“Баяждаггүй” монгол нүүрсийг Баяннуурт угааж баяжих уу!

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

“Баяждаггүй” монгол нүүрсийг Баяннуурт угааж баяжих уу!

“Баяждаггүй” монгол нүүрсийг Баяннуурт угааж баяжих уу!

“Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг Баяннуурт угааж байна” гэсэн гарчигтай нийтлэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнөхөн “MMJ” сэтгүүлд нийтлэгдсэн нь анхаарал татсан. Шинэ мэдээ учраас биш, харин санамж бичгийн хэрэгжилтийг урьтаж нийтэлсний учир юунд байв гэдэг нь сонин байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д  хийсэн айлчлалынхаа төгсгөлд буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд Өвөрмонголын Баяннуур хотод ажиллаж, БНХАУ-ын Ганцмод боомт,  Монгол Улсын Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэрээ ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн нартай уулзаж  нэгэн санамж бичгийг байгуулсан байдаг. Санамж бичиг байгуулснаар “Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллах талаар тусгасан байна. Мөн Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулахаар болжээ. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг бодит ажлуудыг хийхээр болсон байна.

Тухайн үед Баяннуур хотын удирдлагууд “Ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улс хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байна” гэснийг Засгийн газрын ХМА болно хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байв.

Ерөнхий сайд шуурхай ажилласан. Дээрх уулзалтын ердөө маргааш нь буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр ажиллаж Баяннуур хотын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж тэдний хүсч буй 10 сая тонн нүүрсийг тэнд нь угаалгах ажлыг зохион байгуулахыг даалгасан байдаг.

Тэгвэл энэ удаад буюу дээрх нийтлэл “MMJ” сэтгүүлд нийтлэгдэхээс хэдхэн хоногийн өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд “ЭТТ” ХК нэгэн сонирхолтой сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Сонгон шалгаруулалтын нэр: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн холбоо, нийгэмлэгтэй хамтран ажиллах.

Удирдамж:

  1. Монгол Улс болон БНХАУ-ын хооронд 2014 онд тогтоосон "БНХАУ ба Монгол Улс хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулах тухай хамтарсан тунхаглал”-д тусгагдсан хоёр улсынгадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтдаа хөгжих зарчмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Гашуунсухайт-Ганцмод” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн холбоо, нийгэмлэгтэй "Эрдэнэс Таван толгой” ХК нь хамтран ажиллах;
  2. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг удирдамж болгон Баяннуур аймгийн холбоо, нийгэмлэгтэй хамтран ажиллах бөгөөд тус холбоо, нийгэмлэг нь өөрийн гишүүд аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн консорциумыг үүсгэн оролцох;
  3. "Эрдэнэс Таван толгой” ХК-тай хамтран ажиллах БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн холбоо, нийгэмлэг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Гашуунсухайт-Гандмод боомтын өдрийн нэвтрэх хүчин чадлыг 1200-1700 тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж Монгол улсын Тавантолгойн бүс нутгийн нүүрс экспортлогч уурхайнуудын экспортыг дэмжин ажиллах;
  4. "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт боловсруулж "ЭТТ брэнд”-ийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Шэньхуа группийн Өвөр Монгол дахь коксын үйлдвэр, Бугатын гангийн үйлдвэр болон БНХАУ-ын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүргэж эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг нийлүүлэх.
  5. "Эрдэнэс Таван толгой” ХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт төлөөлөгчийн газар байгуулах асуудал дээр хамтран ажиллах, санал боловсруулан танилцуулах.

Цаашилбал холбогдох шаардлагыг тавьж “материал хүлээн авах хугацаа 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны 17.30 цаг хүртэл” гэжээ.

Нэг ийм сонгон шалгаруулалт зургаа хоногийн дотор болоод өнгөрчээ. Ямар үр дүн гарч, хэн шалгарч, ямар ажил гүйцэтгэхээр болсон нь олон нийтэд ил байх ёстой.

Өнгөц харвал Тавантолгойн бүлэг ордоос олборлож байгаа нүүрс “Винсвэй” мэтийн зуучлагчаар дамжихгүй эцсийн бүтээгдэхүүн болох. Харин Монголын нүүрс угаах үйлдвэрүүдэд ямар боломж байв. Экспортын нүүрс экспортолдог гол гурван компани маань энэ чиглэлээр маш идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал “Энержи Ресурс” ХХК нүүрс угаах үйлдвэрээ 2011 онд нээж өнөөг хүртэл өргөтгөсөөр жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болсон. Ашиглалтад орсноосоо хойш 40 орчим сая тонн нүүрс баяжуулсан, зөвхөн баяжуулсан нүүрс л экспортод гаргадаг болсон.

“Өсөх зоос”, “МАК” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрүүд 2019 онд ашиглалтад орно. Эрчим хүчний дутагдлаас шалтгаалж хүчин чадлаа бууруулснаар жилд нэг сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэр босох гэж байгаа ч баяжуулалтдаа гүний ус ашиглалгүй үерийн үеэр хуримтлагдсан нэг сая метр куб орчим усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөж байгаа гэцгээдэг юм билээ.

Өнөөдрийг хүртэл Тавантолгойн нүүрсийг үнэ хүргэж зарах талаар төрөөс, тухайлбал УИХ, Засгийн газраас цөөнгүй тогтоол, шийдвэр гарсан байдаг. Гол асуудал нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.

Баяннуурт нүүрсээ угаалгах нь энэ шаардлагыг хангах уу. “Эрдэнэс Тавантолгой” бол Төрийн компани. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй, Ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээнэ, зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг.

Манай түүхий нүүрс хил давлаа бол Хятадын өмч. Баяннуурт нүүрсээ угаалгах нь ашигтай байж болох хэдий ч хууль зөрчсөн үү, татвар хураамжаа бүрэн авч чадаж байна уу гэдгийг холбогдох газрууд шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна.

Монголчууд нүүрсээ угаагаад зарж байвал сайн хэрэг ч, хэзээ, хаана, хэнээр угаалгах вэ, хууль зөрчиж байна уу гэдгээ л анхаарах хэрэгтэй. “Хэрвээ төмөр замаа тавьчихсан бол…” гээд санаа алдаад суугаад байх уу. Нүүрсний борлуулалтын үнээ л өсгөж байвал хэнтэй ч гэрээлж үндэсний компаниудаа үл тоох уу. УИХ-ын гишүүн Л.Энхболд эхлэн мэдээлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын дэлгэрүүлэн тайлбарлаж, холбогдох газраар шалгуулж байгаа гэх 268 сая тонн нүүрсний хулгайч хэн байсан бол. Үүнийг эргэн мэдээлэх цаг болсон. Одоо улстөржиж дууссан бол эдийн засгаа бодоцгооё, өндрөөр төсөвлөсөн экспортын орлогод тань үнэхээр их санаа зовинож байна, сайд нар аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж