MN-25 дугаар суваг телевизийн “21000 реалити” шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар үзэгчдэд үргэлжлэн хүрсээр байна. Энэ удаагийн дугаарт улстөрч З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцож байгаа. Оролцогчид зочид буудалд 10 хоног байрлаж, 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх учиртай. Мөн өдөр бүр янз бүрийн ажил хийнэ.
Улстөрчдөөс энэхүү нэвтрүүлэгт анх удаа оролцож байгаа гэж өөрийгөө танилцуулж байсан З.Баянсэлэнгийн долоо дахь даалгавар нь массажист /бариач/ хийх байв. Тэрбээр Тайланд массажны газарт нэгэн эрэгтэйд массаж хийсэн юм. Энэ талаараа оролцогч З.Баянсэлэнгэ “Миний мэргэжлийг 25 дугаар суваг телевиз сольчихлоо. Тайланд массаж хийх даалгавар авчихлаа. Аз болж би хурууныхаа хумсыг ургуулсангүй. Хүний дээр гараад массаж хийнэ гэдэг бол хэцүү юм. Гэхдээ массажны зорилго нь өөр болохоор. За яахав монгол эр хүнд нэг удаа массаж хийгээд өгөөл биз. Мэргэжлийн массажист биш учраас өөрийнхөө хэмжээнд хийлээ. Нэвтрүүлгийнх нь дүрэм хатуу учраас үзэгчид маань ойлгож байгаа байх. Миний хувьд нэвтрүүлэгт оролцоно гээд урилгыг авсан учраас даалгаврыг гүйцэтгэлээ. Энэ даалгавар хүнд гээд гүйцэтгэхгүй байх аргагүй. Ямар ч байсан нэг эр хүнд массаж хийчихлээ” гэсэн юм.
Харин түүний өрсөлдөгч А.Хишигдалай энэ өдөр нэгэн эмэгтэйн нүүр будсан. Хоёр оролцогчид оноосон даалгавар харилцан адилгүй байсан бөгөөд улстөрч З.Баянсэлэнгэд оноосон даалгавар л арай л хатуудав бололтой.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ