ТОСК-ын байрыг 1м2-ыг 1.3 сая төгрөгөөр үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

ТОСК-ын байрыг 1м2-ыг 1.3 сая төгрөгөөр үнэлнэ

Засгийн газар өнөөдөр /2018.12.05/ хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хуралдаанаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам баталсан байна. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөг болж нэмэгдэх бөгөөд найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь хүртэл нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр Яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Метр квадратын өртөг нь 1,3 сая орчим байхаар төлөвлөжээ. 972 айлын орон сууцыг ашиглалтад орсны дараа түрээс хэлбэрээр иргэдэд олгох эсэх асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх юм байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрбээр,

-Засгийн газрын хуралдаанаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам баталсан. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьсны дагуу энэхүү журам батлагдлаа.  Өмнө нь манай яам болон Сангийн яам хамтран судалгаа гаргаж, ажлын хэсэг ажилласан.  Энэ удаагийн өөрчлөлтөд анх удаа орон сууц авч байгаа, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орон сууц,  гэр хорооллын амины орон сууцыг хамруулахаар болсон.  Амины орон сууц нь 120 метр квадрат байх бөгөөд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Мөн зээлийн эх үүсвэрийн хэмжээг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өмнө нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг  банкуудад олгож байсан бөгөөд Монголбанкны эргэн төлөлтийн эх үүсвэрийг нэг хувь болгож бууруулсан учраас зээлийн хүртээмж нэмэгдэхээр болж байна. Зээлийн урьдчилгаа 30 хувь хэвээрээ байхаар тогтсон байна. Ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр иргэдийн зээл авах нь хоёр дахин нэмэгдэнэ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

972 айлын орон сууцыг түрээсээр олгох ажлыг хэзээнээс эхлүүлэх боломжтой вэ?

-972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээслэх, хэдэн хувийг борлуулах вэ гэдгийг эцэслэн тодорхойлоогүй байгаа. Манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг яг одоо ажиллаж байгаа бөгөөд тодорхой хувийг түрээслэх шийдвэр гарах байх.

-Түрээсийн байрыг өмчлүүлэх асуудлыг яам авч хэлэлцэж, шийдвэр гаргах уу?

-Одоогоор түрээсийн байрыг өмчлүүлэх асуудлаар шийдвэр гараагүй. Гэхдээ цаашид гаргана.

Арилжааны банкуудад ипотекийн зээл олгож байгаа эсэх нь тодорхойгүй байгаа. Иргэдийн зүгээс ипотекийн зээл олгохгүй байна, зөвхөн арилжааны банкуудтай гэрээтэй компанийн байрыг олгох байдлаар үргэлжилж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Журам гарахаар ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх үү?

-Ипотекийн журам батлагдсанаар арилжааны банкуудтай Монголбанк гэрээ байгуулна. Тиймээс арилжааны банкууд энэ журамд захирагдана. Өмнө нь ипотекийн санхүүжилт олгож буй банкууд энэ журамд захирагддаггүй байсан. Одоо хэрэв журам зөрчвөл тухайн арилжааны банктай хариуцлага тооцно. Иргэн орон сууцаа  болон банкаа сонгох эрх нь нээлттэй байгаа.

-Журам батлагдсан, гэрээгээ хэзээ байгуулж, зээл хэрэгжиж эхлэх вэ?

-Баталсан журам мөрдөх ажлыг Монголбанк гардан хийж, арилжааны банкуудтай гэрээгээ хийж эхэлнэ. Монголбанк ямар банкаар дамжуулах вэ гэдгээ шийдээд, журам хэрэгжээд явна.

-Арилжааны банкууд ипотекийн зээлд удахгүй оруулж өгнө гээд маш олон иргэдийг өндөр хүүтэй зээлд хамруулсан байдаг. Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Өндөр хүүтэй зээл авсан иргэн, банк хоёрын хоорондын асуудал.

-Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгааг бууруулах асуудлыг судалж байгаа гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч энэ удаагийн журмаар хүү, урьдчилгаа аль аль ч буулгасангүй?

-Бид судалгаа гаргаж, түрээсийн  орон сууцанд хамрагдах 40 гаруй мянга, 34 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа юм.  Хүмүүсийн эрэлт өндөр байна. Өнөөдөртөө ОУВС-тай хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй. 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ журмыг эргэж харна.

-Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ямар байна вэ?

-Зах зээл дээр ойрын хэдэн жилд 35 мянган орон сууц ашиглалтад орохоор тооцож байна. Яг өнөөдрийн байдлаар 60-70 мянган барилга баригдаж байна. Жилд 15 мянга орчим зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал эрэлт, нийлүүлэлт тэнцэх боломжтой гэж харж байгаа.

-Арилжааны банкууд хүүгээ түрүүлж авдаг, үндсэн зээлээс хасагдахгүй байна гэдэг асуудлыг хүмүүс маш их шүүмжилдэг. Энэ чиглэлээр журамд шийдэл оруулсан уу?

-Журамд энэ асуудлаар тусгаагүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж