Хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө зардаггүй

Хуучирсан мэдээ: 2015.03.01-нд нийтлэгдсэн

Хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө зардаггүй

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас дараах тодруулгыг хийлээ.

-УИХ-аар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байсан ч татагдсан гэх юм. Хуулийг татсаны шалтгаан юу байсан юм бол. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн асуудал улам ноцтой болж байгаа нь дөрвөн настай охинд тохиолдсон эмгэнэлт хэрэг харууллаа. Хууль сахиулагч хүчирхийлэл үйлддэг, хохирогчийг эмнэлэгт хүргэж авчирсан байтал эмч буцаагаад гэр рүү нь явуулсан нь эмнэлгийн тусламжийг цаг тухайд авч чадахгүй болж амиа алдах шалтгаан нь болсон юм биш байгаа гээд олон олон харууслыг араасаа дагуулж байна?

-УИХ-аас Гэр бүлйин хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан байдаг. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах асуудал сул байсан нь хүчирхийлэл далд хэлбэрт шилжихэд нөлөөлсөн.  Тийм ч учраас хуулиа илүү чамбай болгох шаардлагатай гэж үзэн УИХ-д Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өргөн баригдаж, эмэгтэй гишүүдийн бүлэг сайн ч ажилласан. УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хуулийн төсөл батлагдах шатандаа ортол Засгийн газар хуулийн төслийг татсан байгаа юм. Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг эргэн татахдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хамтад нь татсан.

Шалтгаан юу байв гэтэл хүчирхийллийн асуудлыг Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зохицуулах боломжтой гэсэн юм яригдсан гэх мэдээлэл байна. Тийм учраас төрийн бус байгууллагуудтай ярилцаад Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр бэлтгээд сууж байна. Шаардлагын утга нь тусдаа зохицуулалттай хууль байх ёстой, өмнө өргөн барьсан хууль сайн төсөл. Түүнийгээ суурт болгож, шаардлагатай өөрчлөлтүүдийг нэмж оруулаад хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой гэлээ. Хуулийн төслийг хаврын чуулганаар багтааж батлахгүй бол цаг хугацаа маш их алдах болж байна.

Судалгаагаар 2010 оноос хойш хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амь насаа алдаж, 1200 гаруй эмэгтэй бэртэл гэмтэл авсан, хүүхдийн амь нас хохирсон байгаа. Гэр бүлийн асуудлыг бүгдийг хуулиар зохицуулах боломжгүй ч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хуулийн заалт маш чухал байдаг.

-Хамгийнхаа хайртай хүмүүст ийм хэрцгий байдлаар хандаад байгаагийн цаад шалтгаан юу байна вэ. Энэ талын судалгааг хийсэн байдаг юм болов уу. Эсвэл төр хүнээ боловсруулах, ажиллах гэдэг зүйлийг орхигдуулчихаад байна уу?

-Их олон шалтгаантай холбоотой л доо. Ер нь хүнээрээ хүн хийнэ гэдэг хүмүүсийнхээ ухамсартай хүүхэд байхаас нь ажиллах ёстой.  Төр энэ асуудалд хөрөнгө зарах ёстой. УИХ-аар 2015 оны төсөв хэлэлцэн батлахад хүүхдийн хөтөлбөрүүдтэй холбоотой бүхий л зардлууд  хасагдсан. Манай гишүүдийн сэтгэхүй хүрэхгүй байгаа байхгүй юу, үнэндээ. “Иргэний боловсролд мөнгө зарах хэрэгтэй байна, хувь хүний хөгжил рүү хандсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна” гээд байхад л “Үгүй ээ, барилга барина, зам барина. Энэ чухал байна” гээд хүндээ хөрөнгө оруулдаггүй. УИХ-ын гишүүд нь, төр засаг нь ийм сэтгэхүйтэй байхад яах вэ.

Улс орны хөгжил бол хүний хөгжлийн индексээр л хэмжигддэг. Сониноор дүүрэн зар байна гэвч ажилд тэнцэх хүн алга. Нэг л их олон академик боловсрол эзэмшээд байдаг. Тэгсэн хэрнээ тэсвэр хатуужил, эх оронч боловсрол эзэмшдэггүй. Хүнтэйгээ ажиллаад эхлэх юм бол энэ бүхнийг эзэмшинэ. Би хоёр жил хөөцөлдөж байгаад “Эх орон 36” хөтөлбөрт төсөв батлуулсан. Цэвэр хүүхэд рүү хандсан хөтөлбөр л даа. Яаж хүний үг сонсдог болох вэ, яаж эх оронч үзэлтэй болох вэ, яаж энийг даван туулдаг болох вэ гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр хүүхдүүд бага наснаасаа эхлээд зөв хүмүүжил төлөвшилтэй болж ирж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн төсөв хөрөнгөө нэмэгдүүлж, гэр бүл, сургууль, цэцэрлэг гээд бүхий л шатандаа хүний хөгжилдөө анхаарах цаг болсон.

Г.ДАРЬ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж