-Эхний удаа нэр усыг нь хэлэхээс татгалзсан ч ирэх сарын 17-ны наана нааштай хариу өгөхгүй бол тансаглалд дассан дарга нарыг цол гуншинтай дуудна гэдгээ сануулав-
Төрийн албанд түлшний зарцуулалт өндөртэй, том оврын автомашин унахыг багасгах, ялангуяа хот дотор жип унаж тансаглахаас татгалзах шийдвэрийг гүйцэтгэх засаглалын тэргүүн гаргаад удаагүй байгаа. Гэвч Засгийн газрын тэргүүний гаргасан шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байгааг холбогдох албаныхан хэлж байна. Төрийн албанд тэр дундаа хот дотор жип унаж, тансаглалд дадал болсон хурган дарга нар тав тухтай унаанаасаа салахгүйн тулд элдэв хэл үг гаргаж, тансаглалаас татгалзах нь бүү хэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Албаны хүмүүс эхний удаа нэр усыг нь хэлэхээс татгалзсан ч ирэх сарын 17-ны наана нааштай хариу өгөхгүй бол тансаглалд дассан дарга нарыг цол гуншинтай дуудна гэдгээ сануулав.
Өнөөдрийн байдплаар төрийн өмчит 757 байгууллага аж ахуйн нэгж бий.Тэдгээрт ашиглаж буй 5058 автомашины 812 нь том оврын, 159 нь дунд оврын жийп бөгөөд нэг машинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 2007 онд гаргасан Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа хэрэг юм. Эл тогтоолд хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс илүү хэмжээний шатахуун хэрэглэдэг суудлын тэрэг унахгүй байхаар заасан байдаг аж.
Улс орон бүхэлдээ хямарч, эгэл иргэдийн олонх нь хоногийн хоолоо багасгахад хүрээд байхад албан тушаалтнууд төсвийн хөрөнгөөр жип авч, бензин шатахуунд нь их хэмжээний үргүй зардал гаргаж байгаа тухай манай агентлаг олонтаа хөндөн бичиж байгаа билээ. Төрийн албанд өдөр тутам унаж буй автомашины хэрэглээний зардал шатахуун төдийгөөр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан тооцоог гаргасан байна. Мөн 222 автомашиныг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэж Үндэсний аудитийн газраас нийтэд зарласан.
Энэ мэт тансаглалыг болиулахын тулд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ТӨХ-ны дарга удирдлагуудад үүрэг өгсөн ч бэх нь ч хатаагүй шийдвэрийг үл тоосон дарга нар байсаар байна. Одоогийн байдлаар шатахуун их хэрэглэдэг автомашинуудыг хурааж эхлээд байгаа бөгөөд төрийн өмчит байгууллагын жипнүүдийг хураах, нэг газарт төвлөрүүлэх ажил багагүй эсэргүүцэлтэй тулгарч буй гэнэ. Ирэх сарын 17-ноос өмнө том, дунд оврын жипнүүдийг хурааж дуусгах үүрэгтэйгээ ТӨХ-ныхон учирлаж байна. Хураасан машиныг хувийн хэвшлийнхэнд худалдах уу, хэрхэн яаж төсвийн мөнгийг буцаан төвлөрүүлэх вэ гэсэн асуултын хариу хараахан гараагүй байгаа ажээ. Ямартай ч төрийн өмчит компаниудад ашиглаж буй том оврын жип машиныг ялган зааглаж, шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт унахад зориулж туулах чадвар сайтай цөөн тооны машин үлдээхээр болжээ. Ингэвээс гэрээс ажил, ажлаас гэр хүргүүлэхийн тулд бандгар жийпээр гангардаг дарга нарын тансаглал хязгаарлагдаж, жил тутам унаагаа сайжруулах нэрээр улсын төсвөөс урсгадаг мөнгөний хэмжээ буурах нь дамжиггүй. Түүнтэй зэрэгцээд эрх ямба дагасан төрийн алба руу тэмүүлэх гаж үзэгдэл ч багасахыг үгүйсгэх аргагүй юм. Төрийн албаныхан, тэр дундаа төрийн өмчит компаниудын тансаглалыг бууруулснаар улсын сан хөмрөгийн үргүй зардал ч буурах дамжиггүй.
Д.ЦЭЭНЭ