Японы залуу үе болзооноос татгалзах болов

Хуучирсан мэдээ: 2018.12.05-нд нийтлэгдсэн

Японы залуу үе болзооноос татгалзах болов

Японы залуу үе болзооноос татгалзах болов

Саяхан хийсэн судалгаагаар орчин үеийн Япон залуусыг өмнөх үетэй нь харьцуулахад болзоонд явах, бэлгийн харилцаанд орох нь эрс багассан  нь хүн амын өсөлтөд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, нас, хүйсийн тэнцвэр алдагдахад ч нөлөөлөх болжээ.

Тухайлбал, Иссей Изава гэх 19 настай, Японы топ их сургуульд сурдаг оюутан сургуулийнхаа царайлаг, мэдлэг боловсролтой охидтой үерхэх боломж байгаа ч болзоог цаг үрсэн дэмий зугаа гэж үзээд, чөлөө завтай үеэрээ цагийн ажлаа илүү их хийснээр хувцас, хоол авах, аялах мөнгөтэй болно хэмээн үздэг гэв. Японы ихэнх залуучууд түүний адилаар хэн нэгэнтэй нөхөрлөж, цагийг хамтдаа зугаатай өнгөрөөхөөс илүүтэй өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэхэд л цаг заваа зарцуулахыг эрмэлздэг болсон аж.

ТЭД ХАЙРЛАЖ, ДУРЛАЖ, БОЛЗОХОО БОЛЬСОН

Үүнийг “Японы бэлгийн боловсролын холбоо”-оос хийсэн сүүлийн үеийн судалгаагаар нотолсон байна. Тэд сүүлийн 40 жилийн хугацаанд Япон залуусын дунд өргөн хүрээтэй судалгааг явуулсан байна. Үр дүнд нь дээд боловсрол эзэмшиж буй эрэгтэй оюутнуудын 28 хувь нь, эмэгтэй оюутнуудын 30 хувь нь хэзээ ч хүнтэй болзож байгаагүй болж таарчээ. Харин 2005 онд энэ тоо эрэгтэй оюутнуудын хувьд 19.9 хувь, эмэгтэй 17.6 хувьтай байв.

Япон улсын хүн ам 2010 онд өсөлтийнхөө оргил үед буюу 127 саяд хүрсэн боловч түүнээс хойш жил болгон тогтмол буурсан үзүүлэлттэй гарч байгаа билээ. Шинжээчид 2065 он гэхэд тус улсын хүн ам 100 саяд, дараагийн зуунд 83 саяас ч бага болно хэмээн таамаглаж байна. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь Японы гурван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай байгаа бөгөөд тэдэнд зориулж улсаас тэтгэвэр, эрүүл мэндийн халамж зэргээр багагүй мөнгийг залуусын төлж буй татварын орлогоос зарцуулдаг нь тодорхой юм.

Хуучин үед ихэнх хүмүүс их сургууль төгссөн даруйдаа ажилд орж, хүнтэй гэрлэн, гэр бүл зохиодог байсан бол залуу үеийнхэн нь ирээдүйгээ үүнээс огт өөрөөр төсөөлдөг болжээ. “Залуу хүмүүс ийм амьдралыг хүсэхээ больсон” хэмээн 19 настай оюутан Изава хэлсэн байна. Орчин үеийн залуус эсрэг хүйстэндээ дурлан, хайрлаж, болзоонд явахаас илүүтэйгээр илүү эрх чөлөөтэй, ганцаар байхыг эрхэмлэх болсон байна.

Харин оюутан залуусыг бэлгийн харилцаанд орж үзсэн эсэх тухай тус байгууллагаас явуулсан санал асуулгад эрчүүдийн 47 хувь нь, эмэгтэйчүүдийн 36.7 хувь нь “тийм” гэж хариулсан нь 2005 онтой харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Тухайлбал, 2005 онд эмэгтэй оюутнуудын 62.2 хувь нь, эрэгтэй оюутнуудын 63 хувь нь “тийм” гэж хариулж байжээ.

ТЭД БИЕ ДААСАН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ БОЛСОН

Японы залуу бүсгүйчүүд илүү биеэ даасан байдлыг эрхэмлэн, ажил мэргэжил, карьераа өсгөхийг юу юунаас илүүд үзэх болсон аж. Тиймээс тэд харьцангуй орой гэрлэдэг болжээ. Эмэгтэйчүүд дунджаар хориод насныхаа төгсгөлд, эсвэл гуч гарсан хойноо хүнтэй гэрлэх нь элбэг байдаг бөгөөд хүүхэд төрүүлэх тухайд бол үүний дараа л бодож байж шийдэх асуудал болжээ. Түүнчлэн ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах, хүүхэд өсгөх зардал, хэрэгцээ өндөр болсноос үүдэлтэйгээр ихэнх гэр бүлүүд ганцхан хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон.

Харин эрчүүдийн хувьд сайн их сургуульд элсэн суралцаж, том компанид ажилд орж, тэтгэвэрт гартлаа ажиллах уламжлалт жишгээ дагаж мөрдөхөөс гадна гадаад улсад суралцах, өөрийн дуртай зүйлээ хийхийн тулд цагийн ажил их хийж, мөнгө цуглуулах зэргээр ганц бие байх замналаа улам л уртасгаж байгаа юм.

ИНТЕРНЭТ- ХАРИЛЦААНЫ ХОЛБООНЫ ХӨГЖИЛ ҮҮ, СААД УУ?

“Японы бэлгийн боловсролын холбоо”-оос хийсэн тус судалгаанд залуу хосуудыг хоорондоо хэрхэн учирдаг тухай ч оруулсан байна. Судалгааг явуулж эхлэхийн өмнө буюу 40 жилийн өмнө хүмүүс голдуу сургууль, спорт заал болон олон нийтийн үйл ажиллагаанууд дээр хэмээн хариулдаг байсан бол өнөөдөр ихэнх залуус хоорондоо интернэт, тэр дундаа гар утасны аппликейшн ашиглан танилцдаг болсон ажээ.

Түүнчлэн насанд хүрэгчдийн ном сэтгүүл дэлгүүрүүдэд, кино нь интернэтэд маш элбэг байдаг болсон нь залуу хүмүүсийг эсрэг хүйстэндээ ойртохоос ичдэг болгодог хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Токиогийн их сургуулийн эрдэмтний хэлснээр Япон залуус бэлгийн харилцаанд орох нь сүүлийн 40 жилд эрс багасаад зогсохгүй Япон хүмүүс дэлхийн аль ч орны хүмүүстэй харьцуулахад маш бага бэлгийн харилцаанд ордгийг тогтоосон судалгаа бий хэмээжээ.

Техник технологийн хөгжилтэй холбоотойгоор тэдэнд нийгмийн харилцаанаас айх нэг төрлийн айдас бий болсон байна. Мөн адил шалтгаанаас үүдэлтэйгээр залуусын өөртөө итгэх итгэл буурснаар, эсрэг хүйсийнхээ хүнтэй чөлөөтэй харилцах, болзох зэрэгт нь саад учирч байгаа юм. Эдгээр шалтгаанаас үүдэн хүнтэй уулзаж, ярилцах, дотносохоос цааргалдаг болоод зогсохгүй өөрийгөө гар утас, компьютер дотроо түгжиж, хаалттай амьдрах болсон хүмүүс ч маш олон байгаа юм. Тэд аниме, манганы ертөнцөд амьдарч, хүүхэлдэйнүүдтэй гэрлэх тохиолдлууд ч сүүлийн үед ихээр гарах болсон байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж