“Сингапурын нислэгийг цуцлахаас аргагүй”

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

“Сингапурын нислэгийг цуцлахаас аргагүй”

МИАТ компани олон улсын долоон чиглэлд нислэг үйлдэж байгаагаас  хоёр чиглэлд нь алдагдалтай ажилладаг ажээ. Тиймээс Улаанбаатар-Сингапурын чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэрийг саяхан  Төрийн өмчийн хороо/ТӨХ/-ны дарга гаргасан байна. МИАТ компанийнхан өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Сингапур руу нисч эхэлсэн бөгөөд манай онгоц Улаанбаатараас Сингапур нисэхдээ Бээжингээс зорчигч нэмж авах, Сингапураас Улаанбаатарт ирэхдээ мөн Бээжинд зорчигч буулгах тавдугаар эрхийг давхар авсан юм. Энэхүү эрхийг хүссэн бүхэнд өгдөггүйгээс гадна холбогдох албаныхан  жил гаруйн турш хөөцөлдөж байж арайхийн олж авсан байна. Хэдийгээр Сингапурын нислэг алдагдалтай ч түүнтэй хамт олон улсын нислэгийн тавдугаар эрхийг цуцлах нь дэндүү харамсалтай хэрэг гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болов. Тиймээс бид  Төрийн өмчийн хороо/ТӨХ/-ны дарга Ц.Нанзаддоржоос Сингапурын нислэгийн талаар тодрууллаа.

-Сингапурын нислэгийг цуцлах шийдвэрийг  гаргах болсны учир юу вэ?

-МИАТ компани 2014 оны есдүгээр сараас эхлэн Сингапур улс руу нислэг хийж эхэлсэн. Өнгөрсөн таван сарын хугацаанд МИАТ зөвхөн Сингапурын нислэгээс гурван тэрбум 700 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Ийм хэмжээний алдагдагдлыг МИАТ компанийн санхүү даах чадваргүй гэдэг нь тодорхой тул Сингапурын нислэгийг цуцлахаас аргагүйд хүрсэн. Сард 500-700 сая төгрөгийн алдагдал гэдэг бол бага мөнгө биш.

-Сингапурын нислэгийг цуцалснаар олон сарын турш хөөцөлдөж олж авсан олон улсын нислэгийн тавдугаар эрх хамтдаа цуцлагдана гэдгийг та мэдэж байгаа юу?

-Мэдэж байгаа. Тэр эрхийг авахын төлөө хүмүүс хичээл зүтгэл гаргаж ажилласныг ч ойлгож байгаа. Гэвч манай улсын хувьд эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас алдагдалтай ажиллагааг үргэлжүүлэх боломжгүй.

-Яагаад заавал Сингапурын нислэгийг цуцалсан юм бэ. Өөр алдагдалтай чиглэлийг сонгож болоогүй юм уу?

-Одоогийн байдлаар МИАТ компанийн хувьд Сингапур, Германы нислэгээс алдагдал хүлээж байгаа. Германы нислэгийн хувьд өвөл нь алдагдалтай ч зун нь ашигтай гардаг. Нөгөөтэйгүүр Германы нислэг бол Монгол Улсын Европт гарах ганц гарц төдийгүй Европын жуулчдыг Монгол руу татах цонх нь юм. Олон жил ниссэн, тогтсон нислэг учраас цуцлах боломжгүй гэж үзсэн. Тиймээс Сингапурын нислэгийг цуцлахаас аргагүйд хүрсэн. Сингапурын нислэг зайлшгүй байх ёстой, олон улсын нислэгийн тавдугаар эрх илүү чухал гэж үзэж буй бол сар тутам учирч буй 500-700 сая төгрөгийн алдагдлыг хэн хариуцах вэ гэдгийг хэлээд өгөх хүн хэрэгтэй байна.

-Тэгэхээр ирэх сараас эхлэн МИАТ компани Сингапур руу нисэхгүй гэсэн үг үү?

-Тийм. Шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Аж ахуйн байгууллага ашигтай ажиллахын тулд байдгийн адил төрийн өмчит компани ч алдагдалгүй л ажиллах ёстой.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж