Алтайг өндөлзүүлж Монголоо мандуулсан сумочид

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Алтайг өндөлзүүлж Монголоо мандуулсан сумочид

Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна.

Д.КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР: МОНГОЛЫН СҮМОЧИД ОЛОН АМЖИЛТААРАА ДЭЛХИЙД ТАНИГДАЖ БАЙНА

Олон зуун жилийн түүхтэй Японы сүмо бөхөд монголчууд хөл тавих боломжийг сүмо бөхийн "Оошима" дэвжээний багш Оошима ояката тавьж, 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр ирж, шалгаруулалтыг хийж байжээ. Тухайн үед энэхүү шалгаруулалтаас Д.Батбаяр, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Н.Цэвэгням, Б.Энхбат нарын зургаан залуу шалгарч Токиог зорьж байсан түүхтэй. Ингэж монголчууд сүмо хэмээх спортын түүхийн замналаа эхлүүлж, өдгөө ч сүмогийн амжилтуудыг ээлжлэн эвдсээр байна.

Сүмогийн анхдагч болж зодог тайлсанч өдгөө Монголын сүмо бөхийн холбоог байгуулж, сэтгэл зүрхээ зориулж яваа хүн бол Кёкүшюзан Д.Батбаяр юм. Монголын сүмо бөхийн холбоо нь түүхэн  25 жилийн хугацаанд 20 гаруй залуусыг мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгчээ. Эдгээр залуусаас сүмогийн их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгааг Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Д.Батбаяр онцлон хэлж байв. Тэрбээр “Бөхийн орон монголчууд 1992 онд болсон сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Япон, АНУ-ын багийн араас гуравдугаар байрт орж байсан түүхтэй. Тухайн үеийн багш, дасгалжуулагчид, спортын мэргэжилтнүүд нэгдсэн бодлого, системтэйгээр бэлтгэх нь зүйтэй гэж үзсэнээр 1993 онд Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдах анхны суурь тавигдсан. Монголын сүмочид олон амжилтаараа дэлхийд танигдаж байна. Одоогоор Монгол улсын есөн сүмоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар ойгоо угтаж байна” гэсэн юм.

МИЯТА ОСАМҮ: КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯРЫН ХИЙСЭН АЖИЛ МОНГОЛ, ЯПОНЫ ГҮҮР

Олон улсын сүмо бөхийн холбооны шүүгч, Монголын сүмо бөхийн холбооны зөвлөх Мията Осамү Монголд саатаж, талархалаа хэлээд буцлаа. Тэрбээр “Монголын нийт сүмо сонирхогч ард түмэнд баярын мэнд хүргэе. Мөн чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Кёкүшюзан Д.Батбаяр сүмод орсон хоёр дахь жилдээ Монголын сүмо бөхийн холбоог байгуулж байсан. Энэ нь монголчууд сүмогоор хичээллэж, бас үзэж сонирхох болсон. Цаашлаад Монголын дөрвөн ёкозүна цолтон төрлөө. Иймээс Кёкүшзан Д.Батбаярын хийсэн ажил Монгол, Японы гүүр болсон гэж үзэж байна. Одоо Японд 40 орчим бөхчүүд сүмод барилдаж байна. Монголчууд Японд очих дуртай байдаг шиг япончууд монголд ирэх дуртай болсон. Бид бүгдийг холбож байгаа хамгийн том зүйл бол сүмо гэж үзэж байна. Би Монголд 120 дахь удаагаа ирлээ. Онгоц дүүрэн хүнтэй байлаа. Буцахад мөн дүүрэн хүнтэй буцна гэж бодож байна. Энэ нь Монгол, Японы харилцаа сайн байгаагийн илрэл гэж харж байна. Та бүхэнд маш их баярлалаа” гэж сэтгэлийн мэндчилгээг хүргэсэн. Мията Осамүгийн талархлыг олон монголчууд сонсож, мөн олноор Японыг зорьж байна.

ТҮҮХИЙН ЯЛАЛТУУД, АГШНУУД БАС АЛТАН ХАРААЦАЙ

1992 онд сүмогийн ертөнцийн хувьд онцлог жил болжээ. 1992 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр анх Олон улсын сүмо бөхийн холбооны анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ. Анхны тэмцээнд 25 орны 73 бөхчүүд зодоглож Монгол Улсын баг тамирчид сүмогийн өлгий нутаг Япон болон АНУ-ын багийн дараа гуравдугаар байрт шалгарч байсан байна. Энэ мэдээлэл олон улсад түгэж, сүмогийн спортоор дамжуулан монголчууд дахин дэлхийд шинэ спортын төрлөөр танигдаж ирсэн. Мөн сүмог сонирхох монголчуудын тоо эрс нэмэгдэж, шинэ шинэ амжилтын төлөө тэд тэмүүлэх болсон юм. Энэхүү тэмцээнээс хойш монголчууд сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, одоогоор есөн сүмоч дэлхийн аварга цолыг хүртжээ. Мөн энэ хугацаа сүмогийн эмэгтэй дэлхийн аварга цолтон төрсөн байна.

Сүмо бөхийн дэлхийн аваргууд:

  • 1994 он Б.Бат-Эрдэнэ
  • 1994 он Б.Гантогтох
  • 1995, 1997 он А.Сүхбат
  • 2006-2007 он У.Бямбажав
  • 2008, 2012 он Г.Наранбат
  • 2012 он Р.Гантөгс
  • 2014 он Б.Төрболд
  • 2016 он Б.Төрболд
  • 2010 он Я.Дулмаа /эмэгтэй/
  • 2015-2016 он Х.Сүнжидмаа  нар дэлхий аварга болсон байна.

1994 оны сүмо бөхийн ДАШТ Японы Токио хотод болоход өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцож түрүүлж байсан билээ. Тэрбээр үлэмж биет Эммануэл Яарброуг давж, тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд бичигдэж, монгол бөхийн ур чадварыг харуулсан үйл явдал болж байв. Мөн монголчууд бөхийн орон гэдэг нэгэн тодотголыг дэлхий дахинд өгч байлаа. Энэхүү мэдээлэл өдгөө ч хуучраагүй бөгөөд сүмогийн түүхэнд тэргүүнд бичигдэх амжилтын нэг юм. Энэ бол сүмо бөхийн түүхэн 25 жилийн ойн онцлох ялалтын нэг агшин. Магадгүй түүх хэзээ ч хуучирдаггүй бүр үнэ цэнэтэй болж байгаагийн нэгэн жишээ нь энэ билээ. Энэхүү ялалтаас хойш монголчууд сүмод улам их хүч үзэж, амжилтын буухиа үргэлжилсэн түүхтэй. Эдгээр түүхийн ялалтууд, агшнууд бас алтан хараацай болсон баатруудын тухай “Амжилтын зам” нэвтрүүлэг өдгөө том баримт болон дэлгэгдлээ. Магадгүй үзэж амжаагүй нэгэн энэхүү нэвтрүүлэгийг үзэж, сүмогийн түүхтэй танилцах учиртай.

АЛТАЙГ ӨНДӨЛЗҮҮЛЖ МОНГОЛОО МАНДУУЛСАН КЁКҮШЮЗАН

Мөн тэртээ 1990-ээд оны үед нэгэн дуу олны хүртээл болсон. Энэ дуу бол Алтайг өндөлзүүлж Монголоо мандуулсан гэсэн үгтэй дуучин Т.Аминаагийн Үндэсний Телевизийн алтан фонтонд бичүүлж үлдээсэн “Кёкүшюзан Д.Батбаяр” дуу юм. Түүний гаргасан амжилтыг гайхаж, бас магтан дуулахын аргагүй. Тиймийн учир уран бүтээлчид “Кёкүшзан Д.Батбаяр” дууг бүтээж, монголчууд түүний амжилтаар бахархаж суужээ. Тэртээ он жилүүдийн бидний мэдэхгүй эдгээр түүхүүдийг Үндэсний Телевиз хэмээх том айлын уран бүтээлчид дэлгэцийн хальсанд буулгаж үлдсэн нь олзуурхаштай. Энэ дуу олон хүүхэд багачуудад спортоор хичээллэх сонирхлыг төрүүлж, алгаа дэвэн тэд ялалт руу тэмүүлсэн нь дамжиггүй юм.

Арал дэвсүүлж далайг цалгайж

Алдар өргөн дэлхийг шуугиулсан

Алгаа дэлгэж ялалтаар ёсолж

Алтайг өндөлзүүлж Монголоо мандуулсан

Кёкүшюзан Хөх тэнгэрийн бөхөө

Кёкүшюзан Хүлэг баатрын сүрэг гэсэн энэ дуу олон залуусыг сүмод орох том хүчийг өгсөн. Тухайн үед Монголоо түмнээ баярлуулж, монголчууд бөхөөрөө бахархаж, омогшиж байсан нь өдгөө дэлхийд бахархал болсон аваргуудын минь эхлэл билээ. Энэ дууг сонсож, Кёкүшюзан Д.Батбаяраар бахарсан нэгэн та ч байж мэднэ. Ийм л их түүхийн улбаатай сүмочдын түүх арвин. Тиймийн учир энэ бүгдийг энэхүү нийтлэлд багтаахад бэрх байлаа. Түүх бичиж чадсан Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат болон сүмогийн өнөөдөр, ирээдүй хойч үе болсон нийт бөхчүүддээ баярын мэнд хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж