж байгаа вэ?

-Юун түрүүнд Солонгост зорчихыг хүссэн Монгол иргэд визийн журам, шат дамжлага, бүрдүүлэх материалын талаар үнэн зөв мэдээллийг хялбар аргаар авч чадахгүй байна гэж үзээд тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг утсаар өгдөг Мэдээллийн төвийг байгуулах гэж байгаа юм. Мөн визний журам мэдээллийг ЭСЯ-ны вэб сайт болон монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байх болно. Дээр дурдсанчлан хуурамч материал бүрдүүлсэн асуудлыг ч цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагад хандан шалгуулна.

-Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын болон АНУ-ын ЭСЯ, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад “Хариуцлагатай аялцгаая” аяныг хэрэгжүүлж байгаа. Ямар учиртай вэ?

-Аливаа улс орны виз болон гадаад оронд аялж зорчино гэдэг нь зорчиж буй улс болон өөрийн эх орон хоёр улсын хоорондын итгэлцлийг дааж явах асуудал буюу хувь хүний хариуцлага юм. Хууль журамд заасан нөхцөлийн дагуу тухайн улсад зорчих зөвшөөрөл визийг авсан учраас үүнд хамаарах үүрэг хариуцлагаа үүрч, чандлан сахиж байж улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих боломжтой. Тийм учраас монголчууд хамгийн олноороо оршин суудаг Өмнөд Солонгос, хамгийн ихээр аялдаг АНУ, Монгол гурван улс хамтраад энэ аяныг эхлүүлсэн юм. Итгэлтэй хариуцлагатай байж чадвал илүү аз жаргалтай амьдарч, нийгэм хөгжиж дэвшинэ гэдэг мессежийг түгээх зорилготой.

-Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭЗХАБ)-ын гишүүн орнуудын визийг авч байсан хүмүүс солонгосын визийг авахад хөнгөлөлттэй байдаг гэж сонссон, үнэн үү?

-Яг тийм биш ээ. ЭЗХАБ-ын гишүүн орны визтэй байна гэдэг нь бус тухайн улсад зорчсон байна уу, зорчсон штамп гадаад паспортан дээр байна уу гэдгийг бид шалгадаг. Ийм виз авчихлаа гээд солонгосын визэнд мэдүүлдэг хүмүүс олон байна. Зөвхөн виз авсан нь хангалттай биш байдаг юм. Хэвлэл мэдээллээр энэ тухай зөв мэдээллийг олон нийтэд хүргэж, элдэв зардал гаргахгүй байх талаас анхааруулж өгөөсэй гэж хүсмээр байна.

"ХҮНИЙ АМЬДРАЛЫН НЭГЭН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ"

-Та өөрийн гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх дөрвөн охинтой. Том охин маань АНУ-д докторт, хоёр дахь охин маань Солонгостоо, гурав дахь охин маань Япон улсад сурч байна. Харин бага охин маань бидэнтэй хамт Улаанбаатарт амьдардаг, дунд сургуулийн сурагч.

-Та хүүхдүүддээ юу захидаг вэ?

-Би хүүхдүүддээ үргэлж өөрийн дуртай ажлаа хий гэж захидаг. Тэр дуртай ажлаа чи сайн хийж чаддаг байвал сайн, дээрээс нь чиний дуртай, чиний сайн хийж чаддаг ажил бусдад хэрэгтэй байвал улам сайн гэж хэлдэг. Мөн хүний амьдралын нэгэн чухал зүйл бол гэр бүл, гэрлэлт юм. Энэ тал дээр хүүхдүүддээ хоёр зүйл дээр захидаг. Нэгдүгээрт, хань ижлээ сонгохдоо аль болох тэр хүн чинь чамтай ижил үнэт зүйлтэй байх хэрэгтэй, хүсдэг зүйл чинь аль болох адилхан байх хэрэгтэй, тэгж сайхан амьдарна. Хоёрдугаарт, тэр хүндээ сэтгэлээ зориулж чин сэтгэлээсээ хайрладаг байх ёстой. Зарим хүн гэрлэхдээ өөрөө ч мэдэлгүй нэг бол царайлаг эсвэл мөнгөтэй хүн гэж сонгодог.  Гэхдээ тэр хүнийгээ ямар ч мөнгөгүй, царай муутай байсан ч хайрлаж чадах уу гэдгийг сайн бодоорой гэдэг. Миний хувьд дээрх шаардлагыг хангаж байгаа бол ямар улс үндэсний хүн байх нь ер хамаагүй. Том охин маань удахгүй америк залуутай гэрлэх гэж байгаа, энэ хоёр шаардлагыг хангаж байгаа учраас хурим хийхийг нь зөвшөөрсөн. Гурав дахь охины маань найз залуу япон залуу. Монголд байгаа бага охин маань хэзээ нэгэн цагт монгол найз залуу дагуулаад ирвэл би бас л зөвшөөрнө. Үндэс угсаа, арьс өнгө хамаагүй, энэ хоёр шаардлагыг хангаж л байвал зөвшөөрнө. Манай гэр бүлийнх  бүгдээрээ хэрэглэж чадах хэл нь мэдээж солонгос хэл, хааяа найз залуусаа дагуулаад ирвэл бид англиар ярьдаг. Манайхан Хятадад удаан амьдарсан болохоор хятад хэлийг сайн мэднэ. Бас Японд гурван жил болж охид маань сургуульд сурдаг байсан учраас япон хэлээр ярьдаг.

Сайн аав уу, муу аав уу гэдгээ би өөрөө дүгнэхэд хэцүү. Би аав байх хамгийн чухал шаардлага болох цаг заваа зориулж чадаагүй хүн гэж боддог. Хүүхдүүдээ бага байхад нь ч хангалттай тоглож чадаагүй. Гэхдээ сайн аав байхын тулд хичээдэг, яаж хичээж байгаа вэ гэхээр би өөрөө үлгэрлэж зөв хүн байхын төлөө явдаг. Эхнэр бид хоёр хүүхдүүддээ хичээлээ хий гэж хэлж үзээгүй. Би өөрөө цаг гарах л юм бол ном хараад суудаг. Хүүхдүүд маань намайг хараад яг адилхан хичээлээ хийгээд суудаг болсон. Намайг харж үлгэр дууриал аваасай гэж хүсч хичээдэг нь миний хувьд аав, эцэг хүний үүргээ гүйцэтгэж байгаа гэж боддог. Мөн хүүхдүүддээ заавал хэлж захих зүйл нь юу вэ гэвэл ерөөсөө үнэгүй зүйл гэж байдаггүй. Чи ямар нэг ажил үүрэг гүйцэтгэсэн бол сайн юм хийсэн бол сайнаар, муу юм хийсэн бол муугаар эргэж ирдэг гэж захидаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

ЯРИЛЦСАН Ц.ОТГОНСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж