Томуугийн эсрэг вакцин дуусч байна | News.MN

Томуугийн эсрэг вакцин дуусч байна

Томуугийн эсрэг вакцин дуусч байна

Томуугийн эсрэг вакцин дуусч байна

Дархлаажуулалтын вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төв 114 тоотод цаг авах шаардлагагүйгээр хийж байгаа аж. Өглөөгүүр ачаалал бага  байсан ч өдөр цайны цагаар буюу 12.00-12.50 цагийн хооронд вакцин хийлгүүлэхээр ирж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Тус эмнэлэг ажлын өдрүүдэд  өглөөний 08.30 цагаас 15.00 цаг хүртэл томууны эсрэг вакцин хийж байгаа аж.  Хүүхэд 8000 төгрөг, том хүн 16.000 төгрөгөөр хийлгэх боломжтой. Эмчийн өрөөний үүдэнд цэцэрлэгийн насны хүүхдээ дагуулсан эцэг эх дугаарлана. Хүйтний улиралд ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд вакцин үр дүнтэй гэдгийг иргэд онцолж, энэ үйлчилгээг авахаар тус эмнэлгийг зорин ирэх хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг эмч хэллээ.

Сүхбаатар дүүргийн XI хорооны оршин суугч Ч.Болорцэцэг “Миний том охин бие муутай. Маш хурдан ханиад хүрч, хоолой нь идээлдэг. Өнгөрсөн жил охиноо вакцинд хамруулсан. Нэг ч удаа өвдөөгүй. Тийм болохоор үр дүнтэй санагдсан. Одоо бага хүүхдээ зургаан сар хүрэх үед нь вакцин хийлгэхээр ирээд байна. Эмнэлгийн ачаалал харьцангуй бага байх шиг санагдаж байна” гэлээ.

Мөн Баянгол дүүргийн оршин суугч Б.Алтанцэцэг “Хоёр дахь жилдээ хүүхдээ вакцинд хамруулахаар ирсэн. Ер нь жил бүр хүүхдүүдээ вакцинд хамруулъя гэж боддог. Ханиад хүрдэггүй, их үр дүнтэй юм билээ. Эмнэлгийн ачаалал саяхнаас л ихсэх шиг боллоо” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын ажил 80 гаруй хувьтай явж байна. Тус эмнэлгийн вакцинжуулалт хариуцсан сувилахуйн ахлах зэрэгтэй эмч М.Соёл-Эрдэнэ, Халдвартын тэргүүлэх зэргийн эмч, доктор Х.Энхцэцэг нар вакцинжуулалт дуусах шатандаа орсныг онцлоод,  “Вакцинжуулалт эхлэх үед ачаалал их байсан. Одоогоор эмнэлгийн ачаалал бага байна. Өдөрт 80-100 хүнийг хүлээн авч байгаа. Томуугийн вакцинжуулалт дуусаж байгаа үед ярилцлага өгвөл эмнэлгийн ачаалал ихэснэ. Учир нь вакцинжуулалтын ажил дууссаны дараа нь иргэд ирж, хоосон буцах тохиолдол бий. Ингэхлээр уур бухимдал үүсдэг. Манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс хямд үнээр томуугийн вакциныг хийж байгаа тул хүмүүс их ирдэг. Одоо бол бага насны хүүхдүүдэд хоёрдугаар тунгийн вакциныг хийж байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Бага насны хүүхдэд томуугийн вакцин тарих нь дархлаанд сөрөг нөлөөгүй гэдгийг эмч нар хэлэв. Сүүлийн үед томууны вакцины ач тусыг хүмүүс сайн ойлгодог болсон, тиймээс эрэлт хэрэгцээ ч их байгаа аж.

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.СУВДМАА:

“Бид улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг жил бүр зохион байгуулдаг. Засгийн газар болон олон улсын дэмжлэгтэйгээр Монголд  оруулж ирсэн вакцин жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ жил 125 мянган вакцин авсан. Үүний дийлэнх хувийг эрсдэлт бүлэг буюу бага насны хүүхэд, жирэмсэн эх, ажил үйлчилгээний шаардлагаар хийгддэг жагсаалтын дагуу мэргэжлийн хүмүүс болон амьсгалын замын архаг хууч өвчтэй үйлчлүүлэгчид, өндөр настнуудыг дархлаажуулсан. Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт нь сайн дурын хэлбэрээр явагддаг. Мөн жилд нэг удаа хийгдэж, өвчлөх давтамжийг багасгадаг. Гуравдугаарт, аливаа өвчлөлийн хүндрэлээс сэргийлдэг. Мөн эндэгдлийг бууруулах ач холбогдолтой учраас иргэдийн дархлаажуулалтад хамрагдах хандлага өөрчлөгдөж, ач холбогдлыг нь мэддэг болж байна. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын талаарх ойлголт, мэдлэг нь дээшилсэн. Эцэг эхчүүд өөрсдийгөө болон хүүхдээ дархлаажуулдаг болсон. Тодруулбал, вакциныг авчирснаас хойш сар хүрээгүй хугацаанд 80 гаруй хувьтай дуусах шатанд орсон байгаа юм. Сайн дурын вакцинжуулалтаар хийгдэж байгаа дархлаажуулалт нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн нэг давхарт өдөр бүр хийгдэж байна. Хэрэв та вакцин хийлгэхээр сонголтоо хийсэн бол эмчид үзүүлж ямар нэгэн эсрэг заалтгүй бол төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Эмнэлгийн ачаалал өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бага, намжмал байгаа юм. Хоёрдугаарт, амбулотарит суурилсан тандалт, эмнэлэгт суурилсан тандалт, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дунд томуу томуу төст өвчлөлийн тархалт ямар байгаа вэ гэдгийг бид танддаг. Энэ тандалтаар өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байгаа. Сүүлийн гурван жилийнхтэй ижил түвшинд байгаа юм. Ерөнхийдөө  манай эрүүл мэндийн салбар олон зохицуулалт хийж байгаа.   Бүх эрүүл мэндийн төвүүд 22.00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд  утсаар зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Тиймээс иргэд ханиад томууны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвлөгөө авах бүрэн боломжтой. Ингэснээр дур мэдэн эм хэрэглэхгүйгээр зөв эмчилгээ хийлгэж, өвчнөө хүндрүүлэхгүй байх түргэн эдгэрүүлэх, бусдад халдвар тараахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-04 103.26.193.188

ireh jil erthen zahialaad avchraarai vaktsinaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж