Шинэ оны баяр хаяанд ирж, дэлхийн өнцөг булан бүрт баярын уур амьсгал оржээ. АНУ-ын Филадельфи дэх “Walmart” сүлжээ дэлгүүрт худалдан авалт хийсэн хэдэн зуун хүний төлбөрийг үл таних хүн өмнөөс нь төлж өгсөн байна.
Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд тус сүлжээ дэлгүүрийн удирдлагууд түүний тухай “The Daily Local” сонинд мэдээлжээ. Хүмүүс түүнийг “Нууц Санта” хэмээн нэрлэж, түүнд маш их баярлаж буйгаа илэрхийлсэн байна.
“Нууц Санта” нийтдээ 30 орчим мянган ам.долларын худалдан авалтын тооцоо хийжээ. Энди Рамфорд гэх эр тухайн үед “Walmart” дэлгүүрээс 150 ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгө төлөх хэсэгт очтол хэн нэгэн хүн 29 мянган ам.долларын чек бичиж үлдээгээд явсан байжээ. Худалдагч түүнд үл таних хүн чекэн дэх мөнгө дуусах хүртэл хүмүүсийн худалдан авсан барааны мөнгийг төлөхийг хүссэн тухай хэлжээ.
Эх сурвалж: www.japantimes.co.jp