“Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

“Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов

“Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.12.05/ 11 цаг 35 минутад гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсов.

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн 3 үе шаттайгаар хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн 2014 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ.

Эдгээр тогтоол, шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа талаар аймаг, нийслэлийн иргэдээс найман мянга гаруй өргөдөл ирүүлсэн тул өнөөдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд онцоллоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн мэдээлэлдээ, "Монгол Упсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" 2.3.1-д ".. Усны нөөц, гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах", "Ногоон хөгжлийн бодлого" 3.2.1-д "байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бурэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хургэх", “Ус ундэсний хөтөлбөр"-т "Гол мөрний урсац бурэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д "Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-aac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэж бодлогын бичиг баримтад заасан. Түүнчлэн гол мөрний урсац бүрдэх эх нь нийт 144,157.6 км талбайг хамардаг бө үүнээс 64,438.45 км талбай буюу 44.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөхөөр 9 аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зарим нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай бүсэд хамаарагдсан боловч тогтоолын зарим заалт хэрэгжихгүй байгааг Ажлын хэсгээс тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн тайлбартаа, тусгай хамгаалалттай газар, нутгийг хамаарах асуудлаар дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн гэсэн бол Ажлын хэсэг, Бат-Өлзий сумын хувьд Улаан цутгалан бол тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан болохыг тодотгов.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, аялал жуулчлалын зориулалт нэрийн дор Хөвсгөл нуур орчимд газар олголт эмх замбараагүй болсон төдийгүй гадаадын иргэд үйл ажиллагаа явуулж буй талаар нутгийн иргэдээс гомдол ихээр ирүүлж байна. Үүнд ямар зохицуулалт хийгдэж буй талаар тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хийсэн тайлбартаа, өнгөрсөн 8 дугаар сард томоохон бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хөвсгөл аймагт ажилласан. Өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ, мөн аялал жуулчлалын стандартыг хэлэлцэж, үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэлээ.

Түүнчлэн, Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, обьект барьсан асуудлаар Өргөдлийн байнгын хороо газар дээр нь ажиллаж, үүрэг, даалгавар өгсөн. Өнөөдөр ямар шатанд явж буй талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал хэлж байв.

Ийнхүү Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган өргөдөл ирүүлсэн 8 мянга гаруй иргэдийг төлөөлж, Засгийн газарт чиглэл өгөх саналтай буйгаа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны төгсгөлд тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж