УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг авч үлдэхэд кноп дарсан гурван гишүүндээ улс төрийн хариуцлага оногдуулсан билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг намын гишүүнчлэлээс нь дөрвөн жилийн хугацаатайгаар хасч, Д.Мурат, Л.Болд нарын сонгуульд нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Намаасаа шийтгэл сонссон УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарахаа мэдэгдээд байгаа юм. Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болоход хүрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-д элсэж магадгүй гэсэн таамаг улс төрийн хүрээнд хөвөрч байна. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.
Тэрбээр “МАХН-ыг төлөөлж би УИХ-д сууж байгаа. МАХН шинэчлэл хийх гээд явж байна. Улсын Дээд шүүхийг өнөөдөр бүлэглэлүүд атгачихсан байгаа нь үнэн учраас бүлэглэлийн эсрэг сул дорой харагдаж байж магадгүй. Би АН-д орохгүй. Энэ үлгэрээ зогсоо. Харин АН-ынхан манай намд орж магадгүй. Би анхнаасаа 2016 онд ч хэлж байсан. 14 гишүүн манай намд орно гэж ярьж байхад хүмүүс шоолж, муулж байсан. Одоо хар л даа. 27 хүн гараад л ирлээ шүү дээ. Багаар бодоход 14 гишүүнтэй нийлээд гурав, эсвэл дөрөв дэх улс төрийн хүчин гарч улс орныг цэвэрлэж авна гэж бодож байна. АН-ын бүлэгт болж байгаа асуудал бол АН-ын л асуудал. “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэж үг бий. Ордны хуйвалдаан хийдэг байсан. Энэ хуйвалдаанаараа өөрсдөө унасан. АН "Шударга ёс" эвслийн бүлгийг хүртэл задалж л байсан. МАХН-ын бүх өрөм, сайн сайхныг хүртсэн хүмүүсийг нь гоё сайхан үгээр хуурч албан тушаалаар өөд нь татаж МАХН-ыг бүлэггүй болгож байсан. Одоо үүнийг нь цаг хугацаа харуулж байна. Өөрсдөө УИХ-д бүлэггүй болоход ямар байдгийг АН одоо үзэж байна. Надад сайхан байна” гэлээ.
Холбоотой мэдээ