Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна
Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.
Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно.
Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглож байна.
Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно.
Үүнээс гадна инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгажээ.
Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.
Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.
Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой.
Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой юм.
Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 2700 гаруй зээлдэгчид 233 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
Бямбажавын Ганбатыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.
1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллажээ.
Мөн Цогтоогийн Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилов. Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.
2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.
Товч мэдээ
- Ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулна. Түүнчлэн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрлөө. Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй юм.
Холбоотой мэдээ