Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гуравдугаар сарын үзвэрээ А.Аданы “Жизель” балетаар эхлүүлэх гэж байна. Ням гаригт буюу гуравдугаар сарын 1-ний 17.00 цагаас тоглогдох тус балетийн сургуулилалтын үеэр бүжигчин У.Анужинтай цөөн хором ярилцлаа.
-“Жизель” балет юуны тухай өгүүлдэг вэ? Та ямар дүрд тоглож байна вэ?
-Энэхүү цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэсэн байдаг. Хайр дурлалын сэдэвтэй балет хоёр хэсгээс бүрдэнэ. Би Миртагийн дүрийг бүтээж байна. Хоёрдугаар хэсэгт гарах сүнснүүдийн захирагч буюу их сүнсийн дүрд тоглож байгаа.
-Та энэхүү дүрд хэд дэх удаагаа тоглож байна вэ?
-Би Миртагийн дүрд гурав дахь удаагаа тоглож байна.
-Та театрт хэдэн жил ажиллаж байна вэ? Таны хамгийн том дүр ямар дүр вэ?
-Би театрт долоо дахь жилдээ ажиллаж байна. “Жизель” балетийн Мирта дүр л миний хамгийн том дүрдээ.
-Та бүхэн амралтын өдрүүдэд тоглолттой байдаг шүү дээ. Ер нь бэлтгэлээ хэдэн өдөр хийдэг вэ?
-Амралтын өдрүүдэд хуваарийн дагуу тоглолттой байдаг учир ажил дээрээ өнжинө дөө. Гурав дахь өдрөөс эхлэн бэлтгэлээ хийдэг. Тэгээд ням гаригт тоглоно.
–Он гараад ямар дүрүүдэд тоглосон бэ?
-Өнөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетын туслах гол дүрд тоглосон. Мөн Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” хэмээх шинэ балетын туслах дүрд тоглосон байгаа.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.
Гуравдугаар сарын 1-нд тоглогдох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн Гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм байна.
А.Адан "Жизель" балет
“Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Наран гиймэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясна.
Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.
Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтав.
Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэдннйг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод, сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдан унана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнсүүд гарч ирцгээв. Хуримын хувцас, цэцгийн эрхитэй сүнсүүд сарны туяанд гайхам агаад, сэтгэл сэртхийм харагдана.
Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих юмсан гэх мэт… уламч шуурхай бүжнэ. Гэтэл ойн захирагч Ганс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж явааг сүнсүүд харцгаан, өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар түүнийг тойрон бүжиж, унан тусан бүжиглүүлж, амийг нь алдуулав.
Бас Альберт гүн хөөрхийлөлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр ирнэ. Сүнсүүд түүнийг тэр даруй тойрон бүжиж эхлэв. Харин энэ мөчид Жизелийн сүнс түүний цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайр нь Альбертыг догшин сүнсүүдийн хилэнгээс аварна. Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад хонх дүнгэнэхэд сүнсүүдийн сүүдэр, дүр ч ид шидээ алдан замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одлоо. Гэвч Альбертын сэтгэлд Жизель мөнхөд оршин, үхлээс хүчтэй хайрыг гэнэт алдсанаа санан санан харууссаар төгсөнө.
"ЖИЗЕЛЬ" балет улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа гуравдугаар сарын 1-нд тоглогдоно.
Гол дүрүүд:
Жизель – Г.Цолмон МУГЖ
Альберт – О.Ганцоож СТА
Ганс – А.Өлзий-Орших СТА
Мирта – У.Анужин
Па де де – Б.Саруул СТА , Т.Хан-Очир
2 вилис – Б.Баасансүрэн СТА , М.Мөнхтуяа
Батильда – О.Анужин
Герцог – Х.Чойжилсүрэн СТА
Ээж – Р.Байгалмаа СТА
Зэвсэгч – Ц.Төмөрсүх СТА
Ч.БОЛОРЧУЛУУН
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД.