“Youtube” дэх өөрийн “Ryan Toysreview” гэх сувгаараа дамжуулан үзэгчдэд тоглоомуудынхаа тухай тайлбарладаг долоон настай хүү Youtube-ийн хамгийн өндөр ашиг орлоготой алдартнаар шалгарчээ.
“Форбес” сэтгүүлээс 2018 онд Youtube-ээр хамгийн их ашиг орлого олсон хүмүүсийн жагсаалтыг гаргасан бөгөөд долоон настай Райн хүү тус жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Жэк Паул гэх залуугаас 500 мянган ам.доллароор тэргүүлж, нэгдүгээрт бичигдсэн байна. Харин гуравдугаар байранд “Dude Perfect” гэх суваг тодорчээ.
Түүний хамгийн сүүлд буюу өнгөрсөн Ням гаригт /2018.12.02/ оруулсан бичлэгийг хоёр хоногийн дотор нэг сая гаруй хүн үзсэн байна. Бичлэгийг нь яагаад ийм олон хүн үзэж сонирхдогийг асуухад Райн хүү “Би их хөгжилтэй, бас бүтээлч сэтгэлгээтэй” хэмээн хариулжээ.
Анх 2015 оны гуравдугаар сард эцэг, эх нь Youtube суваг нээж өгснөөс хойш түүний оруулсан бичлэг нийт 26 тэрбумын хандалт авч, “Ryan Toysreview” сувгийг нь 17.3 сая хүн дагажээ. Түүнчлэн Райны бичлэгтээ тайлбарласан тоглоомууд нь дэлгүүрүүдээр тэр даруй зарагдаж дуусдаг байна. Мөн “Wallmart” сүлжээ дэлгүүр “Ryan’s world” нэртэй брэндийн хувцас, тоглоом худалдаанд гаргасан бөгөөд тэрбээр эцэг эхийнхээ хамт тус дэлгүүрт орж, өөрийн нэртэй брэндийн тоглоомоо хайж байгаа бичлэг нь гурван сарын дотор 14 сая хүнд хүрчээ.
Райн одоогоор бяцхан хүүхэд тул эцэг, эх нь түүний олж байгаа мөнгөний тодорхой хувийг банкны хадгаламжид хийж хадгалан, насанд хүрсэн үед нь өгөхөөр төлөвлөсөн байна. Хүү өөрийн Youtube сувагтаа тоглоомуудаасаа гадна заримдаа гэр бүлийнхнээ оруулдаг аж. Тухайлбал, түүний ихэр эгч нартайгаа хамтран хийсэн, “Бага насны хүүхдүүд гэртээ туршиж болох хамгийн шилдэг 10 шинжлэх ухааны туршилт” хэмээх бичлэг 26 сая хүнд хүрсэн байна.
“Форбес” сэтгүүлээс жил бүр гадгадаг тус жагсаалтыг 2017 онд “Minecraft” тоглоом тоглож буй бичлэгээ оруулдаг Даниель Миддлтон 16.5 сая ам.долларын ашгаараа тэргүүлж байсан бол энэ жил тэрбээр дөрөвдүгээр байр руу ухарчээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ