Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2014 оноос эхлэн хоёр жил тутамд “Хүнд суртлын индекс” судалгааг хийж ирсэн бөгөөд өнөөдөр /2018.12.05/ тайлангийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МҮХАҮТ, ЗГХЭГ, Авилгатай тэмцэх газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс”-ийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр судалгааны аргачлалыг шинэчлэн боловсруулж амжилттай явуулжээ. Судалгаанд нийт төрийн 54 байгууллагын давхардсан тоогоор 2009 үйлчилгээ үнэлэгдсэн байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниуд тухайн төрийн байгууллагуудаас авч буй үйлчилгээнд үнэлгээ өгсөн юм.
Судалгаанаас гарсан үр дүнд шинжилгээ, харьцуулалт хийн, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний санал зөвлөмжийг гаргажээ.
Судалгаагаар төрийн бодлого, хууль дүрэм, шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчид оролцох боломжийг нийт судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 44 хувь нь хангалтгүй гэж үзэж “муу” үнэлгээ өгсөн байна. Энэ үнэлгээ нь 2015 оны үнэлгээтэй харьцууулахад 29 хувиар буурсан үзүүлэлт ба шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчдийн оролцох боломж нь 2018 онд 2015 оныхоос илүү нэмэгдсэн гэж үзэж “дунд” ба “сайн” үнэлгээний эзлэх хувь нь өмнөх судалгаанаас өсчээ.
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй хүргэх талаар судалгаанд оролцогчдын 17 хувь нь “сайн” гэсэн үнэлгээ өгсөн ба энэ нь 2015 оноос 16 хувиар өссөн дүнтэй байна. Судалгаанд бизнес эрхлэгчдийн 50 хувь нь “дунд” гэж үнэлсэн ба өмнөх судалгаанаас 11 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин “муу” ба “мэдэхгүй” гэсэн үнэлгээ ойролцоо дүнтэй гарсан байна.
Төрийн үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байгаа тухай асуухад судалгаанд оролцогчдын 40 хувь нь “сайн” үнэлгээ тавьсан бол 42 хувь нь “дунд”, 16 хувь нь “муу” гэсэн үнэлгээ өгчээ.
Судалгааг хийхдээ санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатарын хотын 761, 21 аймгийн 430 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгээс дараах асуултад хариулт авлаа.
-“Хүнд суртлын индекс” судалгааны тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа хийдэг “Хүнд суртлын индекс” судалгааны тайланг тавилаа. Ерөнхий индексийг харахад 2,51 /дээд хэмжээ 5,0/ гарч байна. Өмнөх судалгааны аргачлалыг өөрчилж гаргасан. Энэ нь илүү олон байгууллагын оролцоог оруулсан буюу Австралийн танхимаас судалгааг хийдэг аргачлалыг ашигласан. Ямар ч байсан бизнесийн орчинг таатай болгох, авилгын түвшинг гаргахад олон улсын хэмжээнд бид ямар түвшинд байгаа гэдгийг гаргаж ирэх гол зорилго байсан юм. Нөгөө талаар төрийн 54 байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээг эрэмбэлж гаргасан. Гэхдээ энэ удаагийн аргачлал өөр учраас өмнө гарч байсан судалгаатай харьцуулахад боломжгүй. Судалгааг гаргахад 1200 байгууллагад биечлэн очиж асуултад бүрэн хариулт авсан нь давуу тал боллоо.
Бусад орны авилгатай тэмцэж байгаа байдал, төрийн үйлчилгээний байдлыг туршиж байна. Гүржийн туршлагыг үзэхэд хүний оролцоог багасгаснаараа мэдээллийн технологийг ашиглаж тус улс авилгатай хэрхэн тэмцэж чадсаныг төрийн байгууллагынхан харсан. Зарим нэг байгууллагад энэ явц байна. Энэ чиглэлийг Монголд ч гэсэн хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа гэдэг нь харагдлаа. Бүх зүйл муу байхгүй байна. Бичиг баримтын тоог цөөрүүлэх шаардлагатай. Хүнд суртлын индексийг одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа Зөвшөөрлийн тухай хуулинд ашиглахаар хүлээгдэж байна. УИХ болон Засгийн газрын хэрэг эрхлэх газартай МҮХАТ санамж бичиг байгуулснаар бидний болон бусад байгууллагын хийж байгаа судалгаа материалыг бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцлийг бий болгож хүндрүүлэхгүй байхад ашиглах хэрэгтэй.
-Хүнд суртал өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт гарчээ. Үйлчилгээг илүү технологитой холбосны үр дүн юу?
-Ерөнхийдөө хүнд суртал тодорхой хэмжээгээр багассан. Гэхдээ бичиг баримт их байна гэдэг нь хүнд суртал, хугацааг шаардаж байна. Нэг бичиг авахад 7-14 хоног болж байгаа нь асар их саад учруулж байгаа том асуудал.
-Төрийн байгууллагын анхан шатны нэгж байгууллагад хүнд суртал гарахгүй байна гэж судалгаагаар гарчээ. Тэгвэл ямар шатанд асуудал үүсэж байна вэ?
-Ерөнхийдөө шийдвэр гарах түвшинд буюу дунд, дээд шатанд авилга хээл хахуул, хүнд суртал гарч байна. Яагаад гэвэл анхан шатны бичиг баримт авч байгаа хүнд энэ байдал гарахгүй байна гэж харагдсан. 14 хоногийн хугацаанд нэг бичиг авна гэдэг бол маш том хүнд суртал байна гэсэн үг. Гадаадын туршлагыг төрийн байгууллагуудын төлөөлөл сайн ойлгосон байх гэж харж байна. Аливаа юм нуугдмал байх тусмаа цаана нь юу болж байна вэ гэдэг нь сүүлийн үеийн болж байгаа явдлуудаас харагдлаа. Нийтийн хяналт, оролцоо ямар байх ёстой юм гэдэг нь чухал байна. Азийн хөгжлийн банк дахиад нэг цонхны электрон төслийг хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сургаад эхэллээ. Үүнийг бид тодорхой хэмжээгээр цаг алдахгүй ядаж бизнес эрхлэгчдийнхээ цагийг хэмнэх үүднээс хотын гааль дээр нэг цэгийн үйлчилгээг бий болгоё гэсэн төсөл дээр ажиллаж байна. Мөн МҮХАҮТ дээр бүх бизнес эрхлэгч болон гадаадын хөрөнгө оруулагч мэдээллийг нэг цэгээс авах үйлчилгээг удахгүй нээх гэж байна.
Холбоотой мэдээ