Бүх оддын тоглолтыг сэргээсэн ганц од

Хуучирсан мэдээ: 2015.02.28-нд нийтлэгдсэн

Бүх оддын тоглолтыг сэргээсэн ганц од

NBA-н 64 дэх удаагийн Бүх оддын тоглолт Нью Йорк хотын "Баролис" цэнгэлдэхэд хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болсон билээ.

Энэ жилийн “NBA”-ийн Бүх Оддын тоглолтыг бэртэл, гэмтлийн улмаас болж өмнөх жилүүдтэй харьцуулахад онцгүй, сонирхол татахаар болохгүй гэж сагсан бөмбөг сонирхогчид  урамгүйхэн хүлээж байв. Магадгүй түүхэнд анх удаагаа 3 онооны шидэлтийн тэмцээн нь Слэм данкаасаа илүү сонирхолтой, “Rising Stars Challenge” нь “East”, “West” бүсийн тоглолтоос  илүү өрсөлдөөнтэй болох гэж байсан юм. Энэ бүхэн оролцож байгаа тоглогчдын нэрнээс шууд хамааралтай. Гэхдээ энэ өдөр гомдоллож суусан ихэнхи хүмүүсийн сэтгэгдэл 48 цагийн дараа эрс өөрчлөгдсөн гэхэд болно. Яагаад гэвэл 2015 оны Бүх Оддын тоглолтын эхний хоёр өдөр хөгжөөн дэмжигчдийн хүлээлтийг давж, баярын өдрийг утгаар нь баяртай болголоо. Ингээд эхний хоёр өдөр болсон “Celebrity Game”, “Rising Stars Challenge”, “Shooting Stars”, “Skills Challenge”, “3 Point Shootout”, “Slam Dunk” гэх мэт тэмцээнүүд дээр үндэслэж “ШИЛДЭГ 10” үйл явдлыг нэрлэж байна.

 

10.Анхны загварын шоу амжилттай боллоо

“NBA”-ийн хувьд энэ жилээс эхлэн шинэ зүйлийг туршихаар шийдэж, тоглогчдынхоо дунд загварын шоу зохион байгуулж, “TNT”-ийн Чарлз Баркли, Кенни Смит хоёр шүүгчээр, ЛеБрон Жеймс, инээдмийн жүжигчин Кевин Харт хоёр хөтлөгчөөр ажиллалаа. Монголын ТВ-ээр шууд дамжуулаагүй учраас магадгүй манайхан мэдээлэл багатай байгаа байх. Гэхдээ найман тоглогч гурван тойрог өрсөлдөсний эцэст Кливлэнд Кавалиерсийн Ж.Р Смит түрүүлсэн юм. Хуралд зориулсан албан ёсны, үдэшлэгт зориулсан чөлөөт ба тоглолтонд ирэхдээ өмсөх гэсэн гурван янзын хувцсыг ДеМаркус Казинс, Клэй Томпсон, Чандлэр Парсонс, Ж.Р Смит, Зак ЛаВин, Жеймс Хардэн, Жефф Тиг гэсэн долоон тоглогч өмсөж үзүүлжээ. Хамгийн авууштай нь гэвэл цаашид энэ шоунд бэртэлтэй одод оролцож, хөгжөөн дэмжигчдийгээ баярлуулж байвал зүгээр юм байна.

 

9.Дуэйн Уэйд хөтлөгч болж, ЛеБронтой сонирхолтой ярилцлага хийв

Бэртлийн улмаас Бүх Оддын тоглолтыг өнжихөөр болсон Дуэйн Уэйд зүгээр суусангүй, хөтлөгчөөр ажиллахаар шийдэж “NBA”-ийн оддоос ярилцлага авав. Хамгийн сонирхолтой нь түүний ЛеБронтой хийсэн ярилцлага байсан бөгөөд маш олон зүйлд хариулт өгч, шүүмжлэгчдийн амыг тагласан тун дажгүй ярилцлага болов. Майами Хитийн “Их Гурвал”-ыг одоогийн бүрдсэн Кливлэндийн “Их Гурвал”-тай харьцуулдаг талаар, тэднийг хоорондоо харьцахаа больсон, нөхөрлөл дууссан талаар, Слэм Данкийн тэмцээнд яагаад оролцдоггүй талаар гээд маш сонирхолтой ярилцлага болсон юм. Товчхондоо бол Дуэйн Уэйт “Бүх Оддын тоглолт” -ын үеэр ажилласан хамгийн мундаг сэтгүүлч нь байлаа. Та бүхэн тэдний ярилцлагыг заавал олж үзээрэй.

 

8. “Team Bosh” дархан аварга болов

“Shooting Stars” тэмцээн бол Бүх Оддын тоглолтын бямба гаригт болдог арга хэмжээнүүдээс хамгийн олон тоглогчид оролцдог, цорын ганц багийн тэмцээн юм. Өмнөх хоёр жилд нь түрүүлсэн Крис Бошийн баг энэ удаа бас л аваргаа хамгаалж, Рассэлл Уэстбрүүкийн багийг шигшээд хожиж, гурав дахь удаагаа аваргууд болов. Өмнөх жилүүдэд зооны шидэлтийг Крис Бош ихэвчлэн хийж дуусгадаг байсан бол энэ удаа домогт тоглогч Доминик Уилкинс хожлын шидэлтийг хийсэн юм. Скотти Пиппен, Пэнни Хардауэй гэсэн хуучны одуудыг харах сайхан байлаа.

 

7. Андрю Уиггинс залуу оддын MVP болж, олон улсын баг Америкийг хожив

Магадгүй энэ “Бүх Оддын тоглолт”-ын хамгийн сонирхолтой өөрчлөлт нь “Rising Stars Challenge” тэмцээнд хийсэн өөрчлөлт байсан байх. Нэг, хоёр дахь жилдээ тоглож байгаа залуу одод олон улсын болон Америкийн гэсэн иргэншлээр хуваагдсан хоёр багт сонгогдож, нэр төрийн төлөөх тулаан эцсийн мөч хүртлээ сонирхолтой болсон юм. Эцэст нь Канад залуу Андрю Уиггинс олон улсын багийг 22 оноогоор тэргүүлж ялалтанд хүргэхээс гадна “MVP”-ийн эзэн болж, ирээдүйн залгамж халааг авах болно гэдгээ чимээгүй зарлав.

 

6. Нью Йорк, Нью Йорк

График, чимэглэл, лого, дизайн гээд энэ жилийн “Бүх Оддын Тоглолт”-ын бүх зүйл бусдаас их өвөрмөц харагдаж, мэдрэгдсэнийг энд онцлох хэрэгтэй. Дэлхийн хамгийн агуу хотуудын нэгт орох Нью Йоркт арван таван жилийн өмнө буюу 2000 онд Бүх Оддын Тоглолт болж байхад Винс Картер юу хийж, яаж байсныг бид бүгдээрээ ярьдаг. Тэгвэл энэ удаагийнх бас л сэтгэл гонсойлгосонгүй, оддын чуулган жинхэнэ утгаараа болж, Холливудынхан олноороо цуглаж, ярих, үзэх зүйл ихтэй, Нью Йоркийн таван дүүргийн онцлогийг тод харуулсан, янзтай өдрүүд байлаа. Сагсны талбай дээр тамирчдыг танилцуулдаг график Бүх Оддын тоглолтонд анх удаагаа ашиглагдсан шүү.

 

5. Патрик Бэвэрли ёндоотой байж “Ур чадварын” тэмцээнд түрүүлэв

Ур чадварын тэмцээн энэ жил өөр дүрмээр явагдаж, тоглогчид хоорондоо “1vs1” хэлбэрээр өрсөлдөв. Жон Уоллын оронд нөхөж сонгогдсон Патрик Бэвэрлиг түрүүлнэ гэж сонгосон хүмүүс зөвхөн Рокетсийн фэнүүд байсан гэхэд хилсдэхгүй. Эхний тойрогт Финикс Сансын Азайа Томастай Бэвэрли өрсөлдөж, хурдаар дутуу, хоцорч байсан ч Томасаас түрүүлж цагаригт сүүлийн бөмбөгийг оруулсан юм. Дараагийн тойрогт Атлантагийн Жефф Тигээс бас л хоцорсон ч Тиг сүүлийн шидэлтүүдээ алдаж, харин Бэвэрли эхний оролдлогоо хийж, Аваргын төлөө үлдэх нь тэр. Баксын холбогч Брэндон Найт Бэвэрлиг сүүлийн тойрогт хүлээж байлаа. Уламжлал ёсоор Бэвэрли эхний даалгаварууд дээр бас л хоцорч, Найтад давуу байдал үүсэв. Гэвч сүүлийн шидэлт дээр өрсөлдөгчийн алдсан боломжийг Бэвэрли ашиглаж, түрүүлж хийснээр аварга болов.

 

4. Виктор Оладипо агаарт бараг л “уран нугарав”

Энэ жил Слэм Данкийн тэмцээнд оролцсон хамгийн намхан тоглогч нь Виктор Оладипо байсан юм. Тэр ч утгаараа хүмүүс түүнээс сонирхолтой, үзүүштэй тохолт хүлээж байсан биз. Харин Оладипо үзэгчдийг уйдаасангүй Фрэнк Синатрагийн “New York, New York” гэсэн алдартай дууг муугүй дуулан гарч ирж, эхний үзүүлбэрээ хоёр дахь оролдлогоороо амжилттай болгосон юм. Тэр 540 градус агаарт эргэж, араараа, хоёр гараараа тохсон билээ. Эхний оролдлогоороо шууд амжилттай болгосон бол түүнд 50 оноо багадах нь тодорхой байв.

 

3. Фэнүүд бид хүлээлтээ дарсан нь чухал байв

Аливаа зүйлээс ихийг хүлээх нь дэмий гэдгийг бид өмнөх жилүүдийн Бүх Оддын тоглолтоос мэдэх байх. Харин энэ жилийн хувьд фэнүүд бидний хүлээлт яагаад ч юм бага байсан. Тэр нь ч болж, яагаад гэвэл хүлээлт багатай байна гэдэг сэтгэл хөдлөлөө харамлахгүй ээ л гэсэн үг. Бид үнэндээ ихийг хүлээгээгүй, гэхдээ эцэст нь ихийг үзэж, ихээхэн баярлалаа. Цаашид ч гэсэн хүлээлтээ дарж байх ёстой юм бишүү?

 

2. Стифэн Карри

Хорин гурван жилийн өмнө буюу 1992 оны Бүх Оддын тоглолтонд Шарлотт Хорнэтсийн мэргэн бууч Делл Карри оролцож, холын зайн шидэлтийг тэмцээнд хүч үзэж байв. Түүний өвөр дээр дөрвөн настай хүү Стифэн нь суугаад, одуудтай гар барьж байгааг харуулсан бичлэгийг бид олонтаа харсан. Тэгвэл өнөөдөр хорин долоон настай Стифэн Карри аавынхаа хийж чадаагүйг хийж, шилдэг мэргэн бууч болж хэлсэндээ хүрэв. Энэ жилийн 3 онооны шидэлтийн тэмцээнийг хамгийн агуу өрсөлдөгчидтэй, шилдэг нь байна гэсэн хүлээлт дэлхий нийтэд байсан. Тэр ч хэмжээндээ хүрсэн. Хүмүүсийн аварга авна хэмээн таамаглаж байсан Кайл Корвэр, Марко Бэлинэлли хоёр тун тааруу шидсэнийг эс тооцвол эхнээсээ дуустал сонирхолтой байлаа. Аваргын тойрогт нийт авч болох 34 онооноос 27 оноог авсан Карри NBA-ийн одоо цагийн хамгийн шилдэг мэргэн бууч нь болсон юм.

1. Зак ЛаВин Слэм Данкийн тэмцээнийг аврав

Слэм Данкийн тэмцээнд Зак ЛаВиныг түрүүлнэ гэж ихэнхи хүн таамагласан, найдсан, хүссэн. Гэхдээ түүнийг ямар үзүүлбэр хийж, яаж үзэгчдийг шуугиулахыг хэн ч мэдээгүй. “YouTube”-ээс бичлэгүүдийг нь харахад өмнө нь харагдаагүй тохолтуудыг хийх боломжтой юм байна гэсэн хүлээлт л надад байв. Гэхдээ энэ 19 настай залуу Слэм Данкийн тэмцээнийг аварч, тэр ч бүү хэл дараа жилийг хүлээхэд хүргэв. Яг л 2000 оны Винс Картер шиг тэрээр эхнээсээ биднийг суудлаас босгож, орилоход хүргэв. Слэм Данк гэдэг зүйл урлаг болтлоо хөгжсөн одоо үед яг тэр урлагаар нь суралцдаг, хичээллэдэг тамирчид “NBA”-д төдийлөн орж чаддаггүй. Харин Зак ЛаВин анхных нь байлаа. Дараа жилийг тэсч ядан хүлээж байна!

 

Г.ИДЭР-УУГАН

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж