Мэргэжлийн сумогийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна цолыг монгол хөвгүүд хүртэж, эдүгээ гурван монгол ёкозүна сүмогийн дэвжээнээ эзэрхийлж байна. Тэгвэл тэднийг залгамжлах найдлага төрүүлж буй монгол залуус ч бас байгаа билээ. Тэдний нэг нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшин барилдсан 20 дахь монгол сумоч. 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн. Түүнийг дархан аварга Ж.Мөнхбат буюу Хакүхогийн эцэг мэргэжлийн сүмод барилдахыг зөвлөсөн гэдэг.
23 настай, 191 см өндөр, 180 кг жинтэй Тэрүнофүжи өнгөрсөн сарын башёд озэки цолтой япончуудыг дараалан давж, дуулиан тарьснаар үнэхээр бяртай бөх гэдгээ харуулсан. Том барьц авч, том барилдаан хийх дуртай Тэрүнофүжи 8 даваа, 7 унаатайгаар өнгөрсөн башёг өндөрлүүлсэн тул түүнд сэкиваке цол олгож, энэ эрэмбэ дээрээс барилдахаар болоод байгаа билээ.
2015 оны гол зорилгоо Тэрүнофүжи “Озэки цол хүртэх” гэж тодорхойлсон. Тэгээд ч түүнийхээ төлөө эхний алхмаа амжилттай хийж, секивакэ цол хүртчихээд байна. Одоо ойрын гурван башёд 33 даваа авбал сумогийн холбооны тогтсон журмын дагуу озэки цол хүртэх боломж бий.
Сэкиваке цол хүртсэнийхээ дараагаар Тэрүнофүжи сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би их аваргыг ялахыг хүсч байна” гэж инээмсэглэн өгүүлжээ. Тэгэхээр ирэх башёд Тэрүнофүжи сүмогийн замыг нь зааж өгсөн дархан аваргын Ж.Мөнхбатын хүү Хакүхо М.Даваажаргалтай бяр хүчээ шавхан, айж эмээлгүй зоригтой барилдах бололтой.
Р.ГЭГЭ
Эх сурвалж: http://horom.mn