Бразилын эмч нар хоёр жилийн өмнө 32 настай, төрөлхийн савгүй төрсөн эмэгтэйд нас барсан хүний сав шилжүүлэн суулгах хагалгааг 10 цагийн турш хийсэн нь амжилттай болж байв.
Дэлхий дахинд сав шилжүүлэн суулгах 39 мэс засал хийгдсэний үр дүнд өдгөө 11 хүүхэд төрж, эсэн мэнд бойжиж байна. Сав, умайн эмгэгтэйн улмаас мэс засалд орж солиулахаас өөр аргагүй болсон эмэгтэйчүүдийн олонх нь амьд байгаа хүний савыг суулгуулдаг ажээ. Тухайлбал, ээж нь охиндоо өөрийнхөө савыг өгч, эрүүл саруул ач хүүгээ өлгийдөн авсан гайхамшигт үйл явдал саяхан тохиосон. Харин нас барсан эмэгтэйн савыг өөр хүнд шилжүүлэн суулгах мэс засал өмнө нь 10 удаа хийгдсэн ч бүгд бүтэлгүйтэж байжээ.
Харин Бразил улсад 2016 онд хийгдсэн тус хагалгааны донор болсон талийгаач нь гурван хүүхэд төрүүлсэн, 40 настайдаа тархины цус харвалтын улмаас нас барсан эмэгтэй аж. Түүний савыг шилжүүлэн суулгуулсан эмэгтэй нь 4500 эмэгтэй тутмын нэгд тохиолддог “Майер рокитанский кюстер хаусер” синдром хэмээх сав, үтрээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг ховор өвчтэй хүн байжээ. Тэс засал хийлгэсний дараа эмэгтэйн өндгөвч хэвийн ажиллаж байсан учраас эмч нар өндгөн эсийг нь авч, хүүхдийн эцэг болох хүний бэлгийн эстэй нийлүүлэн үр тогтоон, хөлдөөж хадгалсан байна.
Хагалгаа дууссанаас зургаан долоо хоногийн дараа эмэгтэйн сарын тэмдэг ирж эхэлсэн нь тус хагалгааны бас нэгэн амжилт болжээ. Тиймээс долоон долоо хоногийн дараа түүний үр тогтоосон өндгөн эсийг саванд нь суулгасан байна. Жирэмслэлтийн сарууд хэвийн үргэлжилж, эмэгтэй 2,5 кг жинтэй эрүүл охин төрүүлжээ.
Сав шилжүүлэн суулгуулах шаардлагатай болсон эмэгтэйчүүдэд донор маш ховор олддог бөгөөд ихэнх нь ойр дотнын хүмүүсээсээ л авч чаддаг байна. Харин нас барсан хүний савыг өөр хүнд амжилттай шилжүүлэн суулгаснаар саваа солиулах шаардлагатай болсон илүү олон эмэгтэйд үр удмаа үлдээх боломж олдох юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ