АНУ-ын нэрт улстөрч, дэлхийн хоёрдугаар дайнд биечлэн оролцсон шилдэг бөмбөгдөгч, орчин цагийн АНУ-Хятадын харилцаа, АНУ-СССР-ын харилцааг илбэн тохинуулахад жинтэй үүрэг гүйцэтгэж, дэлхийн хүйтэн дайны галыг нэгмөсөн унтраасан АНУ-ын дөчин нэг дэх Ерөнхийлөгч асан Жорж Герберт Буш гуай өнгөрсөн Баасан гаригт бурхны оронд оджээ. Тэрбээр 94 нас зооглосон аж. АНУ-ын түүхэн дэх бүх Ерөнхийлөгч нараас хамгийн урт насалсан эрхэм болж таарчээ.
АНУ болон дэлхий даяар энэ эрхмийг дурсаж, гашуудаж байна. Тэрбээр дэлхийн болоод АНУ-ын түүхэнд үл балрах чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн намтартай нэгэн билээ.
Ерөнхийлөгч агсан Жорж Буштэй 2000 онд анх танилцсанаас хойш дипломат болон бусад арга хэмжээнд хамт оролцож, цөөнгүй жилийн турш энэ Эрхэмтэй харилцаа холбоотой явж, захидал бичиг солилцох аз завшаан миний биед тохиосон юм.
Тэрээр Монгол оронд минь элэгтэй, нэн хүндэтгэлтэй ханддаг, манай ард түмний жинхэнэ анд байсан болой. Манай орны түүх, соёл, хөгжил дэвшил, тулгамдсан асуудлуудын тухай тогтмол асууж сонирхон ярилцдаг байв. Манайхыг Зүүн хойд Ази дахь “Ардчиллын арал” гэдэг байлаа.
Монголд айлчилж ирэхийг үргэлж хүсч явсан хүн. Түүнтэй 2004 оны зул сарын өмнөхөн утсаар ярихдаа Монголд минь зочилж ирэхийг дахин хүсэхэд, тэрбээр “Ерөнхийлөгч Жорж Бушид өөрийнхөө өмнөөс Монголд айлчлахыг үүрэгдсэн. Тэтгэвэрт гарсан Ерөнхийлөгчөөс жинхэнэ Ерөнхийлөгч айлчлах нь Монголд хэрэгтэй биз дээ” гэж билээ. Нэн их бэлэг дэмбэрэлтэй хошигнол байв. Тэгээд үнэн хэрэгтээ хүү Ерөнхийлөгч Жорж Буш нь манай оронд 2005 айлчилсан юм даа. Эцгийнхээ үгэнд ордог, зөөлөн чихтэй л хүү заяасан байж. Эцэг Бушийн танхимд Дэд Ерөнхийлөгч асан Дэйн Куалэ нь ч Монгол-АНУ-ын харилцааны тухайд бас л үргэлж нөхөрсөг хандаж ирсэн хүн.
Мөн Ерөнхийлөгчийн танхимийн Төрийн нарийн бичгийн дарга(Гадаад хэргийн сайд) Жэймс Бэйкэр 1990 онд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Өмнөговь аймагт Гадаад хэргийн сайд Гомбосүрэн гуайтай хамт зочлоход нь дагалдаж явах завшаан надад тохиосон юм. Энэ гурван эрхмийн гурвалсан бодлого нь манай орчин цагийн гадаад бодлогын шинэ өнгө төрхөд ч даацтай нөлөөлсөн учиртай.
Эцэг, хүү хоёр Ерөнхийлөгчийн үед Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин өргөжиж, манай улсын “Гурав дахь хөршийн бодлого” тийнхүү шинээр төрж эрч хүчээ авсан түүхтэй.
Тэрбээр “Дэлхийгээс зожигорсон Америк бидэнд хэрэггүй. Харин Америкт нээлттэй дэлхийг л бид хүсч байна” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.
Монголд минь Америкаа жинхэнэ ёсоор нээж өгсөн эцэг Бушийг бид үргэлжийн мөнхөд санаж явах учиртай нь энэ бөлгөө.
УМ МАНИ БАДМЭ ХУМ!
Элчин сайд Г.Батсүх
2018-12-05
Холбоотой мэдээ