Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит ХХ хуралдааныг маргааш 10.00 цагт үргэлжлүүлж, хотын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол Ерөнхий сайд түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байна. Иймээс маргааш НИТХ-ын хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий сайд хотын дарга С.Батболдыг чөлөөлсөн бичиг ирүүлсэн байх шаардлагатай гэсэн тайлбарыг эх сурвалж хэллээ.
НИТХ-ын ээлжит бус хуралдаан арваннэгдүгээр сарын 27-нд болж, хотын дарга С.Батболдыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж эхлэхэд Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн юм. Завсарлагыг долоо хоногийн хугацаатай өгсөн. Гэвч хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан. Энэ үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайдын хотын даргыг огцруулах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй болжээ.
Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, хотын менежер Т.Гантөмөр нар өрсөлдөх болов уу гэсэн таамаг байна. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талын хүн томилогдоно гэдэг "бор шувуу" ч нисэж байгаа.
Онцолход, НИТХ-ын маргаашийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг хэлэлцэн, батлахаар болжээ. Хуульд зааснаар аймаг, нийслэлийн төсвийг харъяа ИТХ нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах ёстой.
НИТХ нь ирэх оны төсвөө өнөөдөр хэлэлцэн, батлахаар төлөвлөөд байсан ч бүлгүүд төсвийн хэлэлцүүлгийг нэг хоногоор хойшлуулж өгөх хүсэлт тавьсан тул маргааш болгожээ.
Г.ХОРОЛ