Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-Хятадын хооронд гуравдугаар сараас хойш худалдааны дайн өрнөөд байгаа билээ. Талууд нэг нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулж, зөрчилдөөнтэй байдал улам ширүүсэж улмаар томоохон чуулга уулзалтуудын индэр дээрээс дайны байдал үүсэж магадгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Энэ нь дэлхий нийтийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байсан.
Худалдааны маргаан өрнөснөөс хойш уулзалдаагүй хоёр улсын удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн “Их 20”-ийн уулзалтын үеэр нэгэн тохиролцоонд хүрсэн юм. Тохиролцооны хүрээнд он гаргаад АНУ-ын зүгээс БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараанд 25 хувийн тариф тогтоох асуудлыг 90 хоногийн хугацаанд түр хойш тавьж буйгаа мэдэгдэв. Харин энэ хугацаанд хоёр тал ямар нэгэн зөвшилцөлд хүрэхгүй бол одоо 10 хувьтай байгаа тарифыг 25 хувь болгон өсгөнө гэв. Түүнчлэн БНХАУ цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүчний, их хэмжээний бүтээгдэхүүнийг биднээс худалдан авна гэж АНУ-ын тал мэдээлжээ. Ингэснээр АНУ-ын худалдааны алдагдал буурах юм. Харин БНХАУ-ын зүгээс “Талууд харилцан зах зээлээ нээхийг зөвшөөрлөө” хэмээн зарласан байна. Хоёр улс худалдааны дайны эхлэл болсон технологийн шилжилт, оюуны эрхийг хамгаалах, цахим хулгай зэрэг асуудлыг нэн даруй гэрээ хэлэлцээрийн замаар шийдэхээр санал нэгдэв. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний наймаанд тэгш бус харилцааг бууруулна гэжээ.
Уулзалтын дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид зарчмын зөвшилцөлд хүрснээр цаашид үүсэж болзошгүй маргаанаас сэргийлж чадлаа. Харилцан ашигтай хамтран ажиллах орон зай үүссэн” гэжээ.
Удирдагчдын харилцан зөвшилцлийн дараа шинэ долоо хоногийн эхэнд Азийн хөрөнгийн бирж сэргэж эхэлжээ. Хятадад Хонконгийн Хан Сен индекс 2,7 увиар өссөн бол Шанхай Композит индекс 2,9 хувиар, Японы Никкей 225 индекс 1,4 хувиар өссөн байдалтай байна. Талуудын харилцан зөвшилцөл дэлхийн эдийн засагт харьцангуй эерэг уур амьсгал авчирсан ч шинжээчид төдийлөн итгэлтэй бус байна. Учир нь их гүрнүүд бүрмөсөн санал нэгдээгүй, энэ бол түр зуурын гал зогсоох явдал, хэрэв ямар нэгэн үл ойлголцол дахин гарвал аль аль тал нь эрсдэлд хэзээд бэлэн хэмээн эдийн засгийн томоохон шинжээчид үзэж байна.
ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЦАГ ХУГАЦААГААР ЖАГСААВАЛ:
Гуравдугаар сарын 1. Дональд Трамп импортын бүх ган, хөнгөнцагаан материалд татвар оноох болсноо зарлахад Хятад улс үүнд нь багтаж байв
Гуравдугаар сарын 22. Трамп Хятадын $50 тэрбумын бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөг зарлав. Хятадын тал адил хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 3. АНУ-ын худалдааны төлөөлөгч татвар оноох Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулжээ. Ингэснээр үүнд хамаатай салбаруудаас санал авах 60 хоногийн хугацаа эхэлсэн юм.
Дөрөвдүгээр сарын 4. Хятадын засгийн газар хариу татвар оноох АНУ-ын $50 тэрбумын дүнтэй 100 гаруй нэр төрлийн барааны жагсаалтыг гаргажээ.
Тавдугаар сарын 19. Талууд уулзсаны дараа худалдааны дайнаас зайлсхийх тохиролцоонд хүрснээ зарлав.
Тавдугаар сарын 29. Цагаан ордон татвар оноох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болсноо зарласан нь хэлэлцээр үр дүнд хүрээгүйг харуулжээ.
Зургадугаар сарын 15. Трамп татвар оноох барааны жагсаалтыг сүүлийн байдлаар зарлав. Тэр долдугаар сарын 6-нд $34 тэрбумын бараанд 25 хувийн импортын татвар оноож эхлэх ба үлдсэн $16 тэрбумд дараа нь нэмж оноохоо мэдэгджээ. Хятад улс ижил дүнтэй хариу арга хэмжээ авав.
Зургадугаар сарын 18. Трамп дахин нэмж $200 тэрбумын бараанд 10 хувийн татвар онооно гэж Хятадыг сүрдүүлэв.
Долдугаар сарын 6. $34 тэрбумын бараанд татвар оноох эхний ээлжийн арга хэмжээ хэрэгжиж эхлэв. Хятадын хариу арга хэмжээ ч хэрэгжиж эхэлжээ.
Долдугаар сарын 10. АНУ-ын тал татвар оноох $200 тэрбумын барааны жагсаалтын эхний хувилбарыг танилцуулав.
Наймдугаар сарын 1. Вашингтон $200 тэрбумын барааны импортын татварыг 10 биш, 25 хувь болгож өсгөхөө зарлалаа.
Наймдугаар сарын 3. Хятадын засгийн газар хариуд нь $60 тэрбумын Америк бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөгөө зарлав.
Наймдугаар сарын 7. Эхний ээлжийн $50 тэрбумаас үлдсэн $16 тэрбумын дүнтэй барааны импортын татварыг наймдугаар сарын 23-наас эхлэхээр болсныг зарлажээ.
Есдүгээр сарын 24. БНХАУ АНУ-аас орж ирдэг 60 тэрбум ам.долларын бараанд 5-10 хувийн татвар ногдуулж эхлэв. АНУ мөн нэгэн зэрэг 152 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн байна.