Ц.Цогзолмаа: Боловсролын салбарын үйлчилгээ чанартай байх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Ц.Цогзолмаа: Боловсролын салбарын үйлчилгээ чанартай байх ёстой

Ц.Цогзолмаа: Боловсролын салбарын үйлчилгээ чанартай байх ёстой

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын гишүүдийн боловсруулсан  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Хуулийн төслийн танилцуулгад, УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019 оны зургадугаар сарын 1-ээс дагаж мөрдөнө. Хуулийн дээрх өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаас гадна шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна.Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөнө.

Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх, тэдэнд төрийн албанд орох боломж бүрдүүлэх болон каръерийн шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна.

Иймд Боловсролын тухай хуульд 2018.06.21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020.07.01-ний өдөр болгож хойшлуулах зохицуулалтыг төсөлд тусгаснаа дурдсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Тус хуулийг санаачилсан гишүүдэд талархаж байна. Боловсролын салбарын үйлчилгээ хүүхдэд хүрдэг  нээлттэй салбар. Тиймээс энэ салбарын үйлчилгээ чанартай байх ёстой. Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын мэдлэг боловсрол , ажил амьдрал зэрэг өдөр тутмын бүхий л амьдралд чухал холбоотой асуудал учраас мэргэжлийн хүмүүс энэ салбарт томилогдож  ажиллах нь  салбарын өдөр тутмын үйл ажиллагаа чанартай байхад шууд холбоотой. Тиймээс энэ хуулийн төсөл батлагдснаар төсөв дээр нэмэлт зардал гарах ямар ч шаардлагагүй болно. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс нь ажлаа хийгээд орон тоо нэмэгдэхгүй. Санхүүгийн эх үүсвэр шаардагдахгүй тул  яамны зүгээс бүрэн дүүрэн бодлогын түвшинд дэмжиж байгаа.

БХБ-ын сайд Х.Баделхан хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан юм. Тэрбээр “Орон нутгийн боловсролын салбар бол маш том салбар. Миний хувьд  орон нутагт ажиллаж байсан гэдэг утгаараа үүнийг сайн мэднэ. Орон нутгийн төсвийн  50 хувийг боловсролын салбарт, 25 хувийг эрүүл мэндийн салбарт  эзэлдэг. Энэ чухал салбарын удирдлагыг мэргэжлийн хүнээр  улс төрөөс хамраалгүйгээр томилон ажиллуулана гэдэг нь зөв. Гэхдээ сонгууль бүрийн дараа хууль нь өөрчлөгдөж тухайн томилгоо нь ч өөрчлөгдөж улс төрийн томилгоо явагдаж байсан. 2000 оны  үед аймгийн Засаг дарга нар нь томилдог байсан. Ингэхдээ яамнаас нь санал авч мэргэжлийн хүн томилж байсан. 2000 оноос хойш уг хуульд хэдэн удаа   өөрчлөлт оруулж, ямар ямар журмаар хэрхэн томилгоо хийгдсэн бэ. Энэ талаар хийсэн нарийн судалгаа байна уу. Сая хүртэл хуулиа өөрсдөө баталчихаад өнөөдөр дахиад л өөрчлөөд сууж байна” гэлээ.

Үүнд  БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хариулт өгөхдөө “Боловсролын тухай хуульд  өнгөрсөн хугацаанд нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Яамны зүгээс Боловсролын тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг бэлтгээд тун удахгүй УИХ-д өргөн барина. Томилгоотой холбоотой заалтад хоёр удаа өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд сая арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулж аймаг, нийслэлийн Засаг дарга боловсролын байгууллагын захирлыг томилдог байсныг сум дүүрэг рүү болгож өөрчилсөн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг хуулийн төсөлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Боловсролын тухай хуульд бусад хуулиудыг дагалдах байдлаар байнга өөрчлөлт оруулсаар эрэмдэг зэрэмдэг хууль болчихсон гэдгийг салбарын эрдэмтэн, мэргэд, багш  нар нь уулзах болгонд хэлдэг. МАН-ын 65 гишүүн Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  дорвитой, урт  хугацаанд, тогтвортой хэрэгжих хууль гаргаасай гэсэн хүсэлтийг бүгд тавьж байсан. Боловсролын тухай хуулираа тоглоод байдаггүй.  Хууль нь тогтвортой урт настай чадамж сайтай байдгийг бид хүний нөөцийн бодлогоор нь гаднын улсуудын жишээнээс харж болно. Энэ талаар салбар нь ч гэсэн бодлогын  дорвитой өөрчлөлт хиймээр байна” гэлээ.

Үүгээр тус хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь дэмжснээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж