Шинжээч нараас баталгаа гаргуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Шинжээч нараас баталгаа гаргуулжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  дөрвөн настай охины биед хүнд гэмтэл учруулж амь насанд нь хүрсэн хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байгаа. Шүүхийн шинжилгээний төвд хийсэн задлан шинжилгээний эхний  дүгнэлт гарсан байна. Чухам ямар дүгнэлт гарсан талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийсэн задлан   шинжилгээний эхний дүгнэлт гарсан гэсэн.  Талийгаач охиныг хүчирхийлсэн гэдэг нь дүгнэлтээр тогтоогдсон уу?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх сурвалжийг нь  тодруулаагүйгээр уг хэрэгт  сэжиглэгдэж шалгагдаж байгаа иргэн Ц-г цагдаагийн алба хаагч мэтээр  бичиж байгаад тайлбар өгмөөр байна. Сэжигтэн Ц бол  Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнд шинжээчээр ажилладаг хүн. Нэгдүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс гадны нөлөөтэй хүнд гэмтэлтэй хүүхэд ирлээ гэх дуудлагыг  цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ дагуу цагдаагийн байгууллага ажиллаад иргэн Ц-г хамтран амьдардаг эмэгтэй М-ийн хамт бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр  саатуулсан.  Ингээд эрүүгийн  хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн учраас  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Ц-г албанаас нь түдгэлзүүлэх  хүсэлт хүргүүлээд  байсан. Хохирогч 21-ний өдөр гэмтлээ даалгүй нас барсан. Тиймээс   саатуулаад байсан дээрх хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод байна.

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнд сэжигтэн өөрөө ажилладаг учраас дүгнэлт бодитой гарсан эсэхэд эргэлзэх хүмүүс байна?

-Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн шинжээчид энэ хэрэг дээр ажилласан. Өнөөдрийн байдлаар гарсан эхний дүгнэлтээ охиныг хүчирхийлсэн болох нь тогтоогдоогүй. Иргэдийн дунд сэжигтнийг  шинжээчээр ажиллаж байсан учраас хуурамч дүгнэлт гаргалаа гэх хардлага байж магадгүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хэрэг дээр ажиллаж байгаа шинжээч нараас  “Ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн дагуу үнэн зөв дүгнэлт гаргана. Хууль бус дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн  баталгаа гаргуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа  хэвийн, прокурорын хяналтад үргэлжилж байна.

-Охиныг үхэлд  хүргэсэн  шалтгаан нь юу гэж гарсан бэ?

-Үхэлд хүргэсэн  шалтгааны талаарх эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүгнэлт гарсны дараа  цаг тухайд нь мэдээлэл өгнө.

Талийгаач охины аав Ц охиноо ГССҮТ-ийн Яаралтай тусламжид  үзүүлэхдээ “Хэвтүүлэхгүй. Гомдолгүй” гэж гарын үсэг   зураад явсан  гэдэг. Тэрбээр томографид тархины зураг авхуулах 50 мянган төгрөг байхгүйгээс охиноо хэвтүүлэлгүй авч явсан гэх мэдээлэл байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж