Ардчилсан нам УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээсээ хассан бол Л.Болд, Д.Мурат нарыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Харин эл шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Л.Болд намын гишүүнчлэлээсээ болон бүлгээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Үүнээс болж Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж, гишүүд нь бие даагчийн статусаар ажиллах нөхцөл үүссэн тухай маргаан дэгдэж буй.
Долоо хоног бүрийн лхагва гаригт хүргэдэг "VS" буландаа энэ асуудлыг хөндөж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд нарын байр суурийг онцоллоо.
Д.Эрдэнэбат
УИХ дахь АН-ын бүлгийн дарга
-Л.Болд гишүүн АН-ын нэр дээр парламентад олон удаа суусан. Туршлагатай парламентч, ард түмний төлөөлөл болж сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлого санаатайгаар хийж болохгүй гэдгийг Л.Болд гишүүнд хэлмээр байна. Ер нь хоёрхон гарц байгаа. Хэрвээ 26.11-ээр зохицуулбал олон гишүүн хамт бүлгээс гарах тухай ойлголт юм. Эвслийн Засгийн газрын үед эвслийн бүлгээс 26 гишүүн гарч байсан түүх бий. Харин ганцаараа гарч байсан парламентын түүх Монголд байхгүй. Тэр дундаа АН-ын нэрээр сонгогдсон АН-ын гишүүн хүн бүлгээс гарах тухай яриа анх удаа гарч байгааг Л.Болд гишүүнд хэлмээр байна. АН бол ард түмний нам шүү. Ардчилсан үзэл баримтлалтай нам. Сөрөг хүчин бүлэгтэй байж ард түмнийхээ нэрийн өмнөөс улс төрийн үйл ажиллагаагаа явуулж, дуу хоолой болно. Намын хариуцлага байх ёстой зүйл. Манай гурван гишүүн хариуцлагагүй үйлдэл хийсэн үү гэвэл хийсэн. Монголын ардчиллыг дэмждэг, АН-ын гишүүд намаа нэг цул байлгаасай, нэг талдаа саналаа өгөөсэй гэсэн энэ хүсэл эрмэлзлийг өнөөдөр байхгүй болгосон нь хариуцлагагүй үйлдэл.
Л.Болд
УИХ-ын гишүүн
- Бүлгийн хурал наймаас дээш гишүүнтэй байж хуралдах ёстой. Гурван гишүүн нь ороогүй байхад Засгийн газрыг унагах шийдвэр гарна гэж байхгүй л дээ. Ердөө л АН-ын удирдлага болон хэсэг бүлэг хүний хувийн эрх ашиг л болж таараад байгаа юм. Хүн өөрөө шийдвэр гаргасан л бол тэр нь эцсийнх байдаг. Гэтэл түүн дээр нь янз бүрийн хууль зохион тайлбарлаж, хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байна. Ямар ч хүн өөрийнхөө асуудлыг өөрөө л шийдэх эрхтэй. Энэ хүн намын гишүүн хэвээрээ байна гээд хэдэн цаас бичиг шүүхэд өгөөд, энэ хэвээр минь явуулахыг бодохгүй байлгүй дээ. Хүссэнээ бол хасч байна. Хүсээгүйгээрээ хууль эрх зүйн тоглоом хийж болохгүй л дээ. Би УИХ-ын даргад бичиг хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, би АН-ын бүлэгт байхгүй гэдгээ уламжилна. Намын дарга зэргээр дамжуулах шаардлагагүй. Харин намаасаа гарах өргөдлөө өгснөөр АН бүлэггүй болно гэсэн үг. АН-ын өнөөгийн удирдлагын гаргасан шийдвэр, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж АН бүрэн шинэчлэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзав.
Холбоотой мэдээ