Шилдэг оролцогчид түүх дурсгалын газруудтай танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Шилдэг оролцогчид түүх дурсгалын газруудтай танилцаж байна

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот  ТВ төслийн шилдэг 30 оролцогч  АНУ-ын Вашингтон хотноо 21 хоногийн хугацаатай манлайллын тусгай хөтөлбөрт хамрагдаж байна. Сургалт хөтөлбөрийн хүрээнд залууст танхимаар авсан онолын мэдлэгээ бодит байдал дээр танилцах, жиших,  тунгаах, бодох боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож буй. Шилдэг оролцогчид энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Америкийн хууль тогтоох үйл ажиллагааны гол төв үндэсний түүх, урлагийн бүтээл бүхий Капитол  музей, 1810-1959 онд АНУ-ын конгресс хуралдаж байсан түүхэн танхим,  АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны бунхан буюу хүндэтгэлийн хөшөөг үзэж танилцлаа.

Америкийн түүхэн хүмүүс болон муж бүрээс хоёр алдартаны барималыг байрлуулсан жил бүр 3,5 сая хүн ирж үздэг ардчилал эрх чөлөөний илэрхийлэл  Капитол цогцолборт конгресс нь 1800 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч тангараг өргөх зэрэг төрийн чухал арга хэмжээг зохион байгуулдаг.  Байшингийн хагас бөмбөрцөг хэлбэртэй орой нь холоос харагддаг бөгөөд хотын төвийн гол өргөн чөлөө болох Пенсилвани-авею нь Капитолыг Ерөнхийлөгчийн Цагаан ордонтой холбодог байна.

Абраам Линкольн иргэний дайны үед боолчлолын эсрэг хүчтэй тэмцэж байсан,  ард түмний дунд өөрийн  үзэл санаагаараа мөнхжиж чадсан хүн бөгөөд “Ард түмний төрүүлсэн, ард түмний төлөө ард түмний засгийн газар дэлхий ертөнцийн хөрснөөс арчигдах ёсгүй” гэж тэрбээр хэлсэн байдаг.  Төслийн шилдэг оролцогчид энэ алдартай ерөнхийлөгчийн үзэл санаа Америкийн ардчилалд хэрхэн нөлөөлснийг сургалтын явцад  мэдэж авах боломжтой юм. Залуусын оролцоо, аливаа асуудалд итгэл үнэмшилтэйгээр шийдэл хайх бололцоог олгож буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг 30 оролцогч ийнхүү Америкийн түүх соёлтой танилцахын зэрэгцээ дэлхийн улс орнуудын хөгжлийн амжилт, гарц, төрийн үйл ажиллагааны олон жишээг Монгол орныхоо өвөрмөц онцлогтой уялдуулан судалж явна.

Эх сурвалж: manlailagch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж