АТГ: Дундговь муу, Завхан сайн авчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

АТГ: Дундговь муу, Завхан сайн авчээ

Улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хууль, шүүх эрх мэдэл, бүртгэл хяналтын гээд бүх салбарт нүүрлэсэн  үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа том асуудад бол авлига.  Тэгвэл Авлигатай тэмцэх газар /АТГ/  Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын  нөхцөл байдал: Судалгаа шинжилгээ-анализ” практикийн бага хурлыг өнөөдөр /2018.12.04/ зохион байгууллаа.


Тус хурлаар сүүлийн арав гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх  судалгааны арга зүй, үр дүнг нэгтгэн хэлэлцсэн бөгөөд авлига нэмэгдэж байна уу эсвэл гэх асуулт тойрон ярилцсан юм.

АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРУУДАД ШУДАРГА БУС БАЙДАЛ НҮҮРЛЭЖЭЭ

 АТГ-ын  Судалгаа  шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр ингэж хэллээ. Судалгаагаар хамгийн их хүнд суртал, авлига төрийн дунд шатанд их байгааг онцолсон юм.

-Судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ?

– Шударга бус байдлын  үнэлгээний судалгааг энэ жил гурав дахь удаагаа хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн.  2018 оны судалгааны дүн өмнөх 2016 онд хийсэн судалгааны дүнгээс буурсан үзүүлэлтэй байна. Тухайлбал төрийн байгууллагуудын  шударга байдал алдагдсан гэж судалгаанд оролцогчид үзлээ. Мөн ёс зүй, удирдлагын манлайлал нь буурсан байна. Төрийн байгууллагын   шударга байдал буурна гэдэг нь авлига авч, өгөх асуудал нэмэгдсэн гэсэн үг. Авлигын асуудал ойрын  2-3 жилд  буурахгүй нь гэж судлаачид үзсэн. Энэхүү судалгаа нь яам агентлаг засаг дарга нарын  үйл ажиллагааг үнэлэхээс гадна төрийн ажиллагаанд тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгчхөж байгаа  юм.

-Тухайлбал төрийн ямар  шатны байгууллагад, аль салбарт авлига их байна?

-Судалгаанаас харахад хамгийн муу үзүүлэлтүүдийг аймгуудын Засаг даргын Тамгын газрууд эзэлж байна. Аймгуудын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа хүмүүс авлигатай тэмцэх хүсэлгүй байна. 2013 оноос  хойш аймгийн Засаг даргын  Тамгын газрууд өөрсдөө төсвийн хөрөнгөө  захиран зарцуулдаг болчихсон. АТГ-ын ажилтнууд хөдөө орон нутаг,  аймгуудад ажиллахад энэ байдал илэрхий харагдаж байна лээ. Төсөв мөнгийг үргүй зарцуулдаг. Тендер худалдан авалт дээр  булхай луйвар  хийдэг. Ийм хууль бус зүйл зөндөө гарч байна. 2015, 2016 онд хийсэн  шударга байдлын судалгааг  2018 оныхтой харьцуулахад үзүүлэлт нь жил ирэх тусам буурч байна.  Цөөн хэдэн  агентлаг, яам дээр үзүүлэлт нь өссөн байна.

-Төрийн байгууллагын  шударга байдал алдагдахад яг юу  нөлөөлж байна?

-Судалгаанаас харахад төрийн байгууллагуудад ил тод байдал муу байна. Хоёрдугаарт,  авлигатай тэмцэх удирдлагын хүсэл эрмэлзэл тааруухан байгааг  дотроо ажиллаж буй ажилчид нь өөрсдөө хэлж байна. Ил тод байдал муу гэдгийг  тухайн байгууллагаас үйлчилгээ авсан иргэд шүүмжилж байсан.

ШУДАРГА  БУС БАЙДЛЫН  ҮНЭЛГЭЭНИЙ ЭХЭНД ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗДТГ ОРЖЭЭ

2018 оны Шударга бус  байдлын  үнэлгээ судалгааг хийж гүйцэтгэсэн  "SICA" судалгааны газрын захирал Г.Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

-Судалгаанд онц авсан төрийн байгууллага байна уу. Хэн сайн мууг нь яаж үнэлдэг юм бэ?

-Судалгааны дүн дунджаар 68.7 хувьтай гарсан. Ерөнхийдөө 100 хувь руу дөхөх тусам төрийн байгууллагуудын үйл ажиллагаа сайн байна  гэсэн  үг л дээ. 2016 оны шударга байдлын үнэлгээ 69.8 хувьтай гарсан бол энэ жил 68.7 гэхчлэн жил ирэх тусам үнэлгээ нь доошлоод байна.  Үнэлгээг гурван зүйл дээр үндэслэдэг. Төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан алба хаагч, мөн  тухайн төрийн байгууллагатай холбоотой бодлого үйл ажиллагааг нь хянадаг шинжээч нарын хүрээнд  хийдэг. Дээрх гурван субъектийн үнэлгээгээр 68.7 хувьтай   гарсан гэсэн үг. Өнгөрсөн оны үзүүлэлтэй харьцуулахад Засгийн газрын агентлагийн шударга байдлын үнэлгээд ахиц гарсан бол аймгуудын Засаг даргын Тамгын газрын хувьд 2.9 функтаар буурсан үзүүлэлтэй байна.

-Шударга байдлын үнэлгээ нь жил ирэх тусам буурч байна гэлээ. Тэгвэл юунаас болоод шударга байдал алдагдаж байна?

-Шударга байдлын үнэлгээ нь 62 үзүүлэлтээр дүгнэгддэг. Бүх үзүүлэлтийг нэгтгэж үзэхэд   оролцогч талууд 2-3 зүйл дээр  муу дүн өгч  байна. Тухайлбал,  төрийн байгууллагуудын нээлттэй ил тод байдал болон  удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, авлигыг хянах механизм зэрэгт муу үнэлгээ өгсөн нь нийт үнэлгээг доош нь татсан.

-Судалгаагаар 80 хувиас дээш үнэлэгдсэн төрийн байгууллагууд бий юу? 

-Байгаа. 13 яам, Засгийн газрын харьяа 27 агентлаг, бүх аймгуудын Засаг даргын Тамгын газар нийт 62 байгууллагаас  Нийслэлийн соёл урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд 80 хувиас дээш үнэлэгдсэн. Харин яамдын шударга байдлын үнэлгээгээр хамгийн өндөр оноог Гадаад харилцааны яам авсан  бол хамгийн тааруу үнэлгээг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам авсан байна.

-Муу дүн авсан ямар аймгууд байна?

-Говь-Алтай, Орхон, Дунд-Говь аймгийн  Засаг даргын Тамгын газар   60 хувиас доош буюу тааруу үнэлэгдсэн  байна. Аймгууд бага үнэлэгдсэн нь  тухайн аймгийн үйл ажиллагаа иргэдэд хязгаарлагдмал байгаатай холбоотой  юм. Мөн  иргэд олон нийт  аймгуудынхаа удирдлагуудад таатай ханддаггүй нь ажиглагдсан.

-Төрийн байгууллагууд ил  тод болох ёстой гэж байна .Тэгвэл төрийн байгууллагаас ямар зүйл шаардагдаж байна вэ?

-Шилэн дансны тухай  хууль  хэрэгжээд олон жил боллоо. Үнэхээр сонгодог утгаараа хэрэгжиж байгаа эсэхийг хянах ёстой. Мөн төсөв болон худалдан авах үйл ажиллагаа нь нээлттэй эсэх зэргийг хянадаг байх хэрэгтэй. Шударга бус байдлын үнэлгээг дан  ганц иргэд  үнэлээгүй тухайн байгууллагат ажилладаг ажилчид оролцсон. Тэгэхээр тухайн байгууллагын  удирдаж байгаа удирдлагуудын хүчин чармайлт асар их чухал. Тэр хүмүүс илүү  шударга байх тал дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй.

УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДАХЬ АВЛИГЫГ ХАЗААРЛАЖ ЧАДАХГҮЙ

Хурлын  үеэр  “Монгол Улсад авлига өргөн тархсан гэдгийг сонссон иргэн төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа “Авлига өгөхгүй бол болохгүй” гэсэн бодолтой очдог бол  нөгөө талаас төрийн алба хаагч “Авлига нэгэнт өргөн тархсан юм чинь би нэг хэсэг нь байж яагаад болохгүй юм” ч гэдэг бодолтой болсныг онцолсон.  Түүнчлэн   авлигыг  улс төрийн  хууль гаргах түвшний болон  захиргааны жижиг гудамжны авлига гэж ангилан  авч үздэг аж.  Захиргааны түвшний авлигыг АТГ ямар нэгэн хэмжээгээр барьж чадаж байна.  Харин улс төрийн хүрээн дахь авлигыг хазаарлаж чадахгүй байна гэж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж