Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа 26 настай эмэгтэй төрсөн тухай дуулианд тус төвийн захирал Ш.Энхтөр тайлбар хийлээ.
Тэрбээр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Болсонд явдалд өөрсдийгөө зөвтгөхгүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, ажлаа өгнө.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ.
Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл явц өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.
Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг хоёр яаралтай хүлээн авах газартай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж яаралтай тусламж авсан.
Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.
Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй" гэлээ.
Э.СОСОРБУРАМ