Хотын гудамжаар алхах хүмүүс хальтирч унан гэмтэж бэртэх болсон нь гялтганасан гантиган замаас болж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нар хэлж байна. Өчигдрийн /2018.12.04/ байдлаар гэхэд ГССҮТ-д 20 гаруй иргэн хальтиргаа гулгаанаас болж эмчилгээ авахаар ирсэн бол энэ тоо цас орж, гулгаа ихэссэн өдөр 40-50 болж нэмэгддэг ажээ. Өнгөрсөн 2017 оны арваннэг, арванхоёрдугаар сард хальтиргаанаас болж бэртсэн иргэд 600 гаруйд хүрсэн бол энэ оны арваннэгэн сарын байдлаар 270 хүн явганаар алхаж явахдаа бэртэж гэмтэн, эмчид ханджээ.
“Хүнсний 1”-ээс Гэсэр сүмийн уулзвар, Төрийн ордны ойролцоох явган хүний зам, тэр бүү хэл Чингисийн талбайгаа битүү тэр чигт нь гантиглачихсан. Хүмүүсийн хөдөлгөөн ихтэйд тооцогдох Боловсролын их сургуулийн нүхэн гарцны шатыг хүртэл гантигаар хийсэн нь “гангараа” л болохоос биш хальтирч, гулгаж, бэртэж гэмтэх аюул дагуулсаар байна. Уг нүхэн гарцны шатанд хальтрахаас сэргийлж гишгүүр наасан ч ихэнх нь хууларч, тоотой хэдхэн л үлджээ. Гантиг чулуу, гөлгөр хавтангаар зам, талбай хийх нь цэвэрлэхэд хялбар ч зундаа борооны ус нэвчдэггүй, өвөлдөө хальтиргаа гулгаа үүсгэж, аюултай нөхцөл үүсгэж байгааг иргэд шүүмжилсээр ирсэн ч өнөөдрийг хүртэл засаж, өөрчлөлгүй өвөлтэй золгож байна.
НИТХ өнөөдөр Улаанбаатар хотын ирэх оны төсвийг батална. Аз жаргалтай хотыг цогцлоохын тулд ядаж л хотынхоо явган хүний зам талбайг аюулгүй болгон өөрчлөх талд хөрөнгө тавихгүй бол жилийн жилд иргэд гялгар хавтан дээр ойчин, бэртэж гэмтдэг явдал давтагдсаар байх нь байна шүү.
“Гантиган зам танд хэр хүндрэл учруулж байна вэ” гэсэн асуултад иргэд дараах хариулт өгч байна.
ТӨВ ТАЛБАЙГАА Л ТОРДООД БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ
Иргэн Г.Дарьсүрэн "Хуучин хэчнээн сайхан хальтирдаггүй, зузаан явган хүний засмал замтай байлаа. Солих шаардлаггүй байхад мөнгө зарж янзлан, гялтгар болгосныг гайхаад байдаг юм. Хотын төв гэлтгүй гэр хорооллын гудамж ч аюултай болсон. Хотын төв шиг цэвэрлээд, давс асгах бололцоо гэр хороололд даанч байдаггүй. Зарим айл аргаа бараад үнсээ асгадаг. Би өөрөө гэр хороололд амьдардаг болохоор гудамжиндаа явж байгаад олон удаа хальтирч унаж байсан. Гэр хорооллын машин зам, явган хүний зам хоорондоо бараг нийлэх шахуу байдаг учраас хүндрэлтэй. Гэрээсээ гараад л гар, хөлөө хугалах эрсдэлтэй"
ГӨЛГӨР ГАДАРГУУТАЙ ЗАМ ДЭЭР ГИШГЭХЭД Л ХАЛЬТИРДАГ
Иргэн Б.Алтанцэцэг "Би ихэнхдээ хотын төвөөр явдаг. Зарим газар цасны дор мөстчихдөг учраас хальтирч унах гээд байдаг. Гутлын уланд цас наалдсан үед гөлгөр гадаргуутай зам дээр гишгэхэд л хальтирдаг. Ямар арга хэмжээ авах ёстойг мэдэхгүй байна"
ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХЭД ТЕХНИК ДУТДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
Иргэн Б.Оргил "Одоохондоо цас ороогүй байгаа болохоор хальтиргаа нь гайгүй байна. Гэхдээ гантиган замтай албан байгууллагын хажуугаар явахад их хэцүү. Залуус ч яахав. Өндөр настай хүмүүст эрсдэлтэй. Бид байгалийн цасыг зогсоож чадахгүйгээс хойш сайн цэвэрлэх л хэрэгтэй. Цэвэрлэгээ хийхэд техник дутдаг юм шиг санагддаг. Хүрзээр дагтаршсан цас цэвэрлэж буй хүмүүс өрөвдөлтэй харагддаг. Машинаар хэдхэн минутын дотор цэвэрлэдэг болчихоод байхад хэдэн цаг “ноцолдож” байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй"
Э.БУРАМ