Нийслэлийн 2019 оны төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 2019 оны төсвийг баталлаа

НИТХ-ын үдээс хойших хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Ирэх жилийн хотын нийт орлого 796.1 тэрбум, үүнээс татварын орлого 628.4 тэрбум, татварын бус орлого 144.5 тэрбум, тусламжийн орлого 23.1 тэрбум байх юм. Харин хотын 2019 оны төсвийн жилд зарцуулах зарлага 609.3 тэрбум төгрөг байна. Мөн нийслэлийн төсвөөс 2019 оны улсын төсөв шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа.

Нийслэлийн төсвийг батлахын өмнө Ардчилсан намын бүлгээс тодорхой саналууд гаргаад байсан юм. Эдгээрийг дараах байдлаар шийдвэрлэв. Тухайлбал,  хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хэрэгжүүлэхээр тусгасныг хурал дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож бууруулах санал гаргасныг дэмжив.
Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг дөрөв болгон бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн.

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн санал  дэмжигдлээ. Харин “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах  саналыг төлөөлөгчид дэмжсэнгүй.

Төсөв батлахын өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга Төрийн сан болон төсөв хариуцсан албан тушаалтнаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүд нийт төсвийн орлого, зарлагын хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг лавласан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хариулахдаа “Төлөөлөгчдийн хэлэлцэж байгаа орлогыг өөрчлөлтүүд нь орлогын балансаа барьж байгаа, ямар нэг байдлаар зөрүү үүсэх асуудал байхгүй” гэв.

Ингээд нийслэлийн ирэх оны төсвийг баталсан юм.

Орон сууцны 10 тэрбум төгрөгийг хасах санал гаргалаа

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар /2018.11.29/ нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцсэн бол өнөөдрийн хуралдаанаас  хоёр дахь  хэлэлцүүлгийг /2018.12.05/ хийж байна. Хуульд зааснаар НИТХ нь Улаанбаатар хотын ирэх оны төсвийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах дэгтэй юм. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой байгаа юм.

Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудлын талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо.

"ЯВГАН ЗАМ ТАВИХАД НЭМЖ  НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ТУСГАХ САНАЛ ГАРГАСАН"

Бүлгийн дарга Р.Дагва дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Бүлэг хуралдаад нийслэлийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж дүгнэлээ. Нийслэлийн 2019 оны төсвийн төсөлд төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Орон нутгийн төсвийн 40 хувийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын харилцааг зохицуулах зэрэг ажлын зардлыг 43.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэх зэрэг ажилд оновчтой зардал тусгажээ. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнээс нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн биелэлт давсан байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг МАН-ын бүлэг оновчтой гэж дүгнэлээ. Мөн ирэх оны өмч хувьчлалын төслийг дэмжиж байна” гэсэн юм.

Улмаар тус бүлгээс ирэх оны төсөвт нэмэлтээр Эмээлтийн паркийн магадлалын шинжилгээнд 400 сая, Чингэлтэй дүүргийн I хорооны инженерийн шугамыг шинэчлэхэд 1.4 тэрбум, барилга байгууламжийн гамшгийн үнэлгээ хийхэд 200 сая, хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, “Монгол наадам цогцолбор”-ын дэд бүтцийг сайжруулахад 300 сая, “Ус сувгийн удирдах газар”-т шинээр долоон машин нэмж авахад 700 сая, нийтийн эзэмшлийн талбайд явган зам тавихад нэмж  нэг тэрбум төгрөг тусгах санал гаргасан юм. Үүнээс гадна ирэх онд хувьчлах зүйлийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Б” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүрэг дэх хуучин барилгыг нэмж оруулах санал гаргалаа. Мөн концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулах бүтээн байгуулалтын ажлыг нэмэх санал гаргасан” гэв.

“ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР”-Т ТУСГАСАН  АРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХАСАХ САНАЛ ГАРГАЛАА"

Харин нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийг дүгнэлтийг тус бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. Тэрбээр “2019 оны төсвийн орлогыг 2016 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн орлого жил бүр 150 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй ч иргэдийн амьдрал сайжирсангүй, урсгал зардал л нэмэгджээ. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаад дараах дүгнэлтийг гаргалаа. Хотын захиргааны шинэ байр барих ажлаас 20, Улаанбаатар хотын ойг тэмдэглэхээр тусгасан гурав, шинэ байранд тавилга авахаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасах саналтай байна. Мөн “Орон сууцны хөтөлбөр”-т тусгасан  арван тэрбум төгрөгийг хасах санал гаргалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж буй нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ингээд намын бүлэг ахмадын орон сууцны хөтөлбөрт арав, орон сууцны хуучин барилгын засварт хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэж үзлээ. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 200, хөрсний бохирдлыг бууруулах ажилд 150 сая төгрөг нэмүүлэх санал гаргалаа” гэв.

Намын бүлгүүд дүгнэлтээ танилцуулж, саналаа хэлсний дараа хороод санал, дүгнэлтээ танилцуулав. “Азжаргалтай хот хороо”-ны гишүүн Б.Сүхбаатар хорооныхоо дүгнэлтийг танилцуулж нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дахь камержууулалтыг сайжруулж, автобусны буудлыг засах хөрөнгийг нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргав.

“Нийгмийн бодлогын хороо”-ны санал, дүгнэлтийг хорооны дарга Д.Мөнхжаргал танилцуулж, “Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж үзэв. Хорооноос “Уншлагыг дэмжих-2020” хөтөлбөрийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг дэмжиж байна” гэв.

“Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо”-ны дүгнэлтийг “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварт хоёр, цахилгаан шатны засварт нэг тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргаж байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Харин дэд бүтцийн төв байгуулах ажлаас таван тэрбум төгрөгийг хасах нь зөв гэж дүгнэлээ” хэмээн хорооны дарга Л.Нарантуяа танилцуулсан юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж