НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “АНУ ОХУ-д дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээгээ биелүүлэх 60 хоногийн хугацаа өгч буй бөгөөд энэ нь “хамгийн сүүлчийн боломж” байх болно. Хэрвээ ОХУ цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол АНУ эвслээс гарна” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр сэтгүүлчдэд “ОХУ-д гэрээгээ биелүүлэх сүүлчийн боломж олгож буй бөгөөд энэ боломжийг ашиглахыг уриалж байна” хэмээн мэдэгджээ. Хэрвээ гэрээ цуцлагдсан тохиолдолд НАТО ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуултад хариулахдаа Столтенберг “Энэ бол маш ноцтой асуудал. Хариу арга хэмжээнүүд авснаар байдлыг улам төвөгтэй болгох тул тэнцвэртэй, хариуцлагатайгаар асуудлыг шийдэх болно” хэмээсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь 1987 онд үзэглэсэн тус гэрээг ОХУ зөрчсөн тул энэхүү гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэн билээ. Үүнээс гадна Вашингтон дунд болон ойрын тусгалын пуужингууд эзэмшдэг хэд хэдэн улс орон байдаг бөгөөд Хятад улс энэ гэрээнд оролцоогүйг онцлон тэмдэглэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Москва Вашингтоноос дээрх гэрээнээс татгалзах тухай албан ёсны мэдэгдэл аваагүй байна” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ гэрээнээс гарах нь зэвсэглэлээр хяналтгүй хөөцөлдөхөд хүргэнэ” хэмээн үзэж буй ажээ. Тус улсын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Оросын тал гэрээг тууштай биелүүлж байгаа болно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Владимир Жабаров “Орос улс гэрээгээ биелүүлж буйг нотолсон баримт бичгүүдийг АНУ-д өгсөн” хэмээн мэдээлжээ.
Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээнд 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарын үсэг зурж, 1988 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Газарт байрлуулсан ба байрлуулаагүй (500-гаас 1000 километр хүртэл) ойрын болон дунд тусгалын (1000-гаас 5500 километр хүртэл) пуужингууд уг гэрээний үйлчлэлд хамрагддаг байна.
Эх сурвалж: РИА Новости
Холбоотой мэдээ