Ж.Мөнхбат: Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оноох ёстой

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оноох ёстой

Ж.Мөнхбат: Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оноох ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон байнгын хорооны хэд хэдэн тогтоолыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ.

Үүний дараа Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр болсныг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.  Учир нь Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гарсан бол 15 хоногийн дотор шийдвэрлэх хуультай юм байна.

Dайнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл оногдуулахаар тусгажээ. Хаалттай сануулга, нээлттэй сануулга гэж оруулсан нь ямар учиртай юм бэ.

Ажлын хэсэг:

-Нээлттэй гэдэг нь байгууллага хамт олон дунд нь шийдвэрээ бичгээр сануулах, хаалттай гэдэг нь зөвхөн тухай албан хаагчид өгөх сануулга гэсэн шийтгэл нь Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан. Үүний дагуу өөрчлөлт оруулж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ЖДҮ-тэй холбоотой асуудлаар Засгийн газарт үүрэг бүхийн тогтоолыг хүргүүлэх боломжтой юу. Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг оруулж, тогтоол гаргах боломж бий юу. Мөн хэдэн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар эзгүй байна вэ. Яагаад томилохгүй байгаа юм бэ. Баталж байгаа хуулиудыг хэрэгжүүлэх хүн болох Төрийн нарийн бичгийн дарга нь эзгүй байхад хууль батлаад ямар хэрэг байна вэ. Энэ хуулийг баталбал хэдэн Төрийн нарийн бичгийн дарга нар хэрэгжүүлэх вэ. Үүрэг гүйцэтгэгч, огт Төрийн нарийн бичгийн даргагүй олон яам байна шүү дээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуугаагүй тохиолдолд байнгын хорооны дарга нэг удаа сануулах хуулийн заалт бий шүү. Ер нь ирэх нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих учраас дагаж гарч байгаа хуулийг нь хэлэлцээд дэмжээд явах нь чухал байх.

-Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо

-Яг өнөөдрийн байдлаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар томилогдоогүй байна. Зам тээврийн, хөгжлийн яам болон Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох захиалга Төрийн албаны зөвлөлд ирсэн байгаа. ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлах хүсэлт ирээгүй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн:

-Төрийн албаны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлийг хаалттай, нээлттэй гэх шаардлага байна уу. Төрийн албан хаагчийн шийтгэлийн асуудал бол нээлттэй байх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тиймээс энэ хуулийн төслийг заавал хэлэлцэх шаардлага байна уу.

Ажлын хэсэг:

-Захиргааны хэргийн тухай хуульд заалт нь орсон учраас сахилгын шийтгэлийн асуудлыг бүгдийг нь ижил болгосон нь зүйтэй болов уу гэдэг үүднээс хуулийн өөрчлөлт оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Төрд итгэх ард түмний итгэл байхгүй боллоо. Төрийн албан хаагчийн нээлттэй, хаалттай шийтгэл гэдэг бол маш буруу гэж бодож байна. Одоо энэ ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн албан хаагч нар маш олуулаа холбогдсон. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Улстөрчид нь ёс зүйн хариуцлага хүлээж байна. Гэтэл төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээх вэ. Ер нь сахилга, хуулийн хариуцлагын асуудлыг цаашид өндөр түвшинд хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хаалттай сануулга гэдгийг нь хасаад нээлттэйгээр нь байх хэрэгтэй. Ер нь хариуцлага гэдэг зүйлийг ярих гэж байгаа бол бид хариуцлагатай, чангатгах хэрэгтэй.

Ажлын хэсэг:

Захиргааны ерөнхий хуультай нийцүүлсэн заалтууд орж ирж байгаа юм. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр цалингийн 20 хүртэlх хувиар шийтгэх заалт хэрэгждэг. Шинэ хуулиар цалин хөлс гэх заалтыг хассан. Учир нь хүний цалин хөлснөөс хасах нь зохимжгүй гэж үзэж, тусгагдсан.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргаж,  санал хураасан юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас энэ хуулийн төлсийг ажлын хэсэг дээр дахин ярилцахаар боллоо.

Үүний дараа  “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж