Нийслэлд Томуу, томуу, төст өвчний улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 10 дугаар сараас 03 дугаар сард дээд хэмжээнд хүрдэг байна. Иймээс ЭМС-ын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, НЗД-ын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг тус тус шинээр барьж, ашиглалтад оруулсны үр дүнд нийслэлд хэвийн үед хүүхдийн 977 орыг ажиллуулж байна.
2018-2019 оны Томуугийн улиралд нийслэлийн хэмжээнд болон Дүүргийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөснөөр 1827 орон дээр тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Энэхүү төлөвлөгөөний дагуу нэмэлтээр оруудыг үе шаттайгаар дэлгэн 12-р сарын 04-ний байдлаар 1311 хүүхдийн орон дээр Томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшингөөс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-иар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6%-ийг 0-1 нас, 25.4%-ийг 2-4, 13.8%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.
Эх сурвалж: НЭМГ
Холбоотой мэдээ